Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0054

 

 

“К б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны

хянан шалгагч бөгөөд улсын байцаагч

М.Анужинд холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн    Ч.Тунгалаг

Шүүгчид:                                           М.Батсуурь

Х.Батсүрэн

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                 Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч бөгөөд улсын байцаагч М.Анужингийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050194 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0560 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 621 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, түүний өмгөөлөгч Э.Э-Э,

Хариуцагч М.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О нар.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0560 дугаар шийдвэрээр: Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч К б ХХК-иас гаргасан Монголбанкны хянан шалгагч бөгөөд Улсын байцаагч М.Анужингийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн 0050194 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 621 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ...Банкны төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа болон банкны 10 том хадгаламжийн нийлбэрийн нийт активд эзлэх зохистой харьцааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх-өөр заасан байх бөгөөд... гэж журмын холбогдох хэсгийг хэзээнээс хэрэгжих талаар зөв дүгнэсэн атлаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ, 5-д Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тус тус заасан хуулийг хэрэглэлгүй, зөвхөн нэг талыг барьж Монголбанк болон улсын байцаагчийг шийтгэл ногдуулах эрхтэй талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн.

5. Тодруулбал, маргаанд хамаарах Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А-138 дугаар тушаалаар батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 5.3-т Банкны хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр нь нийт активын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан журмын зохицуулалт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээс өмнө К б ХХК-ийн гаргасан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5-д хамаарах эсэхэд дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг хэрэглэлгүй, гомдол гаргагчийн маргаж буй үндэслэлд оновчтой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнгүй.

7. Түүнчлэн Монголбанкны улсын байцаагч шийтгэлийн хуудас ногдуулах эрхтэй эсэх асуудлаар гомдол гаргагчаас маргаагүй бөгөөд харин Монголбанкны улсын байцаагч шийтгэлийн хуудас ногдуулахдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дүрэм, журам шинэчлэн батлах тухай А-6 дугаар тушаалаар батлагдсан Монголбанкны улсын байцаагчийн дүрэм-ийг зөрчсөн гэж маргасан.

8. Тодруулбал, Монголбанкны улсын байцаагчийн дүрэм-ийн 3.1-т Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална, 3.1.1-т Хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, бодитой байх ... шалгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх..., 3.2-т Хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч болон хяналт шалгалтын чиглэлийн эрх бүхий нэгжийн удирдлагын баталсан удирдамж, томилолтоор улсын байцаагчийн хяналт шалгалтын хүрээ, зорилго, чиглэл тодорхойлогдоно, 4.4-т Улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч болон хяналт шалгалтын чиглэлийн эрх бүхий нэгжийн удирдлагын баталсан удирдамж, томилолтын дагуу хяналт тавих, шалгалт хийх, 7.3.1-т Банк, санхүүгийн хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм, журам, заавар, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрийн биелэлтэд батлагдсан удирдамж, томилолтын дагуу хяналт, шалгалт хийх, хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэх, захиргааны шийтгэл ногдуулах, хэрэгжилтийг хянах, үр дүнг хангуулах гэж заасныг зөрчиж ямар нэгэн эрх бүхий албан тушаалтны удирдамж, томилолтгүй, дур мэдэн К б ХХК-д шийтгэл ногдуулж, үйл ажиллагаандаа удирдлага болгох дүрмийг зөрчиж ажилласан гэж маргасан.

9. Өөрөөр хэлбэл Монголбанкны улсын байцаагч хэмжээгүй эрхтэй албан тушаалтан биш бөгөөд үйл ажиллагаандаа зөвхөн хуулийг баримтлан ажиллах ёстой.

10. Гэвч К б ХХК-д үйл ажиллагаандаа Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмыг баримталсангүй гэж шийтгэл ногдуулсан атлаа нөгөө талдаа шийтгэл ногдуулж буй эрх бүхий албан тушаалтан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан журмыг баримтлалгүй шийтгэл ногдуулж байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, бодитой байх, тэгш эрхийн зарчим, шалгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх зэргийг алдагдуулж байгаад гомдолтой байна.

11. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0560 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 621 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Монголбанкны хянан шалгагч бөгөөд улсын байцаагч М.Анужин нь Кридет банк ХХК-ийн 2020 оны 1, 2 дугаар сарын тайлан, мөн цахим шуудангаар ирүүлсэн тайланд хяналт, шалгалт хийж тус банк Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаал батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааг хангаж ажиллагаагүй гэх зөрчил гаргасан гэж 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0050194 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

14. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд ...Монголбанкны улсын байцаагчийн дүрэм-ийн 3.1, 3.2-т заасан ... зарчмыг зөрчсөн, 4.4, 7.3.1-д заасныг зөрчиж ямар нэгэн эрх бүхий албан тушаалтны удирдамж, томилолтгүй хяналт шалгалт хийж шийтгэл ногдуулж, үйл ажиллагаандаа удирдлага болгох дүрмийг зөрчсөн... гэсэн үндэслэлээр гаргасан гомдлын хүрээнд хянаж шийдвэрлэлээ.

15. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Монголбанк нь арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавихаар зохицуулсан бөгөөд Монголбанкны хянан шалгагч уг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Монголбанкны хянан шалгагч бөгөөд улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ уг харилцаа ямар хууль, дүрмээр зохицуулагдсанаас хамаарч түүнд холбогдох процессын дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулах ёстой.

16. Энэ хэргийн тохиолдолд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1/-д банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох-оор зааснаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаал батлагдсан Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааг хангаж ажиллагаагүй гэх зөрчлийг илрүүлжээ.

17. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийг зөрчсөн / Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1/, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2/ хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх-ээр зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчлийг Монголбанкны хянан шалгагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19-д заасны дагуу хэрэгжүүлэхээр байна.

18. Монголбанкны хянан шалгагч нь К б ХХК-д холбогдуулан 2001000012 дугаартай зөрчлийн хэрэг нээж, К б ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр хуулийн хэлтсийн дарга И.Билгүүнийг томилж, холбогдогчоос мэдүүлэг, тайлбарыг авч, тус банкны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааны тухай 02/89, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцааны тухай 02/281 дүгээр албан бичиг, тэдгээрийн хавсралтаар хүргүүлсэн тус банкны бусад зохистой харьцааны биелэлтийн тайлангууд, мөн К б ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/422, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/346 дугаар албан бичгүүдийг үндэслэн 0050194 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулжээ.

19. Дээрх байдлаас дүгнэхэд, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг Монголбанкны хянан шалгагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19-д зааснаар уг хуулийн дагуу явуулах тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монголбанкны улсын байцаагчийн дүрмийг зөрчиж удирдамж, томилолтгүй хяналт шалгалт явуулсан гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй, бусад асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

20. Иймд, дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ий гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0560 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 621 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ТУНГАЛАГ 

                              ШҮҮГЧ                                                                  Ц.ЦОГТ