Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0755/З |
Дугаар | 221/МА2019/0183 |
Огноо | 2019-03-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2019/0183
2019 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2019/0183 | Улаанбаатар хот |
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0832 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0832 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.3.2, 48 дугаар зүйлийн 48.6.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар 6** тоот шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж давж заалдах гомдолдоо: “Тус компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрт 2008-2009 онд 1.860.000 төгрөг, 2009-2010 онд 960.000 төгрөг, 2010-2011 онд 1.221.610 төгрөг, 2011-2012 онд 2.210 000 төгрөг, 28.149 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогддог.
... Харин ямар хэмжээгээр тооцож төлбөр авч байснаа нотолж чадаагүй, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 611 дүгээр шийдвэр гаргах үед хэдий хугацааны, ямар хэмжээний төлбөр төлөгдөөгүй тухай дүгнээгүй, нягтлан тооцохгүйгээр шууд цуцлах шийдвэр гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх заалтуудыг зөрчсөн.
Анхан шатны шүүх “бодит байдалд нотлогдож байна” гэх хууль бус дүгнэлтийг хийснээс биш хууль зүйн дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болон хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн.
...Тусгай зөвшөөрөл цуцлах талаар огт мэдэгдээгүйгээс “тусгай зөвшөөрлийн төлбөрийн тооцоог нийлэх, бусад нотолгооны баримт гаргах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг ханган, зөвшөөрлөө авч үлдэх боломжийг олгоогүй”, 611, 612 шийдвэрийн талаар ташаа мэдээлэл өгсөн, албан ёсоор танилцуулаагүй, гардуулаагүй, хүргүүлээгүй энэ тухай татгалзалаа хариуцагч нотлоогүй, цуцлах үндэслэл болоогүй, нотлогдож тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үүргийг хамааруулан зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан шаардлагад нийцээгүй.
Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой зааж эзэмшигчид мэдэгдээгүй, мэдэгдэл өгөөгүй, ... “эзэмшигч цуцлах шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон бичгийн нотлох баримтаа гаргаж хүргүүлэх” хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг эзэмшигчид олгоогүй, ... хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан бичгийн нотлох баримтыг нягтлан шалгах, эзэмшигчид хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан эсэхийг шалгаж тогтоох хуульд заасан ажиллагаа огт хийгээгүй.
... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0832 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Г” ХХК “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 611 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр 423*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн “ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй, төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 /тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй/-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцож урьдчилан төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2011 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2011 оны 04 дүгээр сараас өмнө урьдчилан төлөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, тусгай зөвшөөрлийн тэмдэглэгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбаруудаар тогтоогдож байх тул хариуцагч төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 18.2.1-д “тухайн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг” гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчтай албан ёсоор харилцах хаягаа өөрөө тодорхойлж, төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн тодорхойлсон уг хаягаар нь харилцах талаар хуульд зохицуулсан бөгөөд уг хуулийн зорилго нь хариуцагчаас хууль зүйн үр дагавар бүхий асуудлын талаар тухайн хуулийн этгээдэд мэдэгдэж, түүнийг арилгах боломжийг олгох явдал юм.
Хариуцагч төрийн захиргааны байгууллагаас “Г” ХХК-д “дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөөгүй” талаарх мэдэгдлийг 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1970, “Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр” тусгай зөвшөөрлийг цуцалсныг 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-**** дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж нэхэмжлэгч компанийн хаягаар хүргүүлсэн боловч “Г” ХХК нь хаягтаа байхгүй үндэслэлээр тус тус буцаагдсан байна.
Дээрхээс үзвэл хариуцагч хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Түүнчлэн “нэхэмжлэгч компани 2010-2017 он хүртэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг жил бүр төлөх үүргээ биелүүлээгүй, ... мөн жил бүр уулын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх зайлшгүй мэдэж байх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй” талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй хуулийн зүйл, заалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА