Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0128/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Б-, С.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-, С.Х-  нарт холбогдох эрүүгийн 1718001410200 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Б-, С.Х-  нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-, С.Х- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Nice зочид буудалд иргэн Т.О-н эзэмшлийн LG G6 загварын гар утсыг хүнтэй ярьчхаад өгье хэмээн хуурч аван 1 699 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-н өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 17-ний орой 21 цагийн үед урьд нь танидаг байсан Т.О- ахтай Төмөр замын буудал дээр таарсан. Т.О-  ах надаас "энэ хавьд ойрхон саун байдаг уу" гэх асуухаар нь "Энэ хавьд байдаггүй Шинэ Дарханд байдаг" гэж хэлсэн. Тэгсэн Т.О-  ах намайг хоёулаа цуг саунд орох уу гэж асуухаар нь тэгье гэж хэлсэн. Тэгээд Компорт зочид буудлын саунд очсон чинь хаалттай байсан. Тэгэхэд Т.О ах Хуучин Дархан орьё. Орой суудлаар Шарын гол явна. Тэр болтол буудалд байж байгаад явья. Ганц хоёр пиво уух уу гэхээр нь тэгье гээд Nice зочид буудалд орсон. Бид хоёр буудалд ороод 2  литрийн Нийслэл пиво 2 ширхийг авсан бөгөөд түүнийгээ ууж байгаад Т.О-  ах надаас унтчихмаар охин байна уу гэх асуухаар нь манай найз охин ирж байгаа гэж хэлсэн. Тэгж хэлэхээс өмнө найз охин С.О-г хүрээд ирээч гээд дуудчихсан байсан юм. С.О-с би өөрийнхөө пүүзийг авах ёстой байсан. Тэгээд удаагүй байж байтал С.О- ирсэн. С.О- бид хоёр хэсэг сууж пивоноос нь ганц хоёр аягыг уугаад Тосгон руу С.О-н гэрт очиж пүүзээ авахаар тэр буудлаас гарч явсан. Төмөр замын буудлын нүхэн гарцын тэнд очиж яваад би буцаж очиж Т.О-   ахаас таксины мөнгө авъя гэж бодоод буцаад буудал руу очсон. Би буудал руу явах замдаа С.О- энэ ахын гар утсыг аваад муръя. Маргааш ломбарданд тавиад мөнгөтэй больё гэж хэлэхэд С.О- дэмий юм бишүү гэхээр нь зүгээрээ гэж хэлсэн. Тэгээд би буудалд очоод Т.О-    ахаас утсаа өгчих ганц ярьчихаад өгье гэж хэлээд утсаар ярьж байгаа юм шиг болоод буудлаас гараад явсан.Тэгээд буудлаас гараад С.О- утас руу нь залгаж хурдан гараад ирээч гэж хэлээд С.О-г гарч ирэхээр нь бид хоёр Төмөр замын тийшээ гүйгээд Төмөр замын нүхэн гарцаар гараад Тосгон руу С.О-н гэрт очиж хоносон. Маргааш нь Шинэ захын гар утасны төв рүү С.О-г оруулаад 200 000 төгрөгөөр заруулсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод С.О-  бид хоёр тэр мөзвөшөөрөлгүйгээрнгөөр хувцас хунар аваад хоол унд идэж уугаад дууссан. Тэр өдөр би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу явах гэж байсан. Тэнд байдаг эгч дээрээ очих санаатай явж байгаад Т.О-   ахтай таарсан. Би Т.О-   ахыг урьд нь таньдаг байсан. Би 2015 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Гачуурт ХХК-нд адуучин хийдэг байсан. Тэгэхэд Т.О-   ах малын эмч хийдэг байсан. С.О-г Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 2016 онд ирэхэд нь танилцаж байсан. Тэрнээс хойш найзалж нөхөрлөдөг байсан. Дарханд ирэхээр нь С.О-той уулздаг байсан. Би буруу зүйл хийснээ ухамсарлаж байна. Т.О-ахын утасны хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.О-н өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 17-ний орой 21 цагийн үед Б.Б- над руу залгаад надаас пүүзээ авъя гэсэн. Тэр үед нь би сагс тоглож байсан. Тэгээд тоглож дуусаад 22 цаг өнгөрч байхад Б.Б-н гар утас руу залгасан чинь Б.Б- Nice зочид буудалд байна гэсэн. Би очоод залгахад Б.Б- гараад ирээд ийшээ хальт орчихоод гарья. Тэгээд танайх руу явья гэсэн. Би Б.Б- цуг тэр буудал руу орсон чинь буудлын нэг өрөөнд 60 гаран насны нэг өвөөтэй цуг Б.Б- байж байсан. Тэр өрөөнд ороод бид хоёр 5-10 минут сууж байгаад тэр өвгөнд Б.Б-намайг хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд бид хоёр гарсан. Б.Б- бид хоёр Тосгон руу явж байгаад Төмөр замын нүхэн гарцны тэнд хүрч явтал Б.Б- надад мөнгө хэрэг болоод байна хоёулаа тэр өвөөгийн гар утсыг нь авъя. Дөнгөж шинэ утас юм шиг байсан. Гар утас хайрцагтайгаа байна лээ гэсэн. Би Б.Б-д яах гээд байгаа юм бэ. Дэмий юм биш үү. Лай болох юм биш үү гэх хэлэхэд Б.Б- Зүгээрээ зүгээр гэсэн. Ядаж хоёулаа таксины мөнгө авъя. Яаж танайх руу алхах юм гэж хэлээд буудал руу буцаад очсон. Тэгээд өрөөнд ороод Б.Б- утсаар чинь ганц яриад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь өвөө утсаа Б.Б-д өгсөн. Б.Б- тэр өвөөгийн гар утсаар яриад гарах гэхэд нь хэрэггүй ээ гэж дохисон боловч Б.Б- тоохгүй тэр гар утсаар нь ярьж байгаад гараад явчихсан. Би тэр өвөөтэй х амт үлдээд хэсэг сууж байтал нэг танихгүй дугаараас миний гар утас руу залгахаар нь автал Б.Б- байнаа, гараад ир гэсэн. Тэгэхээр нь би тэр өвөөд бие засна гэж хэлээд гарсан. Тэгээд гараад иртэл Б.Б- байшингийн буланд намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид хоёр Төмөр замын нүхэн гарцаар гараад тосгон руу манайх руу явсан. Б.Б- бид хоёр манайд очиж хоночихоод маргааш өглөө нь тэр гар утсыг зарах гээд зах руу явсан. Шинэ захын гар утас зардаг газар руу орж утас зардаг ахад 200 000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр 14 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод тэр мөнгөөр хувцас аваад идэж уугаад дуусгасан. Буруу зүйл хийснээ ухамсарлаж байна. Би тэр өвөөгийн гар утсыг төлж хохиролгүй болгож өгнө гэх мэдүүлэг,  

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Хохирогч Т.О-  өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдөр 17:00 цагийн орчим Дарханд эмнэлэгт хэвтсэн магадлагаагаа авахаар ирсэн. Саран элит эмнэлэг дээр ирэхэд ажилчид нь явчихсан байсан. Тэгээд өглөө болохоор болсон. ...Дарханы Төмөр замын буудал дээр Б.Б- таараад хүрч ирж мэндэлсэн. Тэгээд би Б.Б- таньж бид хоёр хэсэг юм ярьж байгаад би үүрийн суудлаар явна суудлын цаг болтол аятайхан буудал байна уу гэж асуухад Б.Б- надад Nice гээд буудал зааж өгсөн. Тэгээд бид тэнд нэг өрөө авсан. Б.Б- бид хоёр дэлгүүрээс хоёр том савтай пиво аваад буудалд уусан. Тэгээд сууж байтал Б.Б- та надаа утсаа өгч байгаач би найз охинтойгоо яриад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад нэг хүнтэй яриад байсан. Тэгээд 30 минутын дараа Б.Б- гарч яваад найз охиноо дагуулж орж ирсэн. Тэгээд Б.Б- надад манай найз охинтой танилц, нэрийг нь С.Х- гэдэг миний жинхэнэ найз байгаа юм гэж хэлээд бид хэд танилцаад дэлгүүрээс авсан пиво хувааж уусан. Тэр хүүхэн тамхи татаж, пиво уугаад Б.Б- тэр хоёр юм яриад суугаад байсан. Тэгээд Б.Б- өрөөнөөс гарч явснаа эргэж орж ирээд ахаа утсаа өгч байгаач. Би нэг хүнтэй яриад өгье  гэж хэлээд миний утсаар буудлын өрөөнд нэг хүнтэй ярьж байгаа юм шиг ярьж байснаа өрөөнөөс гараад явчихсан. Би ороод ирэх юм болов уу гээд хүлээгээд байсан чинь Б.Б- орж ирээгүй. Тэгээд байж байтал С.Х- гэдэг охин ахаа нойлын цаас байна уу. Би нойл орчоод ирье гэх хэлсэн. Тэгэхээр нь би нойлын цаас өгсөн чинь гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгээд би буудлын ресепшинээс асуусан чинь нэг залуу, нэг хүүхэн хоёр ар араасаа гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би ресепшиний утсаар өөрийн гар утас руу залгасан чинь холбогдохгүй байсан. Би гомдолтой байна. Одоо болтол миний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Миний гар утас LG G6 загварын гар утас байсан бөгөөд Мобикомоос 1 695 000 төгрөгөөр 2018.8.14-ний өдөр зээлээр худалдаж авсан. Шинээр худалдаж аваад удаагүй болохоор сэв зурвас үлдээгүй байх ёстой гэх мэдүүлэг /хх 31-32, 92-93/,

            Гэрч Т.Д- өгсөн: Би Шинэ захын 76 дугаар лангуун дээр шинэ загварын гар утас зардаг. 2017.8.18-ны өглөө 10:00 цагийн орчим 20-22 орчим насны эмэгтэй LG G6 маркийн гар утас худалдаж авах уу гэж ирсэн. Би үзэж байгаад 200 000 төгрөг өгч гар утсыг худалдаж авсан. Тэр охин хэлэхдээ миний утас байгаа юмаа ямар ч асуудалгүй гэхээр нь утсыг нь нээгээд үзэхэд тэр охины зурагнууд утсан дотор нь байсан. Тэгэхээр нь би итгээд утсыг худалдаж авсан. Түүнээс хойш тэр гар утсыг нэг залууд 350 000 төгрөгөөр зарсан санагдаж байна. Одоогийн ханшаар 1 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа гэх мэдүүлэг /хх 41-42/,

            "Капитал зууч" ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 44-45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нараас хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б.Б-, С.С.Х- нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч Б.Б.Б-, С.С.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан "бусдын эд хөрөнгийг хуурч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 1 695 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Т.От олгох нь зүйтэй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Б.Б.Б-, С.С.Х- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б.Б- урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэн, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэргийн 74, 110-120-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б.Б- нь өмнөх гэмт хэргийн тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ний шөнө иргэн Т.Оын эзэмшлийн LG G6 загварын гар утсыг бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн хүнтэй ярьчхаад өгье хэмээн хуурч аван 1 699 000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэжээ.

 Шүүгдэгч Б.Б.Б-ын өмнөх ял шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан гэмт хэрэг нь гурван жил хүртэл  хугацаагаар хорих ялтай, шүүгдэгч Б.Б.Б- нь энэ гэмт хэрэгт 1 жил хорих ялаар шийтгэгдсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.7 дугаар зүйлийн 1-т заасан "авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч зугтаах" гэмт хэрэг хорих ялын төрөл байхгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж дээрх ялыг сэргээн эдлүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

 Гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч С.С.Х- нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжсан, шүүгдэгч Б.Б.Б- нь залилах гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн байх тул гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзнэ.

            Шүүгдэгч Б.Б.Б-, С.С.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б-д 1 жил хорих, шүүгдэгч С.С.Х-од 6 сар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.С.Х- нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн 4 нас 9 хоногтой хүүтэй болох нь хавтаст хэргийн 101-р хуудсанд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хүү Х.Ханхүүд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.9, 25.10, 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасны дагуу асран хамгаалалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Асран хамгаалалт тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.С.Х-ын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  С.Х-,  Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан "Бусдын эд хөрөнгийг хуурч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  С.С.Х-ыг 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.С.Х-од оногдуулсан 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгуулллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.С.Х-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулсан тооцсугай.  

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.С.Х-оос 849 500 /найман зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Б.Б.Б-аас 849 500 /найман зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөг тус тус  гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25-р хороо 36-б тоотод оршин суух хохирогч Т.О -т олгосугай.

           

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            7.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.9, 25.10, 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар шүүгдэгч С.С.Х-ын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн 4 нас 9 хоногтой хүү Х.Х-д асран хамгаалалт тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Х-од  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ