Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01059

 

 

ИЛ-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/01140 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ИЛ-ХХК-ийн хариуцагч Мөнхийн хөвч ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж талбай чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж ажлын хөлс 322,029,996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Б.Амарбат, Б.Гал-Арвин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ИЛ-ХХК Мөнхийн хөвч ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Neo Villa хотхоны амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээ 2 жилийн хугацаанд үргэлжилсэн. Мөнхийн хөвч ХХК нь гэрээний болон Иргэний хуулийн тодорхой заалтуудыг удаа дараа зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхгүй, гэрээнд санаатайгаар саад учруулж тодорхой үе шаттай гүйцэтгэх ажлаа хийгээгүй тул төсөл хэрэгжих боломжгүй болсон. Нэхэмжлэгч талаас мэдэгдлийг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцлахаар болсон. Гэрээг цуцлах шалтгаан нь барилга эскиз зураггүй, техникийн нөхцөлгүйгээр ажлыг эхлэх боломжгүй. Гэтэл Мөнхийн хөвч ХХК дур мэдэн манай газар дээр ашиглах боломжгүй ажил хийгээд орхисон. Барилгын зураггүй барилга барьсан тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй гарсан зардал үнэгүйдэх байдал үүссэн. Зураг төсөл гараагүй байхад барилгын ажил эхлүүлсэн. Иймд Мөнхийн хөвч ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01 дугаартай Neo Villa хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээг цуцалж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 02 дугаар гудамж, 2-3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 178110871 дугаар бүхий 3,974 м.кв газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ө.Төгөлдөр Жаргалант хотхоны хаус барих санал гаргаж улмаар гэрээ байгуулсан. Зураг төсөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх боломжгүй нь үнэн. Тухайн газарт 6,7 каркас байгаа. Гэрээнд каркасны ажлыг заасан. Гэрээнд нэхэмжлэгч тал барилгыг эхлүүлэх, түүнтэй холбоотой гаргах техникийн нөхцөлийг бүрдүүлэхээр заасан. Манай компани 08 дугаар сард ажлаа эхлээд гаднах шугам сүлжээнийхээ ажлыг өмнөх хаусын ажлыг дуусгаад хамгийн түрүүнд тайлагнасан. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Энхтүвшинтэй уулзаад эхний ээлжид гадна шугам сүлжээний ажлаа хийчихлээ. Одоо үндсэн ажлаа хийе, сууриа ухаад газрыг нь бэлдчихсэн, геологи, геодези гээд гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрөө өгчихсөн. Үүнийхээ санхүүжилтийг баталгаажуулах талаар ярилцаж санхүүгийн тайлан өгсөн. Уг төсөлд зориулаад 66,000,000 төгрөгөөр арматур, мужааны ажлын суурийг хийсэн. Арматур авах талаар М.Бямбасүрэнд хэлэхэд ... байж бай, Ө.Төгөлдөр нэг юм яриад байна гэсэн. Кран 400,000,000 төгрөгөөр явуулж байгаагаа хэлсэн. Манай компани ажил хийж байхад Ө.Төгөлдөр 5,000,000 төгрөгийн авлига нэхэхэд танай ахын төсөл дээр бид 100 хувийн санхүүжилтээ хийгээд гэрээний дагуу ажлаа хийж байгаа талаар хэлсэн. Оны өмнө 11 дүгээр сард барилгын ажил зогсоод он гараад дахин арматур 100 хувиар бүх зүйл, гэрээг нь бэлдээд худалдан авахаар нөгөө талд бэлэн болгосон байсан. Оны өмнө эд нар зураг хийгээд өгөхөөр буцаасан. Аргаа бараад Ө.Төгөлдөрт чи ахтайгаа ярилцаад зургийг батлаад өгчих гэхэд тухайн үед хаусын зураг 100 хувь дууссан. Спорт заал нь болохоор хашааны гадна нэмж газар авах гээд тухайн газар дээр нь байршуулж үзэх гэсээр байгаад зургийн ажлыг он гарсан. Оны дараа бүх зүйл болсон ажлаа эхлүүлье гээд 2022 оны 01 дүгээр сард уулзсан боловч дахиад хойшлуулсан. Зураг төслийг батлуулахаар очиход гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани барилгын ажилд нийт 322,029,996 төгрөг зарцуулсан тул уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна. Амины орон сууцны геодезын газрыг хэмжилт хийлгэхэд 2,500,000 төгрөгөөр улаан шугам тавиулсан. Өрөмдлөг хийлгэхэд 5,582,500 төгрөг, геологийн судалгаа, дүгнэлт, зураг төсөл, төсвийн төлбөрт 134,595,439 төгрөг, гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төлбөрт 178,152,057 төгрөг, бусад зардалд 1,200,000 төгрөг, нийт 322,029,996 төгрөг болсон тул гаргуулна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Мөнхийн хөвч ХХК-тай байгуулсан амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээний 3.3, 5.2-5.5-д заасныг хариуцагч ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй эрсдэлийг нэхэмжлэгч компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зураг төсөл хийлгэсэн гэх тайлбар үндэслэлгүй. Зураг төслийн компаниар юу хийлгэсэн нь тодорхойгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ИЛ-ХХК-ийн хариуцагч Мөнхийн хөвч ХХК-д холбогдуулан гаргасан гэрээ цуцлах, газар албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343.1-д зааснаар нэхэмжлэгч Силвер буллион менежмент ХХК-аас 210,029,996 төгрөгийг гаргуулж хариуцагч Мөнхийн хөвч ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 111,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,768,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,208,100 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх болон мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Хэргийн 70-75 дугаар талд авагдсан далд ажлын актад хавсрагдсан фото зургийн зарим нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хийгдсэн ажлын зураг биш өөр газар дээр хийгдсэн ажлын фото зургийг хавсаргасан. Анхан шатны шүүх тухайн ажлын зургийг шууд үнэн, зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 02 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч тал далд ажлын актад тусгагдсан 178,152,057 төгрөгийн ажлыг бодит хийсэн ажилтай тулгах барилгын шинжээч томилох, мөн далд ажлын актад хавсаргасан фото зургийг төслийн газар дээр авсан зураг биш хуурамч болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй. Хариуцагч тухайн газар дээр гэрээний хүрээнд зарцуулсан гэгдэх төсөв, хөрөнгийн хэмжээ нь үндэслэлгүй, зөвхөн өөрсдийнх нь тодорхойлсон дүнг шүүх анхаараагүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Хариуцагч барилгын ажлын зураг 134,595,439 төгрөг гэж тусгасан.

Гэвч Мөнхийн хөвч ХХК болон Рино Констракшн ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 1.3-т Барилгын ажлын зургийн нийт үнэ 63,270,000 төгрөг гэж заасан. Нотлох баримтууд зөрүүтэй байхад шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй. Мөн талуудын байгуулсан Neo Villa хотхоны төсөлд амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээний 2.9-д Б тал төслийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд А тал Б талын оруулсан хөрөнгө оруулалтыг баримтаар болон гэрээгээр нотлогдсон зардал дээр суурилж дээр дурдсан үнийг тогтооно гэж заасан. Хариуцагч талын гаргаж өгсөн үнийн дүн, өртөг нь зах зээлийн үнэтэй нийцэж байгаа эсэхийг анхан шатны шүүх хянаж үзээгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх агуулгатай хүсэлтийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бичгээр өгсөн хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн тайлбарт Энэхүү гэрээг шүүхэд өгсөнтэй холбоотой шүүхийн тэмдэгтийн хураамж 142,600 төгрөг, хууль зүйн туслалцааны гэрээний хөлс 5,000,000 төгрөгийг буруутай талаас гаргуулж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцээгүй буюу харгалзан үзээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Гэрчийн мэдүүлэг хууль бус, нотолгооны ач холбогдолгүй. Хариуцагч талаас гаргасан гэрч асуулгах хүсэлтийн дагуу барилгын ажлын зураг гүйцэтгэх Рино Констракшн ХХК-ийн төлөөлөгчийг гэрчээр асуусан. Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэг хэмжээгээр хэргийн зохигчидтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй. Рино Констракшн ХХК-ийн төлөөлөгчийг гэрчээр асууж, уг мэдүүлгийг нотлох баримтын хувьд үнэлсэн нь буруу.

Хариуцагч нийт 322,029,996 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ...шугамын ажил 178,152,057 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа, мөн зураг төсөл, төсвийн 134,595,439 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан тул 110,000,000 төгрөгийг хариуцагчид учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Мөн бусад зардлын 1,200,000 төгрөгт ямар зардал багтаж байгаа нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 111,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 210,029,996 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна гэж дүгнэж 210,029,996 төгрөгийг хангасан нь ойлгомжгүй байна. Түүнчлэн хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг харвал хариуцагч энэхүү зардлыг бодитоор гаргасан эсэх, 210,029,996 төгрөгийн гүйлгээг Мөнхийн Хөвч ХХК-ийн данснаас гаргасан эсэх нь тодорхойгүй бөгөөд ийм баримт хэргийн материалд огт байхгүй байна. Мөн ажлын зураг байхгүй байхад уг зардлыг гаргуулсан нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Мөнхийн хөвч ХХК нь бодитоор ямар зардал гаргасан эсэх нь тодорхойгүй, зардал гаргасан гүйлгээ нь тодорхойгүй. Эдгээр гүйлгээний үнийн дүн нь ямар нотлох баримтад үндэслэж тогтоогдож байгаа зэрэг нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Барилгын талбайд үлдсэн материал чанарын шаардлага хангахгүй. Мөн гэрээнд заасны дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд газар дээр үлдсэн эд хөрөнгийг зах зээлийн ханшаар тооцно, мөн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлагыг талууд хариуцахгүй гэх заалтыг харгалзаагүй. Хариуцагч ажлын зургийн зардал 134,595,439 төгрөг нэхэмжилсэн. Барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэгч Рино констракшн ХХК нь анх гэрээ байгуулахдаа үзүүлсэн 50 хувийн хөнгөлөлтийг цуцалсан тухай албан бичгээр нотлох гэж оролдсон. Эдгээр 2 талын гэрээний үндсэн үнэ 63,270,000 төгрөг бөгөөд гэрээнд хөнгөлөлт үзүүлсэн талаар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний анхны үнэ 134,595,439 төгрөг байсан гэх нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримт байхгүй бөгөөд тухайн гэрээний үнэ гэрээнд заасан дүнгээрээ л тодорхойлогдох учиртай. Иймд эдгээр үйл баримтыг анхаарч үзэлгүй хариуцагчийн гарган өгсөн нэг албан бичгээр ажлын зургийн үнэлгээг тооцсон нь шүүхийг ач холбогдол бүхий үйл баримтыг дутуу шалгаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт Мөнхийн хөвч ХХК-ийн дансны хуулга бус М.Бямбасүрэнгийн хуулга авагдсан. Энэ дансны хуулгыг Мөнхийн хөвч ХХК-ийн нэхэмжилж буй зардлууд гарсан эсэх, тухай зардлууд буюу хуулганд авагдсан гүйлгээнүүд нь нэхэмжлэгч компани руу 02 төслийн хүрээнд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн, энэхүү дансны дэлгэрэнгүй хуулга дансыг харьцуулбал Рино констракшн ХХК-ийн данс байхгүй. Үүнийг анхан шатны шүүх баримтыг нягтлан шалгаагүй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагыг биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч 5 шаардлага гаргасан бөгөөд тухайн 5 шаардлага тус бүрийн үндэслэлийг сөрөг нэхэмжлэлдээ тусгаагүй. Мөн тухайн төлбөрийн задаргаа, баримтуудыг ирүүлээгүй, ирүүлсэн баримтуудынхаа тайлбар, үндэслэлийг сөрөг нэхэмжлэлдээ дурдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Хамтран ажиллах гэрээний 2.7-д Талуудын аль нэг нь дампуурсан, гэрээ цуцлагдсан, аль нэг тал нь гэрээнээс татгалзсан тохиолдолд талуудын гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа өр төлбөр, гэрээний үүргийг нөгөө тал хариуцахгүй гэж заасны дагуу хариуцагчийн аливаа гуравдагч этгээд буюу туслан гүйцэтгэгчид өгөх өглөг, төлбөрийн үүргийг нэхэмжлэгч тал хариуцахгүй учир барилгын ажлын зургийн мөнгө шаардсан нь үндэслэлгүй. Мөн гэрээний 4.1.1-д Талуудын баталсан эскиз зургийн дагуу барилга, байгууламжийг барьж ашиглалтад өгөх нь нэхэмжлэгч талын тавих нийтлэг шаардлага бөгөөд бэлтгэгдсэн зураг төслийг батлах бүрэн эрхийг гэрээгээр талууд тохиролцсон. Харин хэрэгт авагдсан факт, үйл баримт, гэрчийн мэдүүлгийг харахад барилгын ажлын зураг бүрэн эцэслэгдээгүй нь тогтоогдсон бөгөөд бүрэн хийж дуусгаагүй ажлынхаа төлбөрийг шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Барилгын цэвэр, бохир шугамын системийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани 410,000,000 гаруй төгрөгийн ажлыг хийснийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж маргасан. Зургаар 14 төрлийн зураг, спорт заал, 299 м.кв байшингийн зураг, 140, 160 м.кв хэмжээтэй байшингуудын иж бүрэн зургуудыг хийж, мэргэжлийн хяналтын байгууллага, хөндлөнгийн шинжээч зэрэг байгууллагуудаар хяналт шалгалт хийлгүүлсэн. Мөн дээрээс нь нэмээд 18 байшингийн цэвэр, бохирын шугамын системийн ажлыг хийлгэсэн. Барилгын ажлыг хийхийн тулд нэхэмжлэгч талаас мөнгөн хөрөнгө аваагүй. Нэхэмжлэгч тал спорт заалны зургийг хэд хэдэн өөрчилсөн. Манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч ИЛ-ХХК хариуцагч Мөнхийн хөвч ХХК-д холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар Neo Villa хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээг цуцалж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... гэрээг цуцалж барилгын ажилд зарцуулсан 322,029,996 төгрөг гаргуулах-аар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 2. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй.

 3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ... далд ажлын актад тусгагдсан 178,152,057 төгрөгийн ажил бодитоор хийгдсэн эсэх, уг актад хавсаргасан гэрэл зураг барилгын талбай дахь зураг биш болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүх журмаар нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. (хх-ийн 92-97)

 Мөн анхан шатны шүүх шийдвэрт сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлыг тусгаагүй орхигдуулсан байгааг анхааруулах нь зүйтэй.

 Иймд хариуцагч барилгын ажилд хэдэн төгрөг зарцуулсан нь бүрэн тогтоогдоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/01140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,208,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ