Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00742

 

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2017/00020 дугаар шийдвэр,        

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00010 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Б.Амгаланбаатар нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 392 775 024.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, хариуцагч Б.Амгаланбаатар, хариуцагч нарын төлөөлөгч А.Нарандэлгэр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Говийн гурван уул” ХХК нь Төрийн банкнаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулан 1 250 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн барьцаанд ...зэргийг тус тус барьцаалсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн хүүнээс 124 767 123.82 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 1 250 000 000 төгрөг, үндсэн хүү 15 369 863 төгрөг, нийт 1 265 369 862.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна.“Говийн гурван уул” ХХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эзэмшдэг, 49 хувийг “Говийн хан уул” ХХК эзэмшдэг тул компанийн үүсгэн байгуулагчид оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээхийн хувьд “Говийн хан уул” ХХК, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарыг хариуцагчаар татсан болно.Иймд зээлийн нийт төлбөр 1 265 369 862.46 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6 484 799 төгрөгийн хамт зээлдэгч “Говийн гурван уул” ХХК, батлан даагч Б.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Говийн хан уул” ХХК нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Зээлдэгч хамтран зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:Банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн бйх тул үндсэн хүү 154 250 518.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 152 308.92 төгрөг, зээлийн үлдэгдэл 1 222 002 333.45 төгрөг, нийт 155 402 827.62 төгрөгийн хүүний төлбөрийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК-ийн төлөөлөгч А.Нарандэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: “Говийн гурван уул” ХХК нь Чингэлтэй дүүргийн Ард бизнес, Төрийн банкны салбартай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл төлөгдөж эхлээгүй, үндсэн хүүг хуваарь ёсоор төлж байсан. Зээлийн гэрээ дуусгавар болоогүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй байх үед 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрийн барилгад гал түймэр гарсан. Тухайн өдөр салхи ихтэй байснаас гал түргэн хугацаанд нэмэгдэж өөрсдийн болон гал унтраах хүч бүхэлдээ ажиллаад ч галыг зогсоож чадалгүй үйлдвэр бүхэлдээ шатсан харамсалтай явдал гарсан. Зээлийн гэрээний барьцааны зүйл устсан тухай тэр даруй банкинд утсаар, албан бичгээр мэдэгдсэн. Хэд хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Тусгай активын газрын дарга Амарсанаа нь албаны бусад хүмүүстэй газар дээр нь ирж танилцаад, Төрийн банкны Өмнөговь аймгийн салбар дээр уулзалт хийгээд явсан.Тухайн үед бид “зээлийг төлөх боломжгүй боллоо, зээлийн хүүг зогсоогооч” гэсэн хүсэлтийг ч өгч байсан. Мөн энэ үед 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 109000058120 тоот дансанд орж ирсэн 79 988 500 төгрөгийн гүйлгээг банк саатуулан барьсан ба тухайн өдрийн дансны бодит үлдэгдэл 80 042 028 төгрөг байсан. Иймээс Иргэний хуулийн 221.1-д заасны дагуу банкыг зээлийн гэрээнээсээ татгалзаж байна гэж ойлгосон. Иймд Зээлийн гэрээний 6.2.3-т заасан барьцааны зүйл устсан тохиолдолд гэрээ дуусгавар болохоор заасан тул 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж үндсэн хүү 15 369 863 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн зээл 1 250 000 000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80 042 028 төгрөгийг хасч тооцох ёстой. “Говийн Гурван уул” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 30-аад ажилчидтай, 3 267 610 815.5 төгрөгийн үндсэн, 496 862 911 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 45 727 380 төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалтай махан махан бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орон нутгийн хэрэгцээг бүрэн хангадаг, үйл ажиллагаа нь тогтворжсон компани байсан.Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед гал түймэр гарч дээр дурдсан хөрөнгө, бүтээгдэхүүн, санхүүгийн болон бусад бүх бичиг баримт устсан. Гал түймрийн шалтгааны талаар Гамшиг судлалын хүрээлэн, гамшгийн туршилт шинжилгээний төвийн 9/143 тоот дүгнэлт 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан. “Говийн гурван уул” ХХК нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 51%, “Говийн хан уул” ХХК 49%-ийн оролцоотой орон нутгийн өмчит компани байсан тул дээрх хувь нийлүүлэгч нарт өөрт оногдох хөрөнгийг данснаас хасах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 004 тоот тогтоолоор уламжилсан. Одоогоор Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараагүй байна. Хэдийгээр “Говийн Гурван уул” ХХК татан буугдаагүй, дампуураагүй боловч үйл ажиллагаа нь түр зогссон байгаа тул 1 169 957 972 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК хариуцах болно.

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Говийн гурван уул” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төрийн банкнаас 1090/23 тоот гэрээгээр авсан 1 250 000 000 төгрөгөөс банкны саатуулан барьсан 80 042 028 төгрөгийг хасч 1 169 957 972 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК хариуцах болно гэдгээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тайлбарт тодорхой гаргаж өгсөн болно гэжээ.

Хариуцагч Б.Амгаланбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Төрийн банк” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090/23 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай нэхэмжлэлтэй танилцлаа.“Говийн гурван уул” ХХК-ийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 002 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр чөлөөлөгдсөн. “Говийн гурван уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Говийн хан уул” ХХК-ийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Нарандэлгэрт шилжүүлсэн тул “Говийн хан уул” ХХК-ийн өмнөөс тайлбар хүргүүлэх боломжгүй.Иргэн Б.Амгаланбаатар би 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 1090/23 тоот гэрээнд “Говийн гурван уул” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд гарын үсэг зурсан тул энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг холбогдох хуулийн этгээдүүдэд хүргүүлнэ үү.Б.Амгаланбаатар би энэхүү 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хувьд биелүүлэх боломжгүй болно гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир шүүхэд гаргасан тайлбартаа: “Говийн гурван уул” ХХК нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн оролцоо 51 хувь, хувийн хэвшлийн оролцоо 49 хувь байхаар тогтоосны дагуу Max махан бүтээгдэхүүн боловсруулах, хөргөх, хадгалалт гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагааны, Таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа, Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Гадаад, дотоод худалдаа, Үр тариа болон бусад ургамал тариалалт гэсэн туслах үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор дүрмийн сан 100 000 000 төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн а/87 дугаар захирамжаар 49 хувийн хөрөнгө оруулагчаар “Говийн хан уул” ХХК-ийг шалгаруулан хөрөнгө оруулалтын асуудлыг тус тус хийж “Говийн гурван уул” ХХК-ийг 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа эхлүүлэн ажилласан.Аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн а/271 захирамжаар орон нутгийн хөрөнгө оруулалтыг 1 600 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтын дагуу Өмнөговь аймгийн орон нутгийн өмчөөс 2014 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаар “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг хувьчлах саналыг Төрийн өмчийн хороонд хүргүүлж, Төрийн өмчийн хороо 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 426 дугаар тогтоолоор хувьчилж худалдах зөвшөөрөл гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг хувьчлах ажлын бэлтгэл ажлыг хангах, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг ажиллаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралд тайлангаа танилцуулсан ба ...санал оруулсны дагуу аймгийн Засаг даргаас хувьчлах тухай саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралд танилцуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 08 дугаар тогтоолоор “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн эзэмшлийн 51 хувийг хувьчлах, мөн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Хөрөнгө хувьчлах тухай 98 дугаар тогтоол гаргаж хөрөнгө хувьчлах, худалдах тухай асуудлыг аймгийн Засаг даргад зөвшөөрч аймгийн Засаг дарга уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1-1405 дугаар албан бичгээр орон нутгийн өмчийн 51 хувийг тогтоосон доод үнээр худалдан авах эсэх талаар мэдэгдлийг “Говийн гурван уул” ХХК-д хүргүүлсэн бөгөөд “Говийн гурван уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч болох “Говийн хан уул” ХХК 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар албан бичгээр орон нутгийн өмчийн 51 хувийг худалдан авах боломжтой гэсэн санал ирүүлж 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан “Говийн хан уул” ХХК нь худалдан авсан нийт үнэ болох 1 651 000 000 төгрөгийг гэрээний хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр багтаан орон нутгийн төсөвт төлөх үүрэг хүлээсэн.Мөн “Говийн гурван уул” ХХК нь Төрийн банктай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан банкнаас 1 250 000 000 төгрөгийн зээл авсан байгаа нь Хөрөнгө хувьчлах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 98 тоот тогтоол, уг тогтоолыг үндэслэн хийгдсэн “Говийн гурван уул” ХХК-ийн орон нутгийн өмчийн 51 хувийг худалдах, худалдан авах тухай гэрээг “Говийн гурван уул” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Говийн хан уул” ХХК-ийн төлөөлөл нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дараа хийгдсэн үйлдэл байх тул Өмнөговь аймаг нь “Говийн гурван уул” ХХК-ийн Төрийн банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй байгаа нь харагдаж байна.Иймд дээрх тогтоол шийдвэрийг үндэслэн “Говийн гурван уул” ХХК нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, орон нутгийн өмчийн нэгдсэн тайланд нэгтгэгдээгүй, орон нутгийн төсөвт 1 651 000 000 төгрөгийн өглөгтэй, орон нутгийн өмчийн оролцоотой бус компани юм. Ийм учраас худалдах, худалдан авах ажиллагаа хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж явагдсан тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас хасаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянан шийдвэрлэнэ үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2017/00020 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.Амгаланбаатар нараас 1 169 957 972 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 222 817 052 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг зээлийн гэрээгээр төлбөрийн үүрэг хүлээхгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 419 763 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.Амгаланбаатар нараас 6 077 040 төгрөгийг гаргуулан Төрийн банкинд олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00010 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00509 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дугаар “...“Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Б.Амгаланбаатар нараас...” гэснийг “...“Говийн гурван уул” ХХК-иас...” гэж, 2 дугаар заалтыг бүхэлд нь “Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, “Говийн хан уул” ХХК, иргэн Б.Амгаланбаатар нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Говийн хан уул” ХХК-иас төлсөн 2 025 680 төгрөгийг, иргэн Б.Амгаланбаатараас төлсөн 2 025 680 төгрөгийг Хаан банкны Өмнөговь Татварын хэлтсийн 5585042119 тоот данснаас гаргуулж “Говийн хан уул” ХХК, иргэн Б.Амгаланбаатар нарт шүүгчийн захирамжаар олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:3ээлдэгч “Говийн гурван уул” ХХК нь Төрийн банкнаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгуулан 1 250 000 000 төгрөгийг жилийн 26,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан. Дээрх төлбөрийг зээлдэгч “Говийн гурван уул” ХХК төлж байсан боловч 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зээлийн барьцаа хөрөнгө шатсан байна. Зээлдэгч 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хүүгээ хуваарийн дагуу төлсөн, харин анхан шатны шүүхийн шийдвэрээр банкнаас дансанд барилт хийж төлүүлсэн 80 042 028 төгрөгийг үндсэн зээл 1 250 000 000 төгрөгнөөс хасч тооцсон байна.Иймд банкинд 2016 оны 4 дүгээр сарын 17-ноос 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр буюу гал гарсан өдөр хүртэл хүүг тооцож олгох үндэслэлтэй байна.Давж заалдах шатны шүүхийн магадлалын ТОГТООХ хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамжийн тухай шийдвэрлэхдээ хариуцагч “Говийн хан уул” ХХК, Б.Амгаланбаатар нарыг хариуцагчаас чөлөөлж “Говийн гурван уул” ХХК-иас 1 169 957 972 төгрөгийг гаргуулах хэсгийг хэвээр үлдээсэн хэрнээ түүнд ногдох Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар дурдаагүй байна. Зээлдэгч “Говийн гурван уул” ХХК-ийн барьцаалсан хөрөнгүүд нь шатсан болох нь баримтаар тогтоогддог ч Төрийн банкны нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдээсэн байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2017/00020 шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгтээ “...зөвхөн газрыг албадан дуудлага худалдаанд оруулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгөх тухай хүсэлт гаргасан бол шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах боломж үүснэ” гэжээ. Гэтэл банкнаас нэхэмжпэлийн шаардлагын 2 дахь хэсэг буюу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаагүй байхад уг асуудлаар тусгайлсан хүсэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй билээ. Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй байна.3ээлдэгч компанийн барьцаалсан хөрөнгүүд шатсан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн хэдий ч талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090/23 зээлийн гэрээний 6.2.3-т заасан барьцаа хөрөнгө үрэгдсэн тул банкнаас нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон байна. Энэ тохиолдолд хүү төлөхгүй үүргээс чөлөөлөгдөхгүй байхад давж заалдах шатны шүүхээс гэрээ цуцлах, татгалзах ойлголтуудыг хольж тайлбарласан нь үндэслэлгүй байна.Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Тодруулбал зээлдэгч банкнаас мөнгө зээлэн авсан бол үндсэн зээл болон хүүг төлөх үүрэг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаанаар дуусгавар болохгүй байхыг тодорхойлсон. Хавтаст хэрэгт авагдсан зээл, хүүний тооцооны хуудас /нэмэлт/ гэсэн хэсэгт банкнаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн хүү ороод нийт 1 392 775 024.08 төгрөг нэхэмжилсэн тооцооллыг гаргаж өгсөн байна. Уг тооцооллоос харахад нэхэмжлэл гаргасан 2016 оны 6 дугаар сараас хойш үндсэн зээлээс 27 997,666 төгрөг төлсөн, үндсэн хүүнээс 25 180 060 төгрөг төлсөн болох нь харагдаж байна. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 04-ний байдлаар уг компанийн нийт зээлийн төлбөр 1 222 002 333.45 төгрөг, үндсэн хүү 169 620 381.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 152 308.92 төгрөг, нийт 1 392 775 024.08 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлсэн. Мөн уг тооцооллын төлөгдсөн дүн гэсэн хэсэгт зээлээс 27 997 666 төгрөг, хүүнээс 149 947 183 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 33 360.06 төгрөг, нийт 177 978 210.16 төгрөг төлсөн болохыг харж болно.Гэтэл шүүхээс 222 817 052 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон гэх зүйл нь үндэслэлгүй байна. Төрийн банкнаас хүүний төлбөрт 169 620 381.71 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 1 152 308.92 төгрөг = 170 771 690.63 төгрөг нэхэмжилсэн байхад хүүний төлбөрөөс давсан дүнг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн тооцооллыг хэрхэн яаж хийгээд 222 817 052 төгрөг гаргасан нь ойлгомжгүй байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Төрийн банкинд орох ёстой байсан хүү 222 817 052 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК-иас гаргуулах, зээлийн шатаагүй үлдсэн барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан заахаар нэмэлт оруулах, давж заалдах шатны шүүхийн тогтоолд 1 169 957 972 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн яаж шийдвэрлэснийг орхигдуулсан байгааг анхаарч өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд банкны зээлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Харин зээлийн гэрээний оролцогч талыг буруу тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөөгүй, найруулгын алдаа гаргасан байна. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь “Говийн гурван уул” ХХК, “Говийн хан уул” ХХК, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэн Б.Амгаланбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 265 369 862 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 1 392 775 024 төгрөг шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Төрийн банк” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1090\23 өдрийн зээлийн гэрээгээр “Говийн гурван уул” ХХК-д 1 250 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлжээ. Мөн өдрийн барьцааны гэрээгээр “Говийн гурван уул” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийг биелэлтийг хангахаар барьцаалсан байна \хх-ийн 20-24 дүгээр тал\.

Эдгээр гэрээнд зээлдэгч болон барьцаалагч “Говийн гурван уул” ХХК-ийг төлөөлж, хувьцаа эзэмшигч, захирал Б.Амгаланбаатар, нягтлан бодогч Б.Ариунжаргал нар оролцсон байх нь тэдгээрийг хуулийн этгээдийн үүргийг хариуцах этгээд гэж ойлгох үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, зээлийн гэрээнд Б.Амгаланбаатар нь “Говийн гурван уул” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсаны зэрэгцээ иргэн Б.Амгаланбаатар гэж гарын үсэг зурсан байх боловч түүнийг хувь хүний хувьд зээл авсан, уг гэрээний зээлдэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэрээнд зээлдэгчээр “Говийн гурван уул” ХХК-ийг заасан байна.

Иргэн Б.Амгаланбаатар нь “Төрийн банк” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч “Говийн гурван уул” ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн үүрэг болон бусад зардлыг бүрэн хэмжээгээр хариуцаж барагдуулах үүргийг хүлээжээ \хх-ийн 6-7 дугаар тал\. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК иргэн Б.Амгаланбаатараас батлан даагчийн үүргээ биелүүлэхийг шаардаагүй байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг ба мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.

Б.Амгаланбаатар нь батлан даагчийн хувьд зээлдэгч “Говийн гурван уул” ХХК-тай хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул тэрээр зээлдэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хариуцлага хүлээх үндэслэлтэй болно.

“Говийн гурван уул” ХХК-ийг Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Говийн хан уул” ХХК үүсгэн байгуулсан байх нь “Говийн гурван уул” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр банкнаас олгосон зээлийн гэрээний үүргийг “Говийн гурван уул” ХХК хариуцна гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1 169 957 972 төгрөгийн шаардлагыг хангаж, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон аль аль шийдлийн эрх зүйн үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгах учиртай.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээг цуцлах болсон шалтгаан, хугацаа, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал зэрэг маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хувьд зөв дүгнэлт хийсэн байх ба хяналтын шатны шүүх уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй буюу “...банкинд орох ёстой байсан хүү 222 817 052 төгрөгийг “Говийн гурван уул” ХХК-иас гаргуулах, зээлийн шатаагүй үлдсэн барьцаа хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” талаар хяналтын гомдолд тусгагдсан асуудлыг давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хянан шийдвэрлээгүй байх тул гомдлын энэ хэсгийг хяналтын шатны шүүх хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн, барьцааны зүйл болох эд хөрөнгөөс ямар эд хөрөнгө шатаагүй үлдсэн болох нь тодорхой бус байх тул хяналтын шатны шүүх хэрэгт байхгүй нотлох баримтад үндэслэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй болно. Харин шүүх барьцаа хөрөнгө устаж үгүй болсон учир үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүйгээр нэхэмжлэлийн энэ талаарх шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэхээр  байна. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5.-д зааснаар барьцааны зүйл устаж үгүй болсон бол барьцааны эрх дуусгавар болдог байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Малчны хорооллын урд талд байрлах 10 га талбайтай газрыг хариуцагч “Говийн гурван уул” ХХК өмчлөх бус харин эзэмших эрхтэй байна.  

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөөгүй орхигдуулсан байгааг залруулах шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хүү, нэмэгдүүлсэн хүүд  222 817 052 төгрөг нэмж гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 203/МА2017/00010 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 143/ШШ2017/00020 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

“1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч “Говийн гурван уул” ХХК-иас 1 169 957 972 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 222 817 052 төгрөгийн шаардлагыг, “Говийн хан уул” ХХК, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэн Б.Амгаланбаатар нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 419 763 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Говийн гурван уул” ХХК-иас 6 077 040 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгосугай”

2.Шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 272 035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН