Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                 Хэргийн индекс: 114/2016/0099/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч Сэрээнэндоржийн Чинбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаарын захирамжийн С.Чинбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Чинбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/175 тоот захирамжаар Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн 6-14 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшиж, Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 тоот захирамжаар уг газраа өмчилж авсан.

            Гэтэл газар эзэмшүүлсэн болон өмчилсөн газрыг хүчингүй болгосныг мэдэгдсэн тул ... “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаарын захирамжийн С.Чинбаатарт холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нараас шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:- С.Чинбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар захирамжаар С.Чинбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх, хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагааг  явуулаагүйгээр  захиргааны  шийдвэр  гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Чинбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагч  Дархан-Уул  аймгийн  Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 1-111 тоот итгэмжлэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чинбаатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн С.Чинбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчид улсын орлогоос 35100 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  35100 төгрөгийг тус тус гаргуулж  буцаан  олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА