| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0421/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\454 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018\ШЦТ\454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0421/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б,
Иргэний нэхэмжлэгч О.Р-, Х.Б-,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 1818007670463 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Хар морьтын хөтөл гэх газарт Тоёота Карина маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9-р бүлгийн 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2-р бүлгийн 2.3.б "жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-т тус тус заасныг зөрчиж, зам тээврийн осол гарган зорчигч О.Р-гийн эрүүл мэндэд "тархи доргилт, нүүр, дух, шанаа хэсгийн зулгаралт" бүхий хөнгөн хохирол, Х.Б-ийн эрүүл мэндэд "баруун чих,цээжний хэсэг, баруун тохой, шилбэний зулгаралт, ар нурууны цус хуралт" бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж, зорчигч Д.Т-ын амь насыг хохироосон болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой гэртээ унтаж байхад манай найз болох Б- над руу утсаар яриад гэрийнхээ гадаа гараад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод гадаа гарах үед найзууд болох М-в, Б-, Р-, Т- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Б- ******* улсын дугаартай машинтай ирсэн. Тэгээд намайг машин жолоодоод Дархан руу яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь жолоодоод Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг руу явсан. Дархан-Уул аймаг руу дөхөж байгаад Хар морьтын хөтөл гэх газар явж байхад урд талаас ирж байсан машинуудын гэрэлд цохиулаад урд талд нэг машин явж байхыг гэнэт хараад буруу талаар нь шороон замаар гүйцэт түрүүлээд урд талд нь гарахад машин эвгүй болоод онхолдож өнхөрсөн. Тэгээд нэг мэдэхэд М-в бид хоёр машин дотор бусад нь машинаас гарчихсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Д-гийн өгсөн: Манай хүү Т- 2018 оны 4 дүгээр сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентгений техникчээр ажилд ороод Сэлэнгэд байдаг эгч ******* гэрт амьдарч байсан. Сүүлийн 7 хоног буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 30-ний өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар хоолой нь өвдөөд акттай байсан. 2018 оны 9 дүгээр сарны 26-ний өглөө Орхон аймаг руу ажил руугаа явсан. Түүнээс хойш хүүтэйгээ уулзаагүй байсан. Тэгээд түүнээс хойш ярилгүй байж байхад 2018 оны 9 дүгээр сарын 30-наас 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04:00 цагийн орчим манай эхнэрийн төрсөн эгч ******* над руу залгаад Т-ын бие зам тээврийн осол ороод муу байна гэж байна Дархан-Уул аймаг руу яаралтай оч гэж хэлсэн. Тэгээд би том хүүгийнхээ хамт Эрдэнэтээс Дархан-Уу аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд хүү маань нас барчихсан байсан. Гомдолгүй гэж хэлэхгүй, шүүгдэгчээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 19/,
Иргэний нэхэмжлэгч О.Р-гийн өгсөн: Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн өгсөн: Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Х.Б-ийн гэрчээр өгсөн: Тухайн өдөр би Р-, М-в, Б-, Т- нартай хамт 0.75 гр Тайга нэртэй 2 шил архи уусан. Харин Б- бол уугаагүй. Бид нар Дархан орох гээд 23:00 цаг өнгөрч байхад гарсан. Би машины хойно суусан. М-в жолоочийн хажууд суугаад Р- миний зүүн талд, Т- жолоочийн арын суудалд суусан. Би машинд унтаад явж байсан. Нэг мэдэхэд осол болсон байсан. Сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх 23/,
Иргэний нэхэмжлэгч О.Р-гийн гэрчээр өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22 цагийн орчим найзууд болох Б-, М-в, Т- нарын хамт шүдэнзний байрны арын цагаан хоёр давхар байрны урд талд сагс тоглож байгаад 2 шил архи хувааж уусан. Ингээд бид нар хамт Дархан-Уул аймаг орж шоудахаар болж архи уугаагүй хүнээр машинаа бариулах гээд найз Б- руу талийгаач Т- утсаар ярьсан. Бид нар гэрийнх нь гадаа очиж Б-ыг аваад шууд хөдөлсөн. Машиныг Б- жолоодсон. Би замдаа унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Б.М-вын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 22:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн шүдэнзний ард байдаг сагсны талбай дээр О.Р-, Т-, Б- бид 4 уулзаад 12 болтол сагс тоглосон. Ингээд Б-ийн гэрт очиж 0.75 гр Тайга нэртэй архи хувааж уугаад Б-ын гэрийн гадна очоод Б- утсаар ярьж найз Т-ын гэрт хүн байхгүй маргааш нь Дарханаар жаахан явъя гээд Б-ийн машиныг Б-ар жолоодуулан 01:00 цагийн үед Сэлэнгээс гарч явсан. Тэгээд хаана гэдгийг нь мэдэхгүй 01:30 цагийн орчим эсрэг талаас 3 машин зөрсөн. Эхний 2 машин зөрсний дараа 3 дахь машин зөрөхөд ямар ч гэрэлгүй машин манай машины гэрэлд ороод ирсэн. Манай найз Б- тухайн үед буруу талаар нь зайлуулж рүлээ эргүүлээд замын баруун тал руу шороон зам руу ороод буцаагаад зүүн тийш эргүүлэхэд машин онхолдоод өнхрөөд явчихсан. Тэгээд машин зогсоход манай найз Б- нөгөө хэд чинь гадаа байна гэсэн. Тэгээд бид 2 гараад очиход Б- босоод арай гайгүй байсан. Р-гийн нүүр шалбарчихсан босоод ирсэн байсан. Т- босож ирэхгүй ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд эмнэлэг ирээд Р-г аваад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч О.Б өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой эхнэр хүүхдийн хамт гэртээ унтаж байхад 23 цагийн орчим манай хүү Б-ын гар утас нь дуугарсан. Тэр үед манай хүү утсаа аваад ярьчихаад буцаад орондоо орж хэвтсэн. Тэр үед би хүүдээ хандаж гар утсаа унтраагаад унтаж амраа гэж хэлсэн. Үүнээс хойш 1 цаг орчмын дараа буюу 00 цаг өнгөрч байхад манай хүүгийн гар утас нь дахиад дуугарахад манай хүү утсаа аваад ярьсан. Найз нь бололтой нэг эрэгтэй хүний гараад ир танай гэрийн гадаа ирчихсэн байна гэж хэлж байгаа нь сонсогдсон. Тэр үед гэрийн гадаа машин ирсэн бөгөөд хөгжмийг чанга тавьсан байсан. Тэгээд манай хүү хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Тэр үед гадаа хүмүүс чанга чанга дуугарч яриад байхаар нь би гэрээс гарах үед манай хүү тэр машинд нь суугаад явсан. Тэгээд би гэртээ буцаж ороод унтаж байхад үүрээр 04 цагийн орчим гэрт манай хүүгийн найз ******* орж ирээд Б- найз нартайгаа хамт машинтай явж байгаад осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэр үед нь би хаана юм бэ гэж асуухад Дарханы нутаг дэвсгэрт юм байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр өглөө Дархан руу ирсэн. Тэр үед хамт явж байсан найз нь ослын улмаас нас барсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч Ж.Ц өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 30-ний 23 цагийн үед байх манай гэрийнхэн унтаж байхад манай Б-ын утас дуугараад хүнтэй яриад байсан. Тэр үед нь манай нөхөр утсаа унтраагаад унтаж амар гэж хэлсэн. Тэгээд дахиад хэсэг хугацааны дараа манай хүүгийн утас дуугараад хүнтэй яриад хувцсаа өмсөөд гэрээс гарч явахдаа зурагтны тавиур дээрээс нэг юм аваад гарсан. Тэр үед би бичиг баримтаа авч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд манай хүүг гэрээс гарах үед гадаа машиныхаа дууг чангалчихсан машинтай хүмүүс ирсэн байхаар нь нөхөртөө хандаж хүүгээ болиул гэж хэлэхэд манай нөхөр гэрээс гарах үед манай хүү хөгжим чанга тавьсан машинд суугаад явчихсан. Тэгээд нөхөр бид хоёр гайгүй байлгүй гэж бодоод унтаж байхад үүрээр манай хүүгийн найз ******* орж ирээд манай хүүг Дарханы замд осолд орсон талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх 32/
Гэрч Х.Б өгсөн: Миний нэр дээр ******* улсын дугаартай Toyota Carina маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Уг машиныг манай дүү болох Б- унаж байгаа. Би осол болсон талаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай ах ******* над руу ярихад нь мэдсэн. Манай бага дүү намайг машинаа өгчих би унаж ойр зуур ажилдаа явж байя гэхээр нь өгсөн юм. Ерөнхийдөө манай дүү Б-ийн машин. Одоогоор Хас банкны нэр дээр байдаг. Гэхдээ зээл нь дууссан гэх мэдүүлэг /хх 40/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Ү 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан ослын дүгнэлтэд:
1, 3.Жолооч Б.Б- нь Т/Карина маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна", 2-р бүлэг 2.3.б "жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг тус тус зөрчсөн болно.
2. Т/Карина маркийн ******* тээврийн хэрэгслээр осол үйлдэгдэх үеийн хурдыг тогтоох боломжгүй гэжээ. /хх 46/,
2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаартай Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлтэд:
“1.Автомашин дээр нь техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:2011, Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангагдахгүй тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №01-06
2.Техникийн хувьд бүрэн, үйлдвэрлэлийн бус нэмэлт төхөөрөмжөөр тоноглоогүй байна. Зураг №01
3.Техникийн хувьд бүрэн бүтэн, зүүн гар талын хойд, урд талын дугуйн хээ, техникийн ашиглалтаас шалтгаалан элэгдэлтэй байсан тул осол гарахад нөлөөлсөн байна.
4.Toyota Carina маркийн ******* улсын дугаартай автомашины бүхээг зүүн гар тал руугаа тахийж гажсан, урд талын салхины шил, хойд, урд талын хаалганы шил, зүүн гар талын гэрэл дохио, толь хагарсан, зүүн гар талын крыло гулзайсан зэрэг нь ослын дараах эвдрэл гэмтэл байна. Ослын өмнө эвдрэлгүй байсан байна.
5.Toyota Carina маркийн ******* улсын дугаартай автомашин нь 1998 онд үйлдвэрлэгдсэн, техникийн насжилт өндөр байна.
Техник оношилгооны хувийн компаниар 2013 оноос хойш техникийн үзлэг хийлгэсэн тул техникийн оношилгооны дүгнэлтийг татаж хавсаргах боломжгүй” гэжээ /хх 77-78/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх 6-8, 10-16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.10.15-ны өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
"1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавлын суурь ясны шугаман хугарал, духны хэсгийн хуйхан доорх булчингийн цус хуралт, элэг, баруун бөөрний язралт, урагдал, баруун, зүүн уушигны уг, дотор эрхтнүүдийн гялтанд цус хуралт, цээжний баруун 1, 2-р хавирга, зүүн талын 1, 2, 3-р хавирганы шууд хугарал, дух, баруун хацар, баруун шуу, баруун, зүүн сарвууны гадна хэсэг, баруун, зүүн гарын хуруунууд, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун, зүүн ташаа, гуя, өвдөг, шилбэ, шагайн хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь цөм шинэ гэмтэл болно.
3.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх хүчтэй доргих үед үүсгэгдэх боломжой.
4.Талийгаачийн биед үүссэн гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Гавлын суурь ясны шугаман хугарал, духны хэсгийн хуйхан доорх булчингийн цус хуралт гэмтэл нь ШЭГЗт журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Элэг, баруун бөөрний язралт, урагдал, баруун, зүүн уушигны уг, дотор эрхтнүүдийн гялтанд цус хуралт гэмтэл нь ШЭГЗт журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний баруун 1, 2-р хавирга, зүүн талын 1, 2, 3-р хавирганы шууд хугарал гэмтэл нь ШЭГЗт журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, баруун хацар, баруун шуу, баруун, зүүн сарвууны гадна хэсэг, баруун, зүүн гарын хуруунууд, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун, зүүн ташаа, гуя, өвдөг, шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтэл нь ШЭГЗт журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Талийгаачийн дээрх хавсарсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ.
6.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шок-д орж нас баржээ.
8.Хэргийн газрын үзлэгт оролцоогүй тул нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
9.Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.
10.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ" гэх /хх 95-97/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.10.03-ны өдрийн 989 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
"1.Х.Б-ийн биед баруун чих, цээжний хэсэг, баруун тохой, шилбэний зулгаралт, ар нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед цохигдох, үрэгдэх үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 49/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.10.17-ны өдрийн 1036 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
"1.О.Р-гийн биед тархи доргилт, нүүр, дух, шанаа хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ЗТО-ын үед цохигдох, юм мөргөх, хүчтэй доргих үед үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 105/,
Капитал зууч ХХК-ийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 70-73/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо МУЗХ дүрмийг зөрчиж хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсний улмаас зам тээврийн осол гарахад сууж явсан зорчигчид замын хажуу руу шидэгдэж Д.Т-ын биед "гавал тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсэг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Гавлын суурь ясны шугаман хугарал, духны хэсгийн хуйхан доорх булчингийн цус хуралт, элэг, баруун бөөрний язралт, урагдал, баруун, зүүн уушигны уг, дотор эрхтнүүдийн гялтанд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, Цээжний баруун 1, 2-р хавирга, зүүн талын 1, 2, 3-р хавирганы шууд хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, дух, баруун хацар, баруун шуу, баруун, зүүн сарвууны гадна хэсэг, баруун, зүүн гарын хуруунууд, бүсэлхийн баруун хажуу хэсэг, баруун, зүүн ташаа, гуя, өвдөг, шилбэ, шагай хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн" гэмтэл учирч дээрх хавсарсан гэмтлүүд нь үхэлд хүргэж амь нас нь хохирсон, Х.Б-ийн эрүүл мэндэд "баруун чих, цээжний хэсэг, баруун тохой, шилбэний зулгаралт, ар нурууны цус хуралт", О.Р-гийн эрүүл мэндэд "тархи доргилт, нүүр, дух, шанаа хэсгийн зулгаралт" бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон" зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 14 215 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн "хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Зам тээврийн ослын улмаас Х.Б-ийн эрүүл мэндэд "баруун чих, цээжний хэсэг, баруун тохой, шилбэний зулгаралт, ар нурууны цус хуралт" бүхий хөнгөн хохирол, О.Р-гийн эрүүл мэндэд "тархи доргилт, нүүр, дух, шанаа хэсгийн зулгаралт" бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгч Х.Б-, О.Р- нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 130-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн 1055580 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн №1055580 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ