Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01062

 

 

Б.А, Б.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00990 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А, Б.Т- нарын хариуцагч ОИ-ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 37,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагчийн төлөөлөгч Р.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.А 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ОИ-ХХК-тай ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулж 297 м.кв ажлын байр тус компанид 4,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. 2019 оноос тус ажлын байрны В1 давхрын 194 м.кв-ыг нэмж түрээсэлж сар бүр 4,800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.Түрээсийн төлбөрийг 2021 оноос төлөөгүй тул 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын байрыг сулласан. 2021-2022 оны 08 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр 26,400,000 төгрөг, хохирол, засварын зардал 9,000,000 төгрөг, нийт 35,400,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Цар тахлын улмаас түрээсийн төлбөрийг төлж чадаагүй. 2022 оны 01 дүгээр сараас үйл ажиллагаа сайжирсан боловч ажлын байрыг 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор суллахыг шаардсан нь манай компанийн үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. Түрээсийн төлбөр 26,400,000 төгрөгийг хуваарь гаргаж төлөх саналтай байна. Засварын зардал 9,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ажлын байрыг хүлээлгэж өгөхдөө шинээр паркетан шал, шинэ гипсээр хийсэн ханын хуваалт, таазны лед гэрэлтүүлгийг үлдээсэн. Мөн гадна талын давхар шил нь хагарсан вакум цонх 5 байсан. Ажлын байранд хохирол учруулаагүй. Манай компанийн хийсэн ханын хаалтыг дахин ашиглаж цэцэрлэгийн зориулалттай засвараа хийсэн. Манай компанийн үлдээсэн хана болон шалны үнэ 3,500,000 төгрөг болно. Бид үүнийг нэхэмжлээгүй. В1 давхарт ус алдахад яаралтай хааж өгөөгүйгээс өдөржин ус алдаж тоног төхөөрөмж хэт чийгтэй болж үйл ажиллагаа боломжгүйгээс орлогоо алдсан. Спарт план ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгээс хохирсон гэж асуудлыг шийдвэрлэх хүртэл төлбөрийг төлөхгүй гэдгээ тухайн байгууллагад мэдэгдсэн. Тэд 08 дугаар сараас хойш хариу өгөөгүй нь гэм буруугаа хүлээж төлбөр авахгүй гэж ойлгосон. Дээрх төлбөр Б.А тэй хамааралгүй төлбөр гэж үзэж байгаа тул төлөхөөс татгалзаж байна. Түрээсийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус. Мөн хуульд заасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хариуцагч ОИ-ХХК-д холбогдуулан гаргасан ус, дулаан ашиглалтын зардалд 2,516,000 (хоёр сая таван зуун арван зургаан мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОИ-ХХК-аас 27,660,000 (хорин долоон сая зургаан зуун жаран мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батсүрэн, Б.А нарт олгож, нэхэмжлэлээс 7,740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид төлсөн 347,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч түрээсийн байр ашигласны хохирол, засвар үйлчилгээний зардал 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой баримт хэрэгт авагдсан боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй хуулбар учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн түүнээс 9,000,000 төгрөгийн зардал гарсан гэх байдал хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн боловч хариуцагчийн гаргаж өгсөн Их Монгол цонх ХХК-ийн үнийн саналыг үндэслэн 1,260,000 төгрөг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1,260,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч Б.А, Б.Т- нар хариуцагч ОИ-ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 26,400,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 9,000,000 төгрөг, нийт 35,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 26,400,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг зөвшөөрч, засвар үйлчилгээний зардал 9,000,000 төгрөг гаргуулах хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.1. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр түрээслүүлэгч Б.А Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 9а байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 297 м.кв талбайг түрээслэгч ОИ-ХХК-д түрээслэх, түрээслэгч сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба дараа нь В1 давхрын 194 м.кв талбайг нэмж түрээсэлсэн болон түрээсийн төлбөр 26,400,000 төгрөг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна. (хх-ийн 4-8)

 

1.2. Хэргийн баримтаас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 9а байр, 1г тоот хаягт байрлах 194,29 м.кв, 297 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд тусдаа объектоор бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байжээ. Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

2. Талууд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн ба хариуцагч ОИ-ХХК түрээсийн төлбөрт 26,400,000 төгрөг төлөөгүй талаар маргаагүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул хариуцагч түрээсийн төлбөр 26,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

2.1. Засвар үйлчилгээний зардал 9,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

Хариуцагч ОИ-ХХК түрээсийн байрны 5 ширхэг цонхнуудын зарим нь хагарч, зарим нь цуурсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй байна. Их Монгол цонх ХХК цонхны үнийг 1,260,000 төгрөг гэх санал ирүүлснийг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч ОИ-ХХК-аас засвар үйлчилгээний зардалд 1,260,000 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд зардлын зарим хэсгийг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 64 /

 

2.2. Хариуцагч засвар үйлчилгээний зардал төлөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч ОИ-ХХК-аас 27,660,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А , Батсүрэн нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ОИ-ХХК-ийн төлсөн 34,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ