| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0414/Э |
| Дугаар | 448 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0414/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г-т холбогдох эрүүгийн 1818000000497 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар “Ногоон төгөл” хотхоны 2 дугаар байрны 45 тоотод эхнэр Г.Г-ийг “гадуур тэнэж оройтлоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, доод эрүү, хүзүү, зүүн чихний ар хэсэг, цээж, баруун, зүүн бугалга, тохой, шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Г-ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай ээж Улаанбаатар хотоос манай хоёр хүүхдийг аваад галт тэргээр ирэхээр болсон. Уг өдөр манай эхнэр Г- над руу залгаад би орой ажлынхантайгаа гадуур гарахаар боллоо орой ээж, хүүхдүүд ирэхээс өмнө гэртээ очно, би архи дарс уухгүй ээ эрт гэртээ харина гэж ярьсан. Тэгээд 01:30 цагийн орчим вокзал дээрээс ээж, 2 хүүхдээ тосож аваад гэртээ хүргэж өгчихөөд эхнэр рүүгээ залгахад би ажлын газрынхаа хүний гэрт нь байна хүрээд ир гэхээр нь утсаар заалгуулаад яваад очиход хамт ажилладаг 5-н хүнтэй буюу 1 эмэгтэй, 4-н залуучуудтай түрээсийн бололтой бохир байранд архидаад сууж байсан. Тэгэхээр нь би 10-20 минут орчим тэд нартай хамт сууж байгаад эхнэрээ дагуулаад гарсан. Манай эхнэр нэлээн өндөр согтолттой байсан. Тэгээд машинд ороод бид 2 бага зэрэг маргалдсан. Тэр маргаан нь гэрт орох хүртэл үргэлжилсэн. Гэр рүүгээ ороод хоорондоо маргахад ээж бид хоёрыг загнаад “та 2 хүүхдүүдийн хажууд маргаад яах вэ гарч маргалд" гээд бид хоёрыг орцонд хөөгөөд гаргасан. Тэгэхэд манай эхнэр нэлээн согтолттой байсан учир олон юм яриад хараал хэлээд шүлсээрээ нулимаад байхаар нь 2-3 удаа алгадсан. Тэгэхэд манай эхнэр над руу дайраад байхаар би дээр нь дараад суучихсан. Тэгээд тайвширахаар нь босгоод гэрийнхээ хаалгыг цохисоор байгаад орсон. Манай эхнэр ээжтэй хэрүүл хийчихсэн байсан болохоор ороогүй. Тэгэхээр нь манай ээж хадам аав, ээж хоёрыг дуудахад удалгүй хүрч ирээд Г-ийг аваад гэр рүүгээ явсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Г.Г-ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа тараад 17:00 цагийн орчим ажлын газрын хамт олонтой хоолонд орсон. Тэгээд хоолонд орчихоод бөөндөө Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ДИ ДИ бааранд ороод 00:00 цагийн орчим баарнаас гараад Мөнх-Эрдэнэ гэх инженер залуугийн гэрт 6- лаа очсон. Тэгээд тэдний гэрт нэг шил архи хувааж уугаад сууж байхад манай нөхөр над руу залгаад хаана байгаа юм бэ гээд асуухаар нь байгаа газраа зааж өгсөн. Тэгээд манай нөхөр Г- удалгүй хүрээд ирсэн. Бид нартай хэсэг сууж байгаад ээж, 2 хүүхэд хотоос галт тэргээр ирж байгаа одоо хоёулаа хамт явъя гэхээр нь би ээж, 2 хүүхдийг тосож аваад гэрт хүргэчихээд буцаж ирээд намайг ав гэж хэлээд нөхрийгөө явуулсан. 30-40 минутын дараа манай нөхөр ээж, 2 хүүхдээ гэртээ оруулчихаад ирлээ гээд ирсэн. Тэгээд би нөхрийгөө дагаад гэр рүүгээ явсан. Гэр рүү явж байхад машин дотор манай нөхөр чи манай ээжийг хотоос ирж байхад хүндлэхгүй ажлыхантайгаа гадуур архидаж явлаа гээд над руу уурласан. Тэгэхэд нь би “чи ч гэсэн манай эцэг, эхийг хүндэлдэг биш юун сүртэй юм” гэх мэтээр маргаан болоод гэртээ орсон. Гадуур хувцсаа тайлаад байж байхад хадам ээж Б- гарч ирээд чи шөнө орой ажилтай гээд яваад байдаг ингээд архидаад, янхандаад явдаг юм байна гэж хэлэхээр нь танай хүүхэд ч гэсэн шөнө орой архидаад гадуур хоноод явдаг биз дээ үр хүүхдэдээ хэлж чадахгүй юм байж над руу юундаа уурлаад байгаа юм бэ гэх мэтээр маргалдаж байхад манай нөхөр эхийгээ өмөөрөөд намайг алгадсан. Тэгэхэд хадам эх нөхөр бид хоёрыг гэрээс гараад хэрэлдэж маргалд эцэг, эхийг чинь дуудаж өгнө гэж хэлээд бид хоёрыг гэрээс хөөгөөд гаргасан. Орцонд манай нөхөр намайг дарж унагаагаад хоолой боогоод, миний зүүн хацар руу алгадаад байсан мэдүүлэг /хх 6-7/,
Гэрч Х.Б-ийн өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 02 -ноос 03-нд шилжих шөнө 01:30 цагийн орчим Улаанбаатар хотоос галт тэргээр Г-ийн 2 хүүхдийг аваад Дарханд ирсэн. Тэгэхэд бид гурвыг вокзал дээрээс Г- тосож авахаар нь эхнэр чинь хаана байгаа юм бэ гэж асуухад Г- айлд байгаа ажлын газрынх нь хүний төрсөн өдөр болоод тэнд байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд Г-ийн гэрт нь очсон. Г- бид нарт ор засаж өгчихөөд би яваад Г-ийг аваад ирье гэж хэлчихээд гараад явсан. Удалгүй 1 цагийн дараа Г-, Г- хоёр хоорондоо маргалдсан байдалтай орж ирэхээр нь та хоёр яагаад байгаа юм бэ гэхэд Г- нэлээн өндөр согтолттой байсан ба чамд хамаагүй танай энэ хүүхэд өчигдөр архи уусан тэгэхээр нь би өнөөдөр архи уучихсан юм гээд над руу дайраад байхаар нь хүүхдүүд айчихлаа гэж хэлээд би Г-, Г- хоёрыг гэрээс нь гэрийнх нь хувцастай нь хөөгөөд гаргасан. Тэгээд Г-ийн эцэг, эх хоёрыг утсаар дуудахад хүрээд ирсэн. Тэгээд Г-ийг аваад явсан мэдүүлэг /хх 8/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1116 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Г.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, доод эрүү, хүзүү, зүүн чихний ар хэсэг, цээж, баруун, зүүн бугалга, тохой, шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.ШЭГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 11/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт: "аюулын эрсдэлийн түвшин 4 буюу бага гарсан. Гэр бүлээрээ сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай" гэжээ /хх 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгох бөгөөд,
шүүгдэгч М.Г-, хохирогч Г.Г- нар нь албан ёсны эхнэр, нөхөр болох нь хавтаст хэргийн 26-р хуудсанд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул тэднийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл" гэж ойлгох бөгөөд,
Шүүгдэгч М.Г- нь эхнэр Г.Г-ийг “гадуур тэнэж оройтлоо” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний зовхи, доод эрүү, хүзүү, зүүн чихний ар хэсэг, цээж, баруун, зүүн бугалга, тохой, шуу, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 49-р хуудсанд авагдсан хохирогч Г.Г-ийн "М.Г-той сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч М.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч М.Г- нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ