Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 181/2021/02785/И |
Дугаар | 210/МА2023/01163 |
Огноо | 2023-06-12 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2023/01163
2023 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 210/МА2023/01163 |
А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00886 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-т холбогдох,
Хашаа байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, учирсан хохирол болох 1,481,962 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А-э нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлх 36 дугаар гудамжны 226 тоот хаягт байрлах газрыг анх 1989 онд авч, 1996 оноос өвөл зуны байшин барьж амьдарч эхэлсэн ба 2004 онд уг 18645319736294 нэгж талбарын дугаар бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гарч, 2005 онд газар өмчлөх гэрчилгээг авсан.
Нэхэмжлэгч нь сүүлийн жилүүдэд зуны улиралд зуслангийн зориулалтаар газар дээрээ ирж очих байдалтай байсан. Дээрх газрын банзан хашаа хуучирч муудсан тул нэхэмжлэгч нь 4 тал банзан хашааг 2021 оны 07 дугаар сараас эхлэн бетонон хашаа болгож сольж бариулах үед хэмжилт хийлгэхдээ газрын урд хэсэг рүү урд талын айлын газар болон байшингийн хойд хана, суурь, усны хаялга нь орсон байгааг олж мэдээд Сүхбаатар дүүргийн газрын албанд хандан өөрийн газрын кадастрын зургаа 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн.
Кадастрын хэмжилт хийлгэхэд нэхэмжлэгчийн газрын урд талд буюу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлх 36 дугаар гудамж, 225 тоот хаягт байрлах газар болон байшингийн өмчлөгч Б- нь байшингаа өргөтгөж 2 давхар болгохдоо байшингийн ард талын ханыг 37 см-ээр, байшингийн арын усны хаялгыг 40 см-ээр, нийт 77 см хойш нь гаргаж, ар талын хашаагаа 20 см нэхэмжлэгчийн өмчлөлийн газар руу сунгаж барьсан болохыг олж тогтоосон.
Энэ талаар Б-тай уулзаж хэлэхэд хашаа байшингаа сунгаж барьсан талаар хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагчийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчийн газрын урд талын бетонон хашааг суурилуулж чадахгүй хугацаа алдаж хохирч байна. Мөн нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэд халдсан хариуцагчийн дээрх хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчид газрын хэмжилт хийлгэх, кадастрын зураг хийлгэх, такси барьж газрын алба болон газар дээрээ очих, машиндаа бензин хийж кадастрын хэмжилт хийдэг хувь хүн байгууллагатай уулзах, шүүхэд хандахад өмгөөлөгчөөс өмгөөллийн үйлчилгээ авах зэргээр зардал, хохирол гарсан.
Иймд нэхэмжлэгчийн газар руу сунгаж барьсан хариуцагчийн өмчлөлийн байшингийн ар талын хэсэг болон хашааг буулгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 226 тоот хаягт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хариуцагч Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.
Газар өмчлөх эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол болох “Бизкад” ХХК-аар газар хэмжүүлж эргэлтийн цэг бэхлүүлсэн зардал 75,000 төгрөг, “Лэнд пойнт” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн зардал 85,000 төгрөг, кадастрын хэмжилт хийлгэж нэг цэг тогтоолгосон хөлс 25,000 төгрөг, “Баян өлгий капитал” ХХК-аар эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 40,000 төгрөг, бензины зардал 171,482 төгрөг, такси хөлсөлсний зардал 83,000 төгрөг, шуудангийн зардал 2,480 төгрөг, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөг, хоёр удаа шинжээчид төлсөн хөлс 1,485,597 төгрөг нийт 2,967,559 төгрөгийг хариуцагч Б-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2014 онд Д.Ганбаатараас Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 225 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамтаар худалдаж аваад байшингаа хоёр давхар болгосон. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ганбаатар нь 1998 онд барьсан гэдэг. Нэхэмжлэгч 2005 онд эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдсөнийг мэдэж байсан боловч шүүхээр шийдүүлээгүй.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийн хариуцагч Б-т холбогдох газар чөлөөлүүлэх, хашаа байшингийн хэсгийг буулгуулах, гэм хорын хохиролд 2,967,559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2021 оны 08 дугаар сард барилгыг 2 давхар болгосон тухай тайлбарласан. Нэхэмжлэгчийн хувьд ч мөн адил хуучин модон хашаагаа бетон хашаа болгож солиулах үед хариуцагчийн байшин нэхэмжлэгчийн өмчлөлийн газар руу орсон болохыг анх мэдээд 2021 оны 08 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж хэмжилт хийлгэж маргаж эхэлсэн. Анхан шатны шүүх 2014 онд байшингаа зузаатгаж, өндөрлөснийг нь мэдэж байсан боловч шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Д.Ганбаатарын мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн газрын албанаас гаргуулж авсан кадастрын зургаас харахад хөрш залгаа өмнөх өмчлөгч болох Д.Ганбаатарын 1 давхар цагаан байшин нь 2021 оны 08 дугаар сар хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газар руу давхцаж ороогүй байсан болох нь харагддаг. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмчлөлийн газар дээрээ байнга оршин сууж амьдардаггүй тул хариуцагч байшингаа 2 давхар болгож өндөрлөж, ханаа тоосгоор зузаатгах үед хажууд нь хараад зогсож байгаагүй, харин өөрийнх нь газар руу орсон байж болзошгүй гэдгийг мэдсэн даруйдаа газрын албанд хандаж, хариуцагчид шаардлага хүргүүлж, улмаар шүүхэд хандаж хөршийн хил зөрчсөн үйлдлийг эсэргүүцсэн байдаг.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хариуцагчийн хашаа 1 м.кв-аар түрж орсон байна гэж зөв дүгнэсэн атлаа хашаа давхацсан маргаанд огт хамааралгүй хуулийн заалт буюу барилга байгууламж давхацсан тохиолдолд хэрэглэх заалт болох Иргэний хуулийн 137.1 дэх хэсгийг хэрэглэж алдаа гаргажээ. Зүй нь шүүх Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар бичгээр гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийг зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А-э нь хариуцагч Б-т холбогдуулан хашаа байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, мөн 1,481,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх ажиллагаа, маргааны зүйлд хамаарах хуулийг тайлбарлан хэрэглэхдээ буруу дүгнэлт өгсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Уг алдааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч А-э нь гэр бүлийн гишүүдийн хамтаар 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 226 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх 8-9/,
хариуцагч Б- нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 225 хаягт байрлах 560 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн /хх 129-130/,
4.2. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийсэн нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийн хэмжилтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газар руу хариуцагчийн байшин 0.3 метрээр нэвтэрсэн байсныг тогтоосон /хх 9-11/,
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 2022/21 тоот дүгнэлтээр зохигчдод анх газрыг олгохдоо кадастрын мэдээллийн санд давхцалгүй бүртгэсэн боловч хэмжилт хийхэд хариуцагчийн хашаалсан газар нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай 1 м.кв талбайгаар давхацсан болохыг тогтоосон /хх 74-82/,
2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/51 тоот дүгнэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай хариуцагчийн өмчлөлийн байшин нь 2 м.кв, байшингийн хаяавч 4 м.кв талбайгаар давхацсан болохыг тогтоосон /хх 114-121/.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нарын өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар хөрш залгаа эд хөрөнгөд хамаарч байна.
Хариуцагч нь өөрийн өмчлөлийн газраас илүү гаргаж нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг оруулж барьсан үйл баримт тогтоогдсон.
5.1. Хөрш залгаа эд хөрөнгөтэй холбоотой маргаанд өмчлөгчийн шаардах эрх болон хөршийн эрхийн холбогдох хуулийн зохицуулалтын алийг нь сонгож хэрэглэх нь маргааны үйл баримтаас хамаарна.
Зохигчийн хооронд үүссэн энэхүү маргааны хувьд хариуцагч нь хөршийн эрхийн хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн газарт оруулж барьсан гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.1, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагч Б- нь зайлшгүй шаардлагын улмаас, тухайлбал өөрийн өмчлөлийн газарт барилга байгууламж шинээр барих, өргөтгөх боломжгүйн улмаас хөрш залгаа эд хөрөнгийн хилийг давж үл хөдлөх эд хөрөнгө болон хашаа барьсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь хөршийн эрхээ хэрэгжүүлээгүй, харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах өмчлөгчийн эрхээ хэтрүүлсэн үйлдэл гаргажээ.
Энэ тохиолдолд хөршийн эрх бус, харин өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалт үйлчлэх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-э нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
5.2. 2014 онд Б-т газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдсан Д.Ганбаатарын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ... газрыг худалдах үед А-этэй аливаа газрын маргаан үүсч байгаагүй ... гэх мэдүүлэг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хийсэн нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийн хэмжилт зэргээр А-э нь өөрийн өмчлөх эрх зөрчигдсөнийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн гэж дүгнэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар арван жил тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
5.3. Хариуцагч нь өмчлөх эрхээ хэтрүүлж нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр байшин 2 м.кв, байшингийн хаяавч 4 м.кв, хашаа 1 м тус тус оруулж барьсан нь нотлогдсон тул үүнийг буулгуулах, чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.
5.4. Ийнхүү нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцүүлэх үүднээс нэхэмжлэлийн шаардлага, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал, шийдвэр хэрэгжих боломжтой байх зэргийг харгалзаж шийдвэрт өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн байшингийн ар талын ханыг 37 см, байшингийн арын усны хаялгыг 40 см, ар талын хашааг 20 см тус тус буулгуулахаар шаардлагаа тодорхойлсон боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч А-ийн өмчлөлийн газрын кадастрын зургаар тогтоосон хил хязгаар руу давж орж баригдсан байшингийн арын хэсгээс 2 м.кв, байшингийн арын хаяавчаас 4 м.кв талбайн хэмжээгээр, мөн нэхэмжлэгчийн газар руу кадастрын зургаар илүү орж хашаалсан хашааг тус тус буулгаж, газрыг чөлөөлөхийг хариуцагч Б-т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн байшингийн арын ханын хэсгээс нэхэмжлэгчийн газрын кадастрын зургаар тогтоосон хил хязгаар руу илүү орсон хэсгийг буулгах нийт хэмжээ нь 2 м.кв, арын хаяавчны хэсгийг буулгах нийт хэмжээ нь 4 м.кв-аас илүүгүй байна. Харин хариуцагчийн хашааг буулгах хэмжээ нь нэхэмжлэгчийн газрын кадастрын зургаар тогтоосон хил хязгаар руу илүү оруулж барьсан хэмжээгээр тогтоогдоно.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах явцад “Бизкад” ХХК-аар газар хэмжүүлж эргэлтийн цэг бэхлүүлсэн зардал 75,000 төгрөг, “Лэнд пойнт” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн зардал 85,000 төгрөг, кадастрын хэмжилт хийлгэж нэг цэг тогтоолгосон хөлс 25,000 төгрөг, “Баян өлгий капитал” ХХК-аар эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 40,000 төгрөг, шуудангийн зардал 2,480 төгрөг, нийт 227,480 төгрөгийн зардал гаргасан болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.1. Харин нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал 171,482 төгрөг, такси хөлсөлсний зардал 83,000 төгрөг, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөг, нийт 1,254,482 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь өөрсдийнх нь эрх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ төлсөн хөлсийг хариуцагчийн буруугаас учирсан хохиролд тооцох боломжгүй, мөн шатахууны зардлын баримт болон такси хөлсөлсний зардал нь хэрэгт хамааралтай болох нь нотлогдоогүй.
6.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардал 1,485,597 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн нь буруу байх ба үүнийг шүүхийн зардал хуваарилах заалтаар залруулна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шинжээчийн зардал 1,485,597 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан учраас тэмдэгтийн хураамж 77,674 төгрөг, шинжээчийн зардал 742,798 /1,485,597÷2/ төгрөг, нийт 820,472 төгрөгийг хариуцагчид хариуцуулна.
8. Зохих журмын дагуу томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй боловч зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт нийцсэн болохыг дурдав.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00886 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийн Г-2203001286 дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өмчилж буй Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлх 36 дугаар гудамж, 226 тоот хаягт байрлах газрын кадастрын зургаар тогтоогдсон 700 м.кв талбайн хил хязгаарыг давж орж барьсан байшингийн арын ханын хэсгээс 2 м.кв талбай, байшингийн арын хэсгийн хаяавчаас 4 м.кв талбай, уг газарт кадастрын зургаар илүү орж хашаалсан хашааг тус тус буулгаж, нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөхийг хариуцагч Б-т даалгаж,
хариуцагч Б-аас 227,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,254,482 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 77,674 төгрөг, шинжээчийн зардал 742,798 төгрөг, нийт 820,472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-эд олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Т.БАДРАХ