Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0389/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818000000479 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн команд- инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-д шилжих шөнө Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Левел” буудалд үйлчлүүлж байхдаа тухайн буудалд мөн буудалласан байсан Х.Аийн өрөөнд гал асуух зорилгоор орж, улмаар Самсунг А-8 маркийн гар утсыг хулгайлж 950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.Аийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Тэмүүжинтэй уулзаад нэг газар сууж юм юм ярьж пиво ууж байгаад шөнө 02 цаг 30 минутын үед Тэмүүжин бид 2 "Левел” нэртэй зочид буудалд орж 30 номерын 2 ортой өрөөнд орж амарсан, ...би 03 цаг 30 минутын үед унтсан, намайг унтахад Тэмүүжин миний утсаар найз нөхөдтэйгөө утсаар ярьж байсан, ...өглөө 06 цаг 30 минутын үед сэрээд утсаа хайгаад олоогүй. Тэмүүжингээс асуусан чинь утсаар ярьж байгаад хажуудаа тавиад унтсан гэж хэлсэн. Би утас руугаа залгасан чинь эхлээд дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

                                                                                                                                              

Гэрч С.Тэмүүжингийн өгсөн: “...өглөө 07 цаг 30 минут болж байхад А намайг сэрээгээд миний гар утас хаана байна гэж надаас асуусан. Тэгээд босоод хартал Аийн гар утас дэрний дэргэд байсан алга болсон байсан, … Би унтахдаа хаалгаа цоожлоогүй байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/,

      

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

 

“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн “... Самсунг А8 маркийн гар утсын зах зээлийн үнэ 950,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Бгийн өгсөн: “...ширээн дээр нь хар өнгийн том андриод гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд буцаад өөрийнхөө өрөөнд орж амарсан. Тэр өдрөө буюу 2018.10.25-ны өдрийн 11 цагийн үед буудлаас гарч Улаанбаатар руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ц.Бг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Х.А нь мөрдөн байцаалтын шатанд алдагдсан гар утсыг хүлээлгж өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Ц.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Прокурор 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргаж шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2.5, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Бгээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, хураасан битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД