Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01003

 

 

 

2023          05            15                                            210/МА2023/01003

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/01164 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ын хариуцагч Н- газарт холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжаар Д.А-аас 107,602,380 төгрөг гаргуулж “Сидан” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу 2018 оноос эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн ба энэ хугацаанд Д.А- төлбөрөө тодорхой хэмжээгээр төлсөн. Гэвч Covid-19 цар тахлын улмаас төлбөрийг төлж чадаагүй. Н- газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1/37 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Д.А-д 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнө мэдэгдсэн. Н- газар нь анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дахь хэсэгт дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн. Хэрэв шийдвэр гүйцэтгэгч олон нийтэд дуудлага худалдаатай холбоотой мэдээ мэдээллийг хүргэх үүргээ биелүүлсэн бол Д.А-ын өмчлөлийн 66.86 м.кв орон сууц нь өндөр үнээр худалдагдах боломжтой байсан. Н- газар нь албадан дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хандан Өдрийн сонин болон өөрийн байгууллагын цахим веб хуудсанд байршуулдаг боловч тус байгууллагын алба ёсны веб хуудсанд хандалд хийхэд дуудлага худалдаа гэсэн хэсэг рүү орж үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 7, 12, 19-ний өдрийн дуудлага худалдааны зар мөн 02 сарын дуудлага худалдааны зар урьдчилан гарч байршуулсан байх ба 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны дуудлага худалдааны зар болон сонин сэтгүүлд зар өгсөн баримт байхгүй. Дуудлага худалдаанд оролцох сонирхолтой иргэд мэдээлэл байхгүйн улмаас тус дуудлага худалдаанд оролцоогүй. Энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан боловч гомдлын хариуг өгөхгүй хуульд заасан хугацаанд өгнө гэсэн хариуг өгсөөр байгаад 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүргэж Сovid-19 цар тахлын улмаас хатуу хол хорио 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тогтоосон. Гэвч хатуу хол хорионы өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.А-ын хаягаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/24 дугаар тогтоол болон мэдэгдлийг хүргүүлсэн. 2 дахь дуудлага худалдаатай холбоотой мэдээ мэдээлэл өгөөгүй атлаа хол хорионы үеэр шууданд хийж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн. Хатуу хөл хорионы үеэр Д.А- гэрээс гарах боломжгүй байсан. Д.А- нь өрх толгойлсон 2 хүүхэдтэй эх ба  хүү нь хөгжлийн бэрхшээлтэй учир байнгын асрамжид байдаг тул төлбөр төлөгч хүүхдээ асардаг. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр ороо, Москва хороолол, 133/1 байрны 47 тоот хаягт байрлах 66.68 м.кв орон сууцны анхны болон 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02943 дугаар захирамжаар Д.А-аас 107,602,380 төгрөг гаргуулж “Сидан” ХЗХ-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хорооллын 131/1 дүгээр байрны 47 тоот хаягт байршилтай 66.86 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Д.А-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 10, 16, 11 дүгээр сарын 21-ний өдрийн өдрүүдэд тус тус мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад Д.А- нь 133,720,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд “Сидан” ХЗХ-оос шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилоход дээрх орон сууцыг 111,389,100 төгрөгөөр үнэлсэн. Д.А- нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүх дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.А- дуудлага худалдааны үнэлгээг зөвшөөрөхгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гуравны нэгээс доошгүй үнээр өөрчлөгдсөн бол талуудын хүсэлтээр нотлох баримтыг үндэслэж дахин шинжээч томилж үнэлгээг тогтоох боломжтой боловч энэ эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолын дагуу зарлагдсан байсан анхны албадан дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Мөн үүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цаг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 цаг хүртэл бэлэн байдлын зэрэгт дахин шилжүүлсэнтэй холбогдуулан Д.А-тай холбогдож анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/37 дугаартай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-136/177 дугаартай мэдэгдлүүдийг тухайн үед биечлэн мэдэгдэх боломжгүй хөл хориотой байсан учраас баталгаат шуудангаар дуудлага худалдааны тогтоол мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.А-ын 86023030 дугаарын утсанд холбогдож дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоол хүлээж авсан эсэхийг тодруулахад “дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлүүдийг шуудангаар хүлээж авсан өмгөөлөгчтэйгөө холбогдож чадахгүй байна” гэх тайлбарыг өгсөн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт явуулахаар зарласан боловч Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул зарлагдсан байсан 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулсан тухай Үндэсний шуудан сонин болон Н- газар гэсэн нэртэй цахим хаягт 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Мэдэгдэл” гэсэн утгатай зар болон постыг тус тус оруулж олон нийтэд мэдээлсэн. Мөн 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-136/2255 дугаар мэдэгдэл болон тогтоолыг тухайн өдөр баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж хуульд заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч талын анхны болон 2 дахь дуудлага худалдааны талаар гаргасан  гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч тухайн өдрөө хариу өгсөн. Хариуг авсан боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй. Гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,66.3, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/1 дүгээр байр, 47 тоот хаягт байрлах төлбөр төлөгч Д.А-ын төлбөрт хураагдсан орон сууцны анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай Н- газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/37 тоот тогтоол, хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/24 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н- газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2 дахь хэсэг ойлгомжгүй байх бөгөөд дуудлага худалдаа явуулах тухай зарыг “Өнөөдөр” сонин, "Үндэсний шуудан” сонин болон тус байгууллагын цахим хаягт байршуулж нийтэд мэдээлсэн тухай нотлох баримтыг шүүхэд өгсөн. Н- газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж ажилладаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3, 5.4 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад энэ тухай дурдагдаагүй, энэ талаар маргаагүй тул хариуцагчаас уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөл хорио тавигдсан мэтээр гомдол гаргах эрхийг хангаагүй гэж үзсэн байна. Гэтэл Монгол Улсын засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн бөгөөд тус хугацаанд Н- газар нь иргэдийн гомдол, мэдээллийг цахим хаягаар болон шуудангаар хүлээн авч ажиллаж байсан. Төлбөр төлөгч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн битүүмжилсэн хөрөнгө чөлөөлөх тухай гомдлыг хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус тус гомдлын хариуг өгч ажилласан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэн хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасны дагуу зохион байгуулсан.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэхээр байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Н- газар Д.А-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах боломж олгоогүй. Н- газар Д.А-д 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулах талаар 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлснийг Д.А- 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдал шилжиж, хатуу хөл хорио тогтоосон. Д.А- 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч “:..хуульд заасан хугацаанд гомдлын хариу өгнө...” гэсэн боловч тус өдөр дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдаа зохион байгуулагдаж үл хөдлөх хөрөнгө зарагдсаны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчээс гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг авсан. Д.А- ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарган, гомдлын хариуг хүлээн авах 30 хоногийн хугацааг хүлээх хооронд дуудлага худалдааны ялагчид өмчлөгчийн нэр шилжүүлэн, албадан чөлөөлүүлэх ажиллагаа явагдах байсан. Иймд 30 хоногийг хүлээхгүйгээр нөхцөл байдлаа дурдан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Н- газрын цахим хуудсанд дуудлага худалдааны зарыг байршуулаагүй бөгөөд байгууллагын цахим хуудсанд тавигдсан мэдээллийн дагуу иргэд мэдээллээ авч, дуудлага худалдаанд оролцож байна. Мэдээлэл дутуу тархаж, үнийн санал ирээгүйн улмаас Д.А-ын үл хөдлөх хөрөнгө хоёр дахь дуудлага худалдаагаар 50 хувиар бууруулж зарагдан, зөрүү төлбөр төлөх хохиролтой нөхцөл байдал үүсэх байсан. Хариуцагч анхны албадан дуудлага худалдааны талаар цахим хуудаст байршуулаагүй. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

   1. Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Н- газарт холбогдуулан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй гомдол гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэ тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Мөн хуулийн 44.4.-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор” тус тус зохицуулсан.

   2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаад 2021-02-24-ний өдөр “...анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хойшлуулах, хүчингүй болгох боломжгүй...” гэсэн хариу мэдэгдэх хуудас өгсөн байна. (хх-ийн 26)

   Өмгөөлөгч Б.Түвшинтөгс Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр түүний гаргасан гомдолтой танилцаж хянаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн баримт хэрэгт авагджээ. (хх-ийн 30)

3. Анхан шатны шүүх “...шийдвэр гүйцэтгэлийн явуулсан ажиллагаа нь төлбөр төлөгч Д.А-д хуулиар олгогдсон гомдол гаргах боломж олгож, энэ эрхээр нь хангаагүй...” гэж дүгнэсэн нь ямар нотлох баримтад үндэслэгдсэн нь ойлгомжгүй болжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Бид ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гарган, гомдлын хариуг хүлээн авах 30 хоногийн хугацааг хүлээх хооронд дуудлага худалдааны ялагчид өмчлөгчийн нэр шилжүүлэн, албадан чөлөөлүүлэх ажиллагаа явагдах байсан. Иймд 30 хоногийг хүлээхгүйгээр нөхцөл байдлаа дурдан шүүхэд нэхэмжлэл гаргасан....” гэж тайлбарлаж байх боловч Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг шийдвэрлэж, тогтоол гаргасан эсэх, тогтоолыг зөвшөөрөөгүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх нь тус тус тодорхой бус байна.

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.13-ны өдрийн 184/ШЗ2022/15229 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан байх боловч уг нэхэмжлэлийг хэзээ гаргасан талаар захирамжийн удиртгал хэсэгт заагаагүй, өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2689 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн нь үндэслэлтэй эсэхийг буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн эсэхийг давж заалдах шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул уг асуудлыг тодруулахаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/01164 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

   2. Хариуцагч байгууллага нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БЯМБАСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                          Н.БАТЗОРИГ