| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0035/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 35
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Одыг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Б, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш.Б-д холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1981 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж харгалзсан, мөн Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, бие эрүүл гэх, ЖИ регистрийн дугаартай, Б овогт Ш.Б.
Шүүгдэгч Б нь согтуугаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гурваны булаг” гэх газарт 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Зууннастыг зодож, ...биед нь зүүн нүдний доод зовхины хуралт, дээд уруулын няцарсан шарх, дээд уруулын дотор салстын язрал...бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Г.Зууннаст мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б уусан архиндаа согтоод чи намайг дууддаг хэн бэ?, чи манай гэрээр ордоггүй” гээд маргаж байхдаа Б нүүр рүү маань 2-3 удаа цохисон, ...дээлний энгэрээс зулгааж чирж байхдаа миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд тэр үед би гэрээс гарч зугтаад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Б.Болдчулуун мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Зууннаст бид хоёр 1 литр гаран нэрмэл архи уугаад байж байхад манай хүргэн Б гаднаас малаа услаад ирлээ гээд ороод ирсэн. ...би дахин 1.5 литр нэрмэл архи гарган бид гурав хувааж уусан. Манай хүргэн Б Зууннастад нэг нутаг усны хүмүүс байж манай гэрээр орж гарахгүй гээд үг хаяад байсан. Би архиндаа согтсон болохоор юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот дүгнэлтэд: "1. Г.Зууннастын биед гэмтэл зүүн нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, дээд уруулын дотор салстын язрал тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 33/
Шүүгдэгч Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гурваны булаг” гэх газарт 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Г.Зууннасттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож биед нь зүүн нүдний доод зовхины хуралт, дээд уруулын няцарсан шарх, дээд уруулын дотор салстын язрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...Би Г.Зууннастыг мэддэг болоод 3-4 жил болж байна. ...өмнө ямар нэгэн байдлаар маргаж муудалцаж байгаагүй. ...тухайн үед уурандаа зүүн гараараа Зууннастын нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Зууннастын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б уусан архиндаа согтоод чи намайг дууддаг хэн бэ?, чи манай гэрээр ордоггүй” гээд маргаж байхдаа Б нүүр рүү маань 2-3 удаа цохисон, ...дээлний энгэрээс зулгааж чирж байхдаа миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Б.Болдчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зууннаст бид хоёр 1 литр гаран нэрмэл архи уугаад байж байхад манай хүргэн Б гаднаас малаа услаад ирлээ гээд ороод ирсэн. ...би дахин 1.5 литр нэрмэл архи гарган бид гурав хувааж уусан. Манай хүргэн Б Зууннастад нэг нутаг усны хүмүүс байна манай гэрээр орж гарахгүй гээд үг хаяаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Зууннастын биед учирсан “зүүн нүдний доод зовхины цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, дээд уруулын дотор салстын язрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Бгийн хохирогч Г.Зууннастын нүүрэн тус газарт нь гараараа санаатайгаар 2-3 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б-гийн ЖИ8102 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б-гийн ЖИ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР