Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2023/00026

 

 

 

 

 

 

 

 

 

2023          6             02                                                        223/МА2023/00026

 

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Сүмбэр орд 603 дугаар байр, 16 тоотод оршин суух, Ц Б овогт Г-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг Заамар сумын 3 дугаар баг Хайлааст гэх газарт оршин суух, Б овогт Ч.Д ,

Хариуцагч Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлааст гэх газарт оршин суух, Б овогт М.Ц нарт холбогдох,

68,643,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч М.Ц-гийн өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Бийн гаргасан тайлбарын агуулга: “...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар нэхэмжлэгч Боос 68,643,000 төгрөгийг гаргуулж “Синчи-Ойл” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.Д нь 68,643,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг өөрийн өмчлөлийн 8140ТӨА маркийн тээврийн хэрэгслээр 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Синчи-Ойл” ХХК-аас нэхэмжлэгч Бийн нэр дээр падаан бичүүлэн авч, тээвэрлэн Төв аймгийн Заамарын уурхайд борлуулж төлбөр мөнгийг хувьдаа авсан.

Энэ талаар хариуцагч Ч.Д нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 00519 дугаар магадлалаар хариуцагч Ч.Дгийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Бийн нэр дээр падаан бичүүлж авсан 23,450 литр түлшний төлбөр 68,643,000 төгрөгийг нэхэмжлэгч надаас гаргуулж “Синчи-Ойл” ХХК-д олгохоор шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч Б төлж барагдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь түлшний төлбөрийг М.Цд аваачиж өгсөн, түлш зарсан төлбөрөөс би огт аваагүй гэж тухайн түлш тээвэрлэсэн үйл баримтыг Сүхбатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээс тэс өөрөөр тайлбар гаргаж байх тул хамтран хариуцагчаар М.Цг оролцуулж, хариуцагч нараас 68,643,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч М шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд Мгийн гаргасан тайлбарын агуулга: “..."Синчи-Ойл" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Бт холбогдох иргэний хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон бөгөөд энэ хэрэг асуудалд намайг ямар ч холбогдол хамааралгүй гэдгийг шүүх хурал дээр Б.Барамсай гэдэг хүн нотолж хэлсэн. Би М.Ц гэх хүний гуйлтаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 81-40 ТӨА дугаартай шатахуун тээвэрлэдэг цистерн машинаар 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг "Синчи-Ойл" ХХК-ийн агуулахаас ачиж, Заамар суманд аваачиж өгсөн.

М.Ц нь Б.Барамсай гэдэг хүнтэй утсаар ярьсан, намайг очоод түлш ачаад аваад ир гэсэн. Би энэ тээврлэлтийг хийсэн ба М.Ц, Б.Барамсай нар хоорондоо юу ярьж, юу гэж тохирсоныг мэдээгүй.

Харин шүүх хурал дээр "...Түлшийг жижиг уурхайнуудад аваачиж буулгаад борлуулж мөнгийг нь өөрөө авсан" гэж андуурч мэдүүлсэн байна. Би энэ тээвэрлэлтийг хийсний дараа тун ойрхон хугацаанд буюу 7-10 хоногийн дараа Дарханы “Гурил тэжээл" ХХК-аас мөн түлш тээвэрлэж Заамарт аваачиж, өөрөө зарж борлуулсан. Үүнтэй андуурсан байсан. Б.Барамсайгаас М.Цд өгч явуулсан түлшийг би тээвэрлэж хүргэж өгөх үүргийг л гүйцэтгэсэн. Харин ямар нэгэн түлшний үнэ гэж мөнгө төгрөг аваагүй, эхнэр М.Сайханцэцэг түлш тээвэрлэсэн ачилтын мөнгө гэж 1,200,000 төгрөгийг эгч М.Цгаас дансаар шилжүүлж авсан. Би ер нь цистерн машинтай байхдаа 3 удаа тээвэрлэлт хийсэн. Эхнийх нь Б.Барамсайгийн өгч явуулсан түлшийг М.Цд хүргэж өгсөн, 2 дахь нь хэд хоногийн дараа Дарханы "Гурил тэжээл” ХХК-аас 15 тонн түлш бэлэн мөнгөөр худалдаж аваад Заамарт аваачиж жижиг уурхайнуудад буулгаж борлуулаад мөнгөө өөрөө авсан, 3 дахь удаа мөн Дарханы "Гурил тэжээл" ХХК-ийн түлшийг ачиж тээвэрлэж яваад Баянчандмань сумын нутаг 52-ын даваа нэртэй газар онхолдож, осол гаргаад машин эвдэрч, ченжид зарагдсан. Би ч гэмтэл авч тээвэрлэлт хийхгүй болсон. Ийм учраас би иргэн Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

3.Хариуцагч М.Ц-гийн шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд М.Цгийн тайлбарын агуулга: “...Б, Б.Барамсай нар уурхай хамтран ажиллуулж байсан. Б.Барамсай надаас техник түрээслэдэг байсан бөгөөд уурхайг бичиг баримтын зөрчилтэйн улмаас ажиллуулаагүй 2 сар шахам болж, түрээсийн төлбөр, ажилтнуудын цалин хөлсний өр үүссэн. Ингээд Б.Барамсайтай ярилцаад 27,000,000 төгрөгийг техникийн түрээсэд авахаар тохирсон. Тэрээр төлбөрөө түлшээр хийе гэсэн учир зөвшөөрсөн.  Ингээд Ч.Дд ачуулж ирсэн түлшийг хүлээж авсан. Тээврийн төлбөрийг Ч.Дгийн эхнэрийн дансанд шилжүүлсэн. Ч.Дг яагаад өөрөө зарж борлуулсан гэж мэдүүлснийг мэдэхгүй. Хэд хэдэн удаагийн тээвэрлэлтээ андуурсан байх.

Б.Барамсайгийн өгсөн түлшийг зарж, өөрийн түрээсийн төлбөрийг гаргаж авсан. Мөн ажилтнуудын цалин хөлсийг өгсөн. Үлдсэн мөнгийг Барамсайгийн шилжүүлж өг гэсэн хүмүүст өгч төлбөр тооцоо дууссан. Б.Барамсай нь шүүх дээр шатахууны асуудал үүсэх үед олборлосон зүйлээ Бт 50 хувийг түрээсийн төлбөрт, 50 хувийг шатахууны төлбөрт тооцуулахаар өгч байсан боловч Б шатахууны төлбөрийг хийгээгүй байж байгаад өр төлбөрийг бөөгнүүлсэн байна гэж мэдүүлж байсан. Б.Барамсай, Б хоёрын хооронд ярьсан тохироог мэдэхгүй. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн шүүхээр маргааныг шийдвэрлэх үед Б.Барамсайгаас шаардаж авах боломжтой байсан. Түүнийг нас барсан учраас надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч М.Цгаас 22,981,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож, хариуцагч М.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 11,340,500 төгрөгийг, хариуцагч Дд холбогдох 34,321,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Цгаас 272,855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Боржигин овогт Ч Дгийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 68,643,000 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2022/03145 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч Бийн гаргасан давж заалдах гомдолд болон нэхэмжлэгч Б, өмгөөлөгч Ц.Батмэнд нарын гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00329 дугаар шүүхийн шийдвэр хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгчээс шүүхэд М, М.Ц нарт холбогдуулан 68.643.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад Мгээс 34.321.500 төгрөг, М.Цгаас 34.321.500 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч М.Цгаас 22.981.000 төгрөгийг гаргуулж, 11.340.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Дд холбогдох 34.321.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн ханган шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй, нотлох баримт үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэр дээр падаан бичүүлж “Синчи ойл” ХХК-аас 23.450 литр 45.962.000 төгрөгийн түлш авсан бөгөөд энэхүү түлшний үндсэн төлбөр алданги нийт 68.943.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02548 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд “Синчи ойл” ХХК-аас хүлээн аваагүй, хариуцагч нарын хүлээн авсан 23.450 литр түлшний төлбөр 45.962.000 төгрөг, алданги 22.981.000 төгрөг нийт 68.943.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу “Синчи ойл” ХХК-д төлж барагдуулсан болно.

2.Хариуцагч Мгийн хувьд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа мэдүүлэг өгөхдөө 23.450 литр түлшийг “Синчи ойл” ХХК-иас хүлээн авч Заамарын уурхайд ачаачин зарж борлуулсан орлогоо өөрөө авсан талаараа мэдүүлсэн байдаг.

Гэтэл Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал тайлбарыг өгч, тээврийн хөлсөнд 1.200.000 төгрөгийг авсан талаар хариу тайлбар бичдэг. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нарын хүлээн авсан түлшний төлбөр түүний алданги нийт 68.943.000 төгрөгийн бодит хохирол учирсан.

3.Нэхэмжлэгчээс хариуцагч нарыг танихгүй, тэдгээрт ямарваа нэгэн өр төлбөр байхгүй байхад яагаад тэдний авсан түлшний төлбөр алдангийг “Синчи ойл” ХХК-д төлж хохирох ёстой гэж энэхүү үйл баримтын талаар шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж Иргэний хуулийн зорилт болгон хуульчилсан байдаг.

Нэхэмжлэгчээс шүүхэд өөрт учирсан бодит хохирол төлбөрөө арилгуулхаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх үндэслэлгүйгээр Мд холбогдох 34.321.000 төгрөг, М.Цд холбогдох шаардлагаас 11.340.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00329 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

6.Хариуцагч М.Цгийн өмгөөлөгч Ш.Алтангадасын гаргасан давж заалдах гомдолд болон тайлбарын агуулга: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч Ш.Алтангадас миний бие нь Монгол Улсын иргэн Мөнхбаатар овогтой Ц түүний эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байх бөгөөд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00329 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч М.Цгийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Улмаар анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, хариуцагч М.Цгаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь бүхэлдээ хуульд нийцээгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хариуцагчаар Г.Д, М.Ц гэж тодорхойлсон хэдий ч ямар үндэслэлээр М.Цгаас 22.981.000 /хорин хоёр сая ёсөн зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулах гэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр бүхэлдээ хуульд нийцээгүй, илэрхий алдаатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч тус бүрээс тэнцүү хуваан гаргуулахаар тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлага ийм байж болохгүй, улмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн ямар үндэслэлээр гаргаж байгаа талаар тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тэнцүү хуваан гаргуулж шийдвэрлэж байгаа нь илт хууль бус юм. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох ёстой атал М.Ц, Г.Д нар ижил тэнцүү хариуцах ёстой гэх агуулгаар тойм байдлаар шийдэж болохгүй. Түүнчлэн Б М.Цгаас ямар үндэслэлээр мөнгө шаардаж байгаа нь тодорхойгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар нэхэмжлэгч Боос 68,643.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Синчи Ойл" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэр, магадлалаар шатахууныг хэн авсан талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч тус шатахуунтай холбоотойгоор дахин Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ Б гэх хүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй М.Цг хариуцагчаар тодорхойлсон байна. Угтаа бол Бтой холбоотой шатахууныг зарцуулсан эсэх, хүлээн авсан эсэх асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад нэхэмжлэгч энэ талаар дахин шүүхэд маргах эрхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу шатахууны төлбөрийг хэн төлөх, хэн зарцуулсан талаар хууль зүйн хүчинтэй шүүхийн шийдвэр, магадлал байгаа болно. Түүнчлэн тус хуулийг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Харин анхан шатны шүүх хууль ёсны биш шийдвэрийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодруулж, урьд өмнө нь дүгнэлт хийсэн асуудал мөн эсэх, хэнээс хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг анхаарсангүй. Иймд Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00329 дугаартай шийдвэр нь бүхэлдээ үндэслэл бүхий биш байх бөгөөд хэргийн бодит байдлыг тал бүрээс судлан шинжилж тогтоож чадаагүй. Үүгээрээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй.

Хоёр. Анхан шатны шүүхээс гарах шийдвэрийн шаардлагад илт нийцэхгүй байх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг илтэд зөрчсөн. Улмаар анхан шатны шүүхээс гарч буй шийдвэр нь дараах байдлаар хоорондоо зөрчилтэй, үндэслэл тус бүр бие биенээ үгүйсгэсэн, буруу дүгнэлтийг хийсэн. Үүнд: Шүүхийн шийдвэрийн 8 хуудас 9.2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. 9.2.2-т Тээвэрлэгдсэн түлш нь хэний өмчөөс хэний өмчлөлд шилжсэн тухай асуудал маргааны гол зүйл бөгөөд тус маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг үндэслэн "Синчи Ойл" ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23,450 литр түлшний үнийг алдангийн хамт Б.Б төлсөн гэж үзнэ. Үүнээс харахад энэхүү иргэний хэргийн гол маргаан нь өмчтэй холбоотой тээвэрлэгдсэн түлш хэнээс хэнд шилжсэн тухай асуудал гэж үзэхээр байна Гэтэл тус түлш нь "Синчи Ойл" ХХК-ийн өмчлөлийн түлш бөгөөд Бт шилжсэн талаар хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал ямар үндэслэлээр нотлох шаардлагагүй гэж үзээд М.Цгаас төлбөр гаргуулах гээд байгаа нь үндэслэл бүхий биш байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.2.1, 9.2.2-т зааснаас үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлын талаар анхан шатны шүүх дахин дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.3-т ...Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б, хариуцагч Г.Д нарын хооронд болон нэхэмжлэгч Б болон хариуцагч М.Ц нарын хооронд үүссэн ямар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг нотлоогүй, талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ хэлцлийг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэв” гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн атлаа хариуцагч М.Цгаас 22.981.000 /хорин хоёр сая есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж байгаа нь илэрхий зөрчилдөж байна.

Ингэхдээ анхан шатны шүүхээс ямар асуудлыг хэлэлцсэн эсэх нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхойлох боломжгүй байна. М.Цг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгаа эсэх, эсхүл шатахуун хэнээс хэний өмчлөлд шилжсэн асуудлыг шийдвэрлээд байгаа эсэх талаар ойлгомжгүй, буруу дүгнэлт өгсөн.

Гурав: Нэхэмжлэгч Б, М.Ц нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй байхад төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт байхгүй. Учир нь М.Ц нь Бийн өмнө ямар нэгэн хуулиар хүлээсэн үүрэг байхгүй.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаартай шийдвэрийн 3 дахь хуудас /хавтаст хэргийн хуудас 21/”...нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 128.713.200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч нь хүлээж аваагүй бөгөөд “Орхон Тамир Туул” ХХК-ийн захирал Б.Барамсай гэж хүн авсан. “...Иймд нэгдүгээрт “Синчи-Ойл” ХХК болон “Орхон Туул Тамир” ХХК-ийн захирал Барамсай нарын хооронд 128.713.200 төгрөгийг газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдсан харилцаанаас үүссэн хариуцлага өр төлбөрийг хариуцагч төлөхгүй...” гэх тайлбарыг нэхэмжлэгч Б нь шүүхэд гаргаж байсан байна.

Үүнээс үзвэл Б, Б.Барамсай гэх хүн тус бүрийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх үндэслэлтэй байна. Харин М.Ц нь Бийн өмнө ямар ч үүрэг хүлээсэн этгээд биш юм. Ийм учраас хариуцах ёстой этгээд нь М.Ц биш юм. Хариуцагч М.Цгийн хувьд нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан. Ингэхдээ Б.Барамсай нь М.Цд төлөх ёстой төлбөртөө шатахууныг өгсөн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуудас 5-д маш тодорхой үйл баримтыг дүгнэчихсэн. Б.Б, Б.Барамсай нар нь хамтран ажиллаж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгч Б, хариуцагч М.Цгийн өмгөөлөгч Ш.Алтангадас нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрт тэнцүү хэмжээгээр оногдуулж шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнэлт өгч залруулах боломжтой гэж үзлээ.

 2.Нэхэмжлэгч Б нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .....2548 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалд заасны дагуу “Синчи-Ойл” ХХК-аас хариуцагч Ч.Д, М.Ц нарын авсан 23.450 литр түлшний үнэ 45.962.000 төгрөгийг алданги 22.981.000 төгрөгийн хамт төлж барагдуулсан. Харин хариуцагч Ч.Д, М.Ц нар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 23.450 литр түлшийг захиран зарцуулсан тул хохиролд 68.643.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ч.Д нь хариуцагч М.Цгийн гуйлтаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 81-40 ТӨА дугаартай шатахуун тээвэрлэдэг цистерн машинаар 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг "Синчи-Ойл" ХХК-ийн агуулахаас ачиж, Заамар суманд аваачиж өгсөн. Тээврийн хөлсөнд 1.200.000 төгрөг авсан, өөртөө авсан зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Б, талийгаач Б.Барамсай нар хамтран уурхай ажиллуулахдаа надаас техник түрээсэлдэг байсан. Б.Барамсай түрээсийн төлбөрт түлш тооцож өгөхөөр тохирсон. "Синчи-Ойл" ХХК-ийн агуулахаас 23,450 литр түлшийг хариуцагч Ч.Дгээр тээвэрлүүлж Заамар суманд авчруулсан. Тээврийн хөлсөнд 1.200.000 төгрөг төлсөн. Би 27.000.000 төгрөгийг түрээст тооцож авсан. Мөн Б.Барамсай зарж борлуулсан түлшний мөнгөөр ажилчдын цалин тавьж, бусдад төлөх төлбөрөө төлүүлсэн. Би түлшний мөнгийг өөртөө аваагүй. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцсэн.

Харин хариуцагч Ч.Д хариуцагч М.Цгийн гуйлтаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 45,962,000 төгрөгийн үнэ бүхий 23,450 литр түлшийг "Синчи-Ойл" ХХК-ийн агуулахаас авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

3.Хавтаст хэргийн 19-25, 26-32, 63-64 дэх хуудсанд авагдсан баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02548 дугаар шийдвэрээр хариуцагч Боос нийт 88,439,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Синчи-Ойл” ХХК-д олгож, үлдсэн 9,639,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 519 дугаар магадлалаар хариуцагч Боос түлшний төлбөрт 45.962.000 төгрөг, алданги 22.981.000 төгрөг нийт 68.943.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Синчи-Ойл” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 109,126,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон.

 Нэхэмжлэгч Б нь “Синчи-Ойл” ХХК-нд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 38,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 31,631,280 төгрөг нийт 68,643,000 төгрөг төлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4.-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заажээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр Б, “Синчи-Ойл” ХХК-ийн хооронд үүссэн 23,450 литр түлш худалдах худалдан авах гэрээний харилцааг шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч Б худалдаж авсан 23,450 литр түлшийг зөвшөөрөлгүй захиран зарцуулсан этгээдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрх нээлттэй гэж үзэв.

5. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг гэрээний бус хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа гэж хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Б нь “Синчи-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотой маргааны шийдвэрлэхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Дгийн “...68,643,000 төгрөгийн үнэ бүхий 23450 литр түлшийг өөрийн өмчлөлийн 81-40 ТӨА маркийн тээврийн хэрэгслээр 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Синчи Ойл ХХК-иас нэхэмжлэгч Бийн нэр дээр падаан бичүүлэн тээвэрлэж Төв аймгийн Заамарын уурхайд борлуулж төлбөр мөнгийг хувьдаа авсан...” гэх  бичгийн баримтыг үндэслэн хариуцагчаар татсан байгаа ч түүний үйлдлийн улмаас хохирол учраагүй болох нь хариуцагч М.Цгийн “...23,450 литр түлшийг "Синчи-Ойл" ХХК-ийн агуулахаас ачуулж, Заамар суманд авчруулсан. Тээврийн хөлсөнд 1,200,000 төгрөг төлсөн...хариуцагч Ч.Д түлшийг аваагүй...” гэсэн тайлбар, М.Сайханцэцэгийн ХААН банкан дахь 5752042029 тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1,200,000 төгрөгийн орлого орсон депотиз дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдон тогтоогдсон.

Харин хариуцагч М.Ц нь “...нэхэмжлэгч Б, талийгаач Б.Барамсай нар уурхай хамтран ажиллуулахдаа надаас техник түрээсэлдэг байсан ба  хариуцагч Ч.Д 23,450 литр түлшийг "Синчи-Ойл" ХХК-ийн агуулахаас ачиж, Заамар суманд авчирч өгсөн. Тээврийн хөлсөнд 1,200,000 төгрөг төлсөн. Би 27,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож авсан. Мөн Б.Барамсай зарж борлуулсан түлшний мөнгөөр ажилчдын цалин тавьж, бусдад төлөх төлбөрөө төлүүлсэн...” гэх татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар няцааж мэтгэлцээгүй байгаа тул хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцжээ.

6.Нэхэмжлэгч Бийн худалдаж авсан 23,450 литр түлшийг зөвшөөрөлгүй, хууль бусаар захиран зарцуулсны улмаас эд хөрөнгө биет байдлаар байхгүй болж, өмчлөх эрх дуусгавар болсон байхаас гадна уг үйлдлийн улмаас хөрөнгө нь багассан үйл баримт нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон.

Хариуцагч М.Ц нь бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсны улмаас учирсан хохирол болох эд хөрөнгө/23,450 түлш/-ийн үнэ 45,962,000 төгрөг, бусдад төлсөн төлбөрийн хэмжээгээр багассан мөнгөн хөрөнгө 22,981,000 төгрөг, нийт 68,643,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Бт нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-т “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хүлээж байна.

Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШЗ2022/03853 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Бийн хүсэлтийг хангаж, М.Цг хамтран хариуцагчаар татсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч М.Цгаас 22,981,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож, хариуцагч М.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 11,340,500 төгрөгийг, хариуцагч Ч.Дд холбогдох 34,321,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болсон болно.

Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Цгаас хохирол 68,643,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бод олгож, хариуцагч Ч.Дд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадасийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхив.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч М.Цгаас улсын тэмдэгтийн хураамж 501,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бод олгов.

7.Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгч Бийн 229,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч М.Цгийн 272,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2023/00329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч М.Цгаас 22,981,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож, хариуцагч М.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 11,340,500 төгрөгийг, хариуцагч Дд холбогдох 34,321,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Цгаас 68.643.000 /жаран найман сая зургаан зуун дөчин гурван мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бод олгож, хариуцагч Ч.Дд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

3 дахь заалын “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Цгаас 272,855 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч М.Цгаас 501.165 /таван зуун нэг мянга нэг зуун жаран таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бт олгосугай...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадасийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Бийн 229,000/хоёр зуун хорин есөн мянган/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч М.Цгийн 272855 /хоёр зуун далан хоёр мянга найман зуун тавин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                         ШҮҮГЧИД                                                      З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                        М.МӨНХДАВАА