| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0435/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\464 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018\ШЦТ\464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0435/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 1818000000519 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Цахирын 4-39 тоотод Б.Ш-тай хамт архидан согтуурч, улмаар Б.Ш-ыг зодож эрүүл мэндэд доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Б-гийн өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн орчим хадам ээж Б-н гэрт буюу Дархан сумын 1 дүгээр баг,******* тоотод очсон. Тэгэхэд манай хадам ээж гэртээ хамтран амьдрагч Н- болон Ш-, Э- нартай хамт нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би өмнө нь Э- ахад надад түрээсийн хямдхан байр олоод өгөөч гээд гуйчихсан байсан болохоор Э-ахаас та нөгөө байраа олж өгөх юу болсон бэ гэж асуухад байр асуудалгүй олноо ахдаа ганц шил архи аваад өгчих гэхээр нь нэг шил архи дэлгүүрээс авчирч өгөөд хамт хувааж уусан. Э-ахад та одоо залгаад байраа олоод өгөөч худлаа яриад байгаа юм биш биз дээ гэхэд Ш- гэх хүн манай найз худлаа ярих хүн бишээ гэхээр нь таньтай би яриагүй байна дуугүй бай гэхэд над руу олон юм яриад байхаар нь би Ш-ын уруул руу гараараа нэг удаа цохичихсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Ш-ыг гэрээс гаргахад буцаж орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад яваад өгсөн. Намайг хадам ээжийнхээ гэрт эхнэр хүүхдүүдтэйгээ хамт унтаж байхад шөнө 01 цагийн орчим цагдаа нар ирээд намайг Ш-ын уруулыг цохиж гэмтээсэн байна гэж хэлээд эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Ш-ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн танил Н-той Бирж дээр тааралдаад тэдний гэрт буюу Дархан сумын 1 дүгээр баг Цахирын ******* тоотод очсон. Тэгэхэд Н-ийн гэрт түүний эхнэр Б-, Э-нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид хэд нийлээд уугаад сууж байтал Б-гийн хүргэн гэх залуу орж ирсэн. Тэр залуу манай найз Э-оос та түрээсийн байр олж өгнө гэчихээд яасан бэ гэхэд Э-ах нь байрыг нь асуудалгүй олж өгнө ахдаа ганц шил архи аваад өгчих гэсэн. Тэгтэл нөгөө залуу Э-ах та худлаа яриад байгаа юм биш биз дээ гээд асуугаад байхаар нь би тэр залууд хандаж манай найз Э-хүнд худлаа ярьдаг хүн биш, тэр байр чинь гадуур зөндөө байгаа зурагтаар дүүрэн зар явж байгаа гээд хэлэхэд таньд хамаагүй гээд надтай маргалдаж байгаад миний уруул руу гараараа нэг удаа цохиход миний доод уруулаас цус гарсан. Тэгэхэд Н- намайг гэрээс гаргаад явуулсан гэх мэдүүлэг /хх 6-7/,
Гэрч Ц.Б-гийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай гэрт нөхөр Н-, найз Э-, Ш- бид хэд архи уугаад сууж байсан. Тэгэхэд манай хүргэн Ж.Б- гаднаас орж ирээд бид нараас мэнд мэдээд *******, Э-оос та нөгөө олж өгнө гэсэн түрээсийн байраа хэзээ олж өгөх юм бэ гэж асуухад Э-ах нь асуудалгүй олоод өгнө ахдаа ганц юм аваад өгчих гээд Б-гээр нэг шил архи авахуулсан. Тэр архиа ууцгааж байгаад Б- Э- ах та байр олж өгөх юм уу, үнэн яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу гэж асуухад хажуунаас Ш- манай найз худлаа ярьдаг хүн биш тэр байрыг чинь асуудалгүй олно гэж хэлэхэд Б- таньтай яриагүй байхад дуугүй байж байгаарай гээд маргаан эхэлсэн. Тэгээд маргалдаад байхаар нь Ш-ыг 2 удаа гэрээс хөөж гаргасан. Тэгэхэд Ш- буцаж орж ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь Б- нь Ш-ын уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Ш-ын амнаас бага зэргийн цус гарсан. Тэгээд манай нөхөр Ш-ыг дагуулж гараад гэр рүү нь явуулсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Шөнө унтаж байхад Б-г цагдаа нар ирээд хүн зодсон байна гэж хэлээд аваад явсан гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч******* өгсөн: Миний дүү хэлэхдээ ******* гэх хүнтэй архи уусан гэж хэлсэн. Дарханд Тосгонд архи ууж байгаад зодуулсан гэж хэлсэн. Надад нэг утасны дугаар өгөөд намайг зодсон хүний утасны дугаар гэж хэлсэн. Тэр утас руу нь залгахад танай дүү өөрөөсөө болж зодуулсан гэж хэлсэн. ...би дүүгээ Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж үзүүлсэн. 6 оёдол тавиулсан гэх мэдүүлэг /хх 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1141 дугаартай дүгнэлтэд: “1.Б.Ш-ын биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 15/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 47-р хуудсанд авагдсан хохирогч Б.Ш-ын “...Ж.Б-тэй сайн дураараа эвлэрсэн. Цаашид гомдол, санал хүсэлт байхгүй” гэх тэмдэглэлээр шүүгдэгч Ж.Б- нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ж.Б- нь 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хоёр удаагийн ял шийтгэлтэй болох нь хавтаст хэргийн 23-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 49-59-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Ж.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ