Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                            Хэргийн индекс:166/2018/422/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Д.Э,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А-т холбогдох эрүүгийн 1818006290515 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн Майхантын 2-р гудамжны 7-1 дүгээр худгийн орчим хамт архи ууж байсан иргэн Д.С-ын 280 000 төгрөгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.А-ын өгсөн: Би архи уучихсан согтуу байсан болохоор тэр өдрийг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Тэр өдөр би урьд нь таньдаг С-тай гудамжинд таарсан. Би тэр үед архи уучихсан байсан. Тэгээд С-ыг архи ууя гэж хэлсэн чинь С- дэлгүүр орж нэг шил 0,75 гр “Түмний хишиг“ нэртэй архи бас нэг хайрцаг тамхитай аваад хамт архиа уухаар болоод Майхантын гудамжинд байдаг худгийн хажууд очиж тэр архийг нь хувааж уусан. Тэгээд архи ууж байхдаа С- надад тэтгэврээ авсан гээд ярьж байсан. Би С-аас “Найздаа хоолны мөнгө байвал өгчихөөч. Хоол авч идэх гэсэн юм“ гэж хэлсэн. Тэгсэн чинь С- надад “Чамд мөнгө өгөхгүй, мөнгө байхгүй“ гэж хэлсэн. Тэгэхээр нь С-ыг сууж байхад нь хойш нь түлхэж унагаагаад өмдний халаасанд нь байсан мөнгийг нь аваад зугтаасан. Би тэр мөнгөөр нь хоол унд авч идээд дуусгасан. Миний мэдэхээр С-ын өмдний халааснаас нь авсан мөнгө 60  000 орчим төгрөг байсан. Би тэгж л санаад байна гэх мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Д.С-ын өгсөн: Би 2018 оны 7-р сарын 04-ны өдөр Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байх 18-н буудлын хажууд байдаг ХААН банкны тооцооны төв дээр очиж 7-р сарын тэтгэврээ авсан. Би 7-р сарын 04-ны өдөр 434 663 төгрөгийн тэтгэвэр авсан. Би тэтгэврээ авахдаа ганцаараа очиж авсан. Тэгээд гэртээ оччихоод Буян захын махны лангуун дээр очсон. Тэнд очоод би Уехал гэдэг эмэгтэйд махны өр гэж 150 000 төгрөг өгсөн. Мөн махны худалдагч Д- гээд эмэгтэйд махны өр гэж 75 000 орчим төгрөг өгсөн. Тэгээд миний халаасанд 284 000 орчим төгрөг үлдсэн байсныг бүгдийг нь А- аваад явчихсан. Би гэр лүүгээ харих гээд явж байтал захын үүдэнд урьд нь зүс таньдаг Аптанбаатартай таарсан. Тэгээд А- надаас нэг шил архи аваад өгчихөөч гээд гуйгаад салахгүй шалаад байхаар нь би дэлгүүр ороод нэг шил “Түмний хишиг“ гэдэг 0.75 гр архи авсан. Тэгээд А- бид хоёр манайх руу явж байхдаа гудамжинд 7-1-р худагны хажууд очиж хувааж уусан. Тэгсэн чинь Аптанбаатар архиа ууж дуусчихаад босож ирээд гэнэт миний өмдний халаас руу гараад хийгээд миний тэтгэврийн үлдсэн хэдэн төгрөгийг аваад явчихсан. Тэр үед худгийн авгай гарч ирээд “Яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь А- нарийн гудамжаар ороод яваад өгсөн. Би таягтай байсан болохоор босож явж чадахгүй Аптанбаатарын араас нь хашхираад үлдсэн гэх мэдүүлэг /хх 15-18/,

Гэрч Д.Ц-н өгсөн: ...Би худаг дээр байсан хүмүүст ус түгээгээд сууж байхад гэнэт С-ыг хамт архи ууж байсан хүн нь дараад авчихсан халаасыг нь уудлаад байж байсан. Тэгэхээр нь би “хөөе яаж байгаа юм бэ настай хүнийг” гэхэд С-ын дээрээс босоод нарийн гудмаар ороод явчихсан. С- босож ирээд миний мөнгийг аваад явчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 22/,

 

Гэрч Ж.Д-гийн өгсөн: 2018 оны 7-р сарын 4-5-ны өдөр 2 кг махны мөнгө болох 12 000 төгрөгийг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа С- мөнгөө дээрэмдүүлсэн гээд явж байсан гэх мэдүүлэг /хх 23/,

 

Гэрч С.У-н өгсөн: 2018 оны 7 дугаар сард С- 7 дугаар сарын тэтгэврээ аваад явж байна гээд 6-р сард зээлж авсан махны мөнгө болох 104 000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа С- мөнгөө хүнд булаалгасан гээд явж байсан гэх мэдүүлэг /хх 24/,

 

            Гэрч П.Б-н өгсөн: ...би усаа авчихаад гэртээ ирээд байж байхад С- ахын сэтгэцийн өвчтэй хүү болон Сонинбат орж ирээд “та манай гэрт ороод ирээч. Аавтай архи ууж байсан хүн мөнгийг нь аваад зугтсан гэнээ” гэж хэлсэн. Намайг худаг дээр очиход С- согтоод уначихсан байсан. Гэтэл худгийн ус түгээгч эгч “наад хүний чинь мөнгийг цуг архи ууж байсан хүн нь аваад зугтчихсан гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх 28/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хяналтын прокурорын зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг юм.

 

            Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 280 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс гаргуулж хохирогч Д.С-т олгох нь зүйтэй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.А-аас 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.С- т олгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ