| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 183/2020/03506/И |
| Дугаар | 210/МА2023/01057 |
| Огноо | 2023-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2023/01057
ҮМ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00434 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ҮМ ХХК-ийн хариуцагч ЭН ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 134,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
ҮМ ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тэнүүн өлзий ХХК-тай 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу ЭН ХХК үнэт металл баяжуулах төхөөрөмж болох TU-120O скруббер нэг ширхэг, тэжээлийн бункерийн хамт ашиглалтад оруулах газар угсарч бэлтгэн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төхөөрөмжийг хүлээн авч 04 дүгээр сарын 23-ны өдөр ажиллуулахад чанарын шаардлага хангахгүй эвдрэл гарч зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь мэдэгдсэн. ҮМ ХХК эвдрэл гэмтлийн талаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ЭН ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч тус компани арга хэмжээ аваагүй. Тус скрубберийг суурилуулан ажиллуулахад тэжээлийн бункерийн шалны налуу бага байсныг налууг унагаж, дахин засварласан, скрубберийн тулах ролик торхондоо тулсан байдалтай байсныг доошлуулж шахаж зассан, усны танк нимгэн листээр хийгдсэн нь төхөөрөмжийг ажиллуулж эхлэх үед усны даралт дийлэхгүй байсныг дахин шинээр хийж тавьсан. 10 мм-ийн банкнаас шлюз руу хуваарилагдсан дм 80 мм хойлон холболтууд байхгүй байсныг хийсэн. Уналттай шлюзны холболтын нүх болон боолт дутуу байсныг нэмэлтээр нүхэлж боосон, скрубберийн торхны уналт талын хүрд зууван савлагаатай буюу 7 төрлийн эвдрэл гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлийг засварлаж өгөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний дагуу төлсөн 134,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
ҮМ ХХК скруббер 120 төхөөрөмжийг өөрсдийн загвараар хийлгэх хүсэлт гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ҮМ ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу төхөөрөмжийн ажлын зургийг өөрчлөн батлуулж, ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Манай компани тухайн үед ҮМ ХХК-ийн гаргасан ажлын зураг алдаатай, уг ажлын зургаар хийгдсэн тохиолдолд гол төхөөрөмж нь бусад эд ангидаа муугаар нөлөөлөх, урт хугацаанд ажлын бүтээмж бага байх талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч өөрсдийн гаргасан зургийн дагуу гүйцэтгэхийг шаардсан. ҮМ ХХК-д тоног төхөөрөмжийг 2020 оны 04 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд нэхэмжлэгч компаниас 3-4 хүн байсан ба үйл ажиллагаа хариуцсан инженер А.Алтанцэцэг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төхөөрөмж болохгүй байна, ирж засварлах талаар мэдэгдсэн. Манай компанийн ажилчид 2020 оны 05 дугаар сард тоног төхөөрөмжийг засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан. Гэтэл захиалагч талаас дахин гомдол гаргаж, төхөөрөмж болохгүй байна, буцааж ав, гэрээнээс татгалзах талаар мэдэгдсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний 5.10-т Гэрээт ажлыг хүлээн авснаар бараанд учрах аливаа эрсдэл захиалагч талд шилжих бөгөөд үүнээс хойш илэрсэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж, 1.5-т Гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хуулийн хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, төлбөр тооцоог дуусгаснаар, эсхүл гэрээнд заагдсан үндэслэлээр цуцалснаар дуусгавар болно гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дээрх гэрээний заалтын дагуу хүчин төгөлдөр болж, хэрэгжиж дуусгавар болсон тул гэрээнээс татгалзах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцаг ЭН ХХК-аас 80,640,000 (наян сая зургаан зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ҮМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53,760,000 (тавин гурван сая долоон зуун жаран мянган) төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 829,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭН ХХК-аас 561,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ҮМ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. ЭН ХХК доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нотлогдсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ямар үндэслэлээр хангасан нь тодорхойгүй. Нэхэмжлэгч хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн доголдолтой хэсгийг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар баримтгүй. Мөн гэрээнээс татгалзсан бол тоног төхөөрөмжийг хэрхэх талаар шийдвэрт тусгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Шинжээч тоног төхөөрөмжийг ачиж буулгах үед гэмтэл үүссэн, доголдолтой болохыг тогтоосон. Нэхэмжлэгч компаниас хариуцагч компанид албан бичиг хүргүүлж байсан. Хариуцагч эдгээр албан бичиг, мэдэгдэлд хариу өгч байгаагүй. Тоног төхөөрөмжийг засах боломжгүй гэх хариу өгсөн. Хариуцагч доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэдгээ нотолдоггүй. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хариуцагч доголдолтой тоног төхөөрөмж нийлүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагчийн шилжүүлсэн тоног төхөөрөмж ашиглалтын болон засварын гарын авлага байхгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа хайнга хандсан гэж дүгнэн ажлын хөлс 134,000,000 төгрөгөөс 80,640,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлцэхэд ЭН ХХК-аас шалгалтын тэмдэглэл үйлдэж хэвийн гэж, бусад тэмдэглэл хэсэгт скруббер TU-1200-г ачаалалгүй хоёр цаг ажиллуулахад ямар нэгэн чичиргээ, гэмтэл, саатал гараагүй, үйлдвэрлэлд ашиглаж болно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийг гаднаас нь харж, зургийн дагуу хийгдсэн эсэх, ажиллаж байгаа эсэхийг л шалгаж авсан бөгөөд уурхайн орчинд ажиллуулах үед доголдол илэрсэн. Шинжээчийн дүгнэлтэд ... ачаалалгүй ажиллах үед торх нь рамтай наалдах шахам эргэж авах үед өмнөх эвдрэл гэмтлийг дахин үүсгэхээр байна. Тэнхлэгээс илүү гарсан хэсэг эргэлдэх явцдаа хөтлөгчид хүрч, үүнээс үүдэлтэй гол гэмтэл үүссэн гэж, уг скрубберийн торх нь хэлбэрийн хувьд тэгш хэмтэй тойрог бус байгаа ба ачаалал аван ажиллаж эхлэх үед эргэх тэнхлэгийг давж эргэснээс хөдөлгүүрийн суурь ачаалалтаа даагаагүй бөгөөд зарим эд ангийн хувьд ачааллыг тооцоог зөв хийгээгүйгээс болж гэмтэл гарсан байна гэсэн байдаг. Тоног төхөөрөмжийг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр суурилуулан ажиллуулж үзэхэд доголдолтой ажиллах боломжгүй байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эвдрэл, гэмтлийн талаар и-мэйл, албан бичгүүдийг ЭН ХХК-д хандан явуулж эхэлсэн байдаг ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 40 хувийг хасаж тооцсон нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөн оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдол гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч компанийн тоног төхөөрөмжийн ажлын зургийг компьютерын программ хийж, зургийг н.Алтанцэцэг баталсан. Манай компани үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу хийж гүйцэтгэсэн. Төхөөрөмжийг ачаалалгүйгээр 2 цаг ажиллуулсан. Төхөөрөмж 3 хэсгээс бүрддэг. Энэ торх чинь эхэндээ бөөрөнхий байж байгаад зууван хэлбэртэй болсон гэж маргасан. Энэ төхөөрөмжийг угсрах явцад зууван болсон. Манай компаниас хүмүүс очиж үзсэн. Энэ төхөөрөмж чинь зууван болсноос араагаа эвдсэнийг солих боломжтой. Манай компани зууванг засварлах боломжтой талаар мэдэгдсэн. Энэ зууван үүссэн гэмтэл нь хүний гараар үүсэх боломжгүй, механик хүчин зүйлээс үүснэ. Энэ төхөөрөмжийг экскаватораар угсарсан. Манай компани гэмтлийг үүсгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1. Нэхэмжлэгч ҮМ ХХК нь хариуцагч ЭН ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний дагуу төлсөн 134,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр гэрчээр Д.Баярмагнайг асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. (хх-ийн 97, 105)
3. Хэргийн 137-139 дахь талд авагдсан дуу бичлэгт анхан шатны шүүх үзлэг хийж тэмдэглэл хөтлөхдөө ...аудио бичлэгийн тэмдэгтэй агуулгын хувьд таарч байна. Зарим үг, үсэг орхигдсон товч бичсэн гэх агуулгаар бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хоорондоо цахимаар харилцсан захидалд үзлэг хийж буй бол үзлэгийн тэмдэглэлд уг үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах учиртай. Энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан үндэслэлд хамаарч байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ЭН ХХК-ийн төлсөн 561,150 төгрөгийг, нэхэмжлэгч ҮМ ХХК-ийн төлсөн 426,750 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Н.БАТЗОРИГ