Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0383/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч М.А,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007920490 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагуй, хэрэг хариуцах чадвартай, О,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Л.Од “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Дархан Нэхий” ХК-ийн ажлын байранд оёдолчин М.Атай маргалдаж, барьж явсан гуталны түрүү хэсгээр зүүн мөр орчимд нь цохисны улмаас М.Агийн эрүүл мэндэд  эрт үеийн зулбааны завдалт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Агийн “...2018 оны 10 дугаар сарын 03-ны ...орой 17 цаг өнгөрч байхад утас дуусахаар нь солиод утасны голыг аваад хажуу талын ширээ рүү шидсэн чинь ойгоод цаашаа шалан дээр унасан, тэгтэл мастер О хэн тэр гол шидээд байгаа юм ав гэхээр нь шидээгүй, хажуу талын ширээн дээр тавьтал ойгоод уначихлаа гэж хэлсэн чинь харсаар байхад чи шидсэн босож ав гээд байхаар нь би авахгүй суугаад байтал гар ажиллагаанд тусладаг Цээгий миний хажууд авчирч тавьсан. Тэгтэл О миний ширээний хажууд ирээд нөгөө голыг аваад над руу шидтэл уг гол оёдлын машин дээр ойгоод уначихсан. О дахиж аваад над руу шидсэн чинь миний зүүн талын эгэм орчим оноод намайг сууж байхад өвөр дээр унахаар нь би голыг аваад хоосон гол хаясаны төлөө та яагаад хүн зодоод байгаа юм гээд газар луу шидсэн. Тэгэхэд О гартаа барьж байсан өрөөсөн гутлаараа миний зүүн мөр лүү 2 удаа цохисон" гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хэрэг явдал болсон шөнө бие өвдөөд маргааш өглөө нь эрт очоод эмнэлэгт үзүүлэхэд зулбалт явагдах гэж байна гээд эмчилгээ хийлгэсэн, 325,348  төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Цэрэнжаргалын өгсөн: “...нэг эргээд хартал О эгч барьж явсан гуталныхаа түрүүгээр ар дал хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.Нарангэрэлийн өгсөн: “...мастер О гуталны түрүүгээр ар нуруу, зүүн дал орчим нь нэг удаа цохисон тэгэхэд та яахаараа намайг зоддог юм гээд Алгирмаа орилоод хууль яриад байсан" гэсэн мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч А.Наранцэцэгийн өгсөн: “...М.Аг анх үзэхэд ямар нэгэн зовиур байхгуй хэвийн жирэмсэн байсан учир хяналтанд аваад нэгдсэн эмнэлэг рүү явуулсан юм. Яг жирэмсэний тонус буюу үзлэгээр илэрхий хүндрэл байгаагүй. ...Эрт үеийн зулбааны завдалт нь ...сэтгэл зүйн цочролоос...үүсэж болдог. Алгирмааг анх үзэхэд эрт үеийн зулбааны завдалт байхгүй байсан" гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1023 дугаартай “...М.Агийн биед эрт үеийн зулбааны завдалт, зүүн тохойд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шинжээч Э.Отгончимэгийн “...Эрт үеийн зулбааны завдалт гэдэг нь ургийн өндөг умайн хананаас ховхроогүй, умайн хүзүү богиноссон, нээлтгүй, умайн хэмжээ жирэмсэний хугацаатай тохирч хэвлийн доод хэсгээр базалж өвдөх шинж тэмдэгээр илэрдэг. Шалтгаан нь доргих, цохигдох, сэтгэл санааны хямралаас болж умайн булчин чангарсанаас эрт үеийн зулбааны завдалт илэрсэн байж болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар /хх-ийн 26-45 дугаар хуудас/,

Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 1097 дугаартай “...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн тал дээр маргахгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.О гэм буруугийн талаар маргаагүй боловч өөрийнх нь цохилтоос болж эрт үеийн зулбааны завдалт бүхий хөнгөн хохирол учирсан нь эргэлзээтэй байна гэжээ.

Хохирогч М.Агийн биед эрт үеийн зулбааны завдалт болсон нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Зулбааны завдалт нь доргих, цохигдох, сэтгэл санааны хямрал, эрүүл мэндийн байдал зэрэг олон шалтгаанаас үүдэх боломжтой боловч Л.Огийн үйлдлээс болж учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогч шүүгдэгч нарын хооронд маргаан болсон шөнөөс эхэлсэн, үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд Л.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хүний эрүүл мэндэд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 325,348 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Л.О уг нэхэмжлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Л.Огаас 325,348 төгрөг гаргуулж М.Ад олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Гэмт хэрэг гарахад удирдлагын зүгээс тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхдээ уг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Л.О нь 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба уг хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Огаас 325,348 /гурван зуун хорин таван мянган гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгосугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД