| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2022/02525/И |
| Дугаар | 210/МА2023/01034 |
| Огноо | 2023-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2023/01034
| 2023 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2023/01034 |
А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/00659 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Б- нь нэхэмжлэгч А-ын ажиллуулдаг барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг Г ХХК-д хандан дараах эд хөрөнгүүдийг барьцаалж, дор дурдсан мөнгөн хөрөнгө тус бүрийг хүүтэй зээлсэн байдаг. Үүнд:
а/ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр iphone 7 prus загварын гар утас 1 ширхэгийг барьцаалан 1,600,000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй,
б/ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр iphone 7 prus загварын гар утас 1 ширхэг, Асе j1 загварын гар утас 1 ширхэг, нийт 2 ширхэг хөрөнгийг барьцаалан 1,720,000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй,
в/ 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр iphone 7 prus загварын гар утас 1 ширхэгийг барьцаалан 1,700,000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй,
г/ 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр iраd рrо загварын таблет 1 ширхэгийг барьцаалан 1,800,000 төгрөгийг 14 хоногийн 7 хувийн хүүтэй тус тус зээлсэн.
Зээлдэгч Б- энэхүү гэрээний дагуу эхний 2-3 удаагийн сунгалтын төлбөрийг хийж хугацааг сунгуулж байсан. Сүүлдээ барьцааны зүйлсийн үнэ унах гээд мөн Б- хуурай эгч дүүсийн харилцаагаа бодоод хөрөнгөө авья, хүүгийн хөнгөлөлт үзүүлээч гэсний дагуу барьцааны хөрөнгүүдийг нь буцааж өгсөн.
Зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, хуурай эгч дүүс гэсэн харилцаанд үндэслэж Б-гээс авах ёстой төлбөрийн хэмжээг бууруулан үнийн дүнг 11,700,000 төгрөг болгож Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан гэрээний үүргийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг болгож 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Г ХХК-аас шаардах эрхийг нэхэмжлэгч А-д шилжүүлсэн.
Уг гэрээний дагуу Б- 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээнд заасан төлбөрийг бөөнд нь төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй. Иймд хариуцагч Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 11,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2020 онд өмнөх дөрвөн зээлийн гэрээг нийлүүлэн хуримтлагдсан хүү, алдангийг нэмж тооцоод 20,000,000 төгрөг болсныг багасгаж 11,700,000 төгрөгөөр гэрээг хийсэн. Хариуцагч зээлийн гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа нь тодорхой бус байна.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2016-2017 оны зээлийн гэрээний төлбөрийг төлж, барьцааны зүйлээ буцааж авсан. Үүний дараа А-аас 10,000,000 төгрөг зээлэх боломжтой эсэх талаар асуусан ба жилийн хугацаатай, багахан хүү тооцоод 11,700,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулна гэхэд нь зөвшөөрч, 2020 онд гэрээ байгуулсан. Мөнгөө дансаар шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй. Гэтэл өгөөгүй мөнгөө бүтэн 2 жилийн дараа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 11,700,000 төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд А- 10,000,000 төгрөг зээлнэ гээд 1 жилийн хугацаатай 1,700,000 төгрөгийн хүүг тооцож зээлийн гэрээ бичсэн боловч уг гэрээний дагуу надад огт мөнгө өгөөгүй. Мөн тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа ч барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон төлбөр хэмээн худал тайлбар гаргасан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гээс 8,817,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,883,000 төгрөг болон талуудын хоорондох 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,150 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 202,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 156,022 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 11,700,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж тайлбарласан.
Тодруулбал, талууд өмнө нь үүссэн барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийг иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэг болгосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээний үүрэг сольсон талаарх нотлох баримтгүй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
Барьцаалан зээлдүүлэх газраас 4 удаа зээл авснаа хариуцагч бүрэн төлж, өөрийн барьцаанд тавьсан гар утас, таблетуудыг буцаан авсан үйл баримтыг нотлогдож байхад шүүхээс 2016, 2017 оны зээлийн гэрээний үүрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2016-2017 оны зээлийн гэрээг нэгтгээд, хүүг нь хасаад 11,700,000 төгрөг болгоод нотариатаар баталгаажуулсан гэж үзвэл нотариатч уг гэрээг байгуулах үйлдлийг гэрчлэх боломж хуулиар хориотой. Барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийг солих тохиолдолд уг гэрээг заавал хавсаргаж, улмаар төлбөр барагдуулах гэрээг хоёр талаас байгуулж, байгуулсан гэрээндээ барьцаалан зээлдүүлэх газраас авсан уг зээлийг төлөөгүй тул гэж тусгуулах байсан.
Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг үндэслэн байгуулсан байхад анхан шатны шүүх мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 8,817,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Зээлдэгч зээлээ төлөөгүй байхад ямар ч тохиолдолд барьцааны зүйлийг буцаан өгөх боломжгүй юм. Уг байдлыг шүүхээс үнэлж дүгнээгүй байгаа нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар шийдвэрлэх агуулгыг зөрчсөн байна.
Түүнчлэн шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй тул хууль бус хэлцэл гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргасныг үнэн зөв бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б- 11,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан. Энэхүү үүргийг талууд нэгтгэн хуульд заасны дагуу гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээний үүрэг өөрчлөгдсөн талаар нотлох баримт нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ юм. Зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас үйл баримтыг буруу тогтоож, хууль тайлбарлан хэрэглэхдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч А- нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Жебзо ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг ашиглан хариуцагч Б-д 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,600,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,360,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөг болон 1,800,000 төгрөг, нийт 8,460,000 төгрөгийг зээлсэн, үүнээс хариуцагч 778,000 төгрөгийг буцааж төлсөн /хх 26-29/,
3.2. Дээрх 4 удаагийн зээлийн үүргийг баталгаажуулж талууд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулахдаа үүргийн хэмжээг 11,700,000 төгрөг гэж заасан ба уг гэрээний дагуу аливаа мөнгөн хөрөнгө шилжээгүй /хх 6-7/,
3.3. Жебзо ХХК болон Г ХХК-ийн зүгээс хариуцагч Б-д мөнгөн хөрөнгө шилжүүлж өгөөгүй, гэрээ байгуулаагүй.
4. А- болон Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Тухайлбал, нэхэмжлэгч нь 2016-2017 онд хариуцагчид 8,460,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба үүнийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр гэрээ байгуулан баталгаажуулжээ.
4.1. Нэхэмжлэгчийн зүгээс 2016-2017 онд байгуулсан 4 гэрээ нь Жебзо ХХК-ийн баримтыг ашиглан Г ХХК нь Б-тэй барьцаалан зээлдүүлэх журмаар гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг сольж зээлийн гэрээ болгож өөрчилсөн гэж тайлбарладаг.
Гэвч хэрэгт Г ХХК нь Б-тэй гэрээ байгуулсан баримт авагдаагүй, 2016-2017 онд Жебзо ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг ашиглан бусадтай гэрээ байгуулах эрх Г ХХК болон А-д олгогдсон байсан гэдэг нь нотлогдоогүй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж барьцаалан зээлдүүлэх журмаар байгуулсан гэрээний өрийг нэхэмжлэгч шилжүүлэн авсан гэж алдаатай дүгнэснийг Г ХХК нь Б-тэй гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч өр шилжүүлэн аваагүй, харин А- нь 2016 болон 2017 онд Б-тэй зээлийн гэрээ байгуулсан гэж залруулан дүгнэв.
4.2. Зохигч нь 2016-2017 онд 4 удаа зээлийн гэрээ байгуулахдаа Жебзо ХХК-ийн гэрээний стандарт нөхцөл бүхий баримт ашигласан, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр зээлийн гэрээг нөхөж хийсэн зэргийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй.
4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу 8,460,000 төгрөг шилжүүлснээс 778,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 7,682,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Хариуцагчийн зүгээс зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж буй боловч энэ байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Мөн барьцааны зүйлийг хариуцагч буцаан авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
5. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч холбогдох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг зөвтгөнө.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/00659 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б-гээс 7,682,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,018,00 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч А-д холбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын 156,022 төгрөг гэснийг 137,862 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 156,022 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ