Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0386/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000000480 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, Б.З

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Зг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сатурн” баарны гадаа Б.Б-гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-гын “...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз Балдоржийн хамт Сатурн баар руу 23 цаг өнгөрч байхад орсон. Бааранд манай авга ахын найз болох Заяа ахтай таарсан, ...гараад урд явж байснаа эргэж хараад миний нүүр рүү нэг удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4/,

Гэрч Г.Анужингийн “...баарнаас гарч байхдаа Б-г манай нөхрийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Дахиад цохих гэсэн юм уу мөргөх гэсэн ч юм уу толгойгоо урагшаа манай нөхөр рүү ойртуулсан. Тэгтэл манай манай нөхөр гараараа нүүр хэсэг рүү нь цохичихсон юм”  гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Гэрч Л.Батсайханы “...Сатурн баар руу явж байсан чинь 2  хүн маргалдаад зууралдаад баарнаас гарч ирж байхаар нь харсан чинь Заяа нэг залуутай маргалдаад барьцалдчихсан байсан. Би очоод тэр хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 1092 дугаартай “...Б.Б-гын биед хамар ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, хугарал зассаны дараах байдал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл” гэх дүгнэлт /хх-ийн 11/,

Шүүгдэгч Б.Згийн “...Б-г “чи тэгээд яах юм бэ” гэсэн, тэгээд бид 2 маргалдсан. Б-г гараараа миний эрүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд мөргөх гэхээр нь гараараа Б-гын нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 5/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Б.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Б-г нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ялыг оногдуулав.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.З-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Зд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД