Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0385/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Н.А,

Шүүгдэгч Ж.Н, Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Н Т.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818006580425 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютөрийн программист инженер мэргэжилтэй, “Бит могул блок чейн" ХХК-ийн захирал ажилтай, Т.Т

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ зохион бүтээгч мэргэжилтэй, Ж.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.Н, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т, Ж.Н нар нь 37-23 УБС улсын дугаартай “Тоёота сай” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрээс “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн жагсаалтад заасан “делта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан болох нь:

Шүүгдэгч Т.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нямжав тухайн үед Дарханд татдаг өвс ургадаг гэж би хүнээс сонсож байсан. Энэ өвс тэр өвс байж магадгүй гэж хэлж байсан. Бид хоёр тэр өвсийг мөн биш гэдгийг мэдэх гээд аваад үнэрлэхэд хурц үнэртэй байсан. Сонирхоод цаасанд ороож татаж үзэх гэхэд асахгүй байхаар нь Нямжав компьютерийн цүнхэндээ байсан зөөврийн компьютерийн камер хаадаг тугалган цаасыг гаргаж ирээд бид 2 тэр өвсийг шатааж сорох гэсэн боловч өвс  нойтон байсан учраас утаа гарахгүй, сорж болохгүй байсан, ...машины арын багажны хэсэгт хийгээд авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү, ахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна, гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...дээрх өвсийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би тэр өвсийг мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис гэдгийг мэдээгүй. Би тэр түүсэн өвсөө мөн биш гэдгийг мэдэх гээд татаж үзсэн юм. Харин дараа нь шинжилгээний дүгнэлтээр мансууруулах төрлийн ургамал болох нь тогтоогдсон.” гэх мэдүүлэг /хх-йн 121-122-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Эрдэнэжаргалын өгсөн: "...Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг зогсоож тээврийн хэрэгслийн багаажийн хэсгийг шалгахад багаажинд 8 уут ногоон өнгийн нойтон ургамал байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан Тамир гэх залуугаас “энэ юу юм бэ, ямар учиртай өвс юм бэ? гэж асуухад “энэ өвс бөөгийн зан үйлд ашигладаг ганга гэдэг ургамал байгаа юм гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/

Гэрч Д.Бүдхандын өгсөн: “...02 цагийн орчим 37-23 УБС улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь уг машиныг зогсоогоод ачаа тээшинд үзлэг хийхэд уг машины арын тээш хэсэгт 8 ширхэг цэнхэр өнгийн ууттай нойтон, ногоон өнгийн, хурц үнэртэй өвс байсан болохоор уг машиныг саатуулж тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнээр шалгуулахаар хүлээлгэн өгсөн. Т.Таас гадна Нямжав гэх залуу явж байсан. Тэр үед Т.Т нь дээрх машиныг жолоодож явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 8860 дугаартай “...Т.Т, Ж.Н нарын шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн“ гэх дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8861 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан 8 ширхэг цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлүүдэд Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. НҮБ-ын 1971 оны оны конвенцийн сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-80-р хуудас/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 8862 дугаартай “...37-23 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэлээр хурааж авсан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн өвс” гэж хаягласан цэнхэр гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 16 грамм байв. Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. НҮБ-ын 1971 оны оны конвенцийн сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх-ийн 85-87-р хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 8863 дугаартай “...37-23 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэгэллээр хурааж авсан цэнхэр өнгийн ууттай ногоон өнгийн өвс” гэж хаягласан цэнхэр гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 16 грамм байв. Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. НҮБ-ын 1971 оны оны конвенцийн сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /хх-ийн 92-93-р хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5, 7-8, 10- 12-р хуудас/,

 

Т.Т, Ж.Н нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Н, Т.Т нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23, 24-26-р хуудас/,

Шүүгдэгч Т.Т, Ж.Н нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-29, 30-31-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Н, Т.Т нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тогдоогдож байх ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нар анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ахин ийм төрлийн хэрэгт холбогдохгүй байж чадна гэж амлалт өгсөн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, төлбөргүй зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь мансууруулах бодисын агууламж бүхий ургамлыг түүхдээ  үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй ургамлыг зөөж тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлд зааснаар шүүгдэгч Т.Тын өмчлөлийн 37-23 УБС улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, AZK102022906 арлын дугаартай, “Тоёота сай” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан  хуйлсан 1 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт, цэнхэр өнгийн гялгар ууттай, 8 уут ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  Шүүгдэгч Ж.Н Т.Т нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Т, Ж.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Т.Тыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, Ж.Ныг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Т.Т, Ж.Н нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

  1. Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа шүүгдэгч Т.Тын өмчлөлийн 37-23 УБС улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, AZK102022906 арлын дугаартай, “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч улсын төсөвт шилжүүлж, хуйлсан 1 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт, цэнхэр өнгийн гялгар ууттай, 8 уут ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД