| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0036/э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 36
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хурган овогт Д.М-д холбогдох 1821005540359 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, .....ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо Өнөр хорооллын .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хурган овогт Д.М.
Шүүгдэгч Хурган овогт Д.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан болон холбогдох бусад заалтыг зөрчиж Ш.Гийг ажиллуулсны улмаас 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн нутагт байрлах “....” бригадын төв дээр Ш.Г нь ... 670В маркийн комбайны бункерт байрлах шруфэнд орж нас барсан өөрөөр хэлбэл Д.М нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ш.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Прокуророос санал болгож буй эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд намайг ажил дээрээ байхад хадам ах Гомбодорж орж ирээд “нөхөр чинь ажил дээрээ өнгөрчихлөө” гэж хэлсэн. Шөнө моргт ирэхэд нь комбайны шрүфэнд орж нас барсан болохыг нь мэдсэн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн ослын хохиролд 40800.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан болно. Иймд миний бие хохирлоо бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн 24-26, 144 тал/
Гэрч Т.Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд намайг өрөөндөө унтаж байхад манай дүү Наранбаатар Эрдэнээ бид хоёрыг дуудсан юм. Ингээд цементэн талбай дээр байсан комбайн руу очиход Эрдэнээ түрүүлээд очсон байсан бөгөөд Наранбаатар “Ш.Г ах ийшээ орооцолдоод нас барчихлаа ш дээ” гэж хэлээд сандарсан байдалтай зогсож байсан. Би комбайн дээр гараад харсан чинь талийгаач Ш.Гийн зүүн хөл болон баруун гар тасарчихсан, нуруугаараа бункер налсан байдалтай нас барсан байсан” гэжээ. /хх-ийн 35-36 тал/
Гэрч Б.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хоёр ажилтандаа хоол хүргэж өгчихөөд буцаад ирсэн чинь Мөнхсайхан захирлын царай сонин болоод уйлчихсан байдалтай зогсож байсан учраас юу болсныг асуухад “Төмөрөө шинк рүүгээ ороод нас барчихлаа, чи буцаад Жаргалсайхан, Буянхишиг нарыг аваад ир” гэж хэлээд явуулсан. Талийгаач Ш.Г ах тэр өдөр комбайнаа цэвэрлэж, тохиргоо хийнэ гэж хэлээд үлдсэн юм” гэжээ. /хх-ийн 38-39 тал/
Гэрч А.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/
Гэрч Ц.Май-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21 тал/
.....ХХК-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тушаалууд /хх-ийн 98-115 тал/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 тал/
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12-06-033-004 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-75 тал/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018-Н/33 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83 тал/
Шинжээч М.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 139-141 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хурган овогт Д.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан болон холбогдох бусад заалтыг зөрчиж Ш.Гийг ажиллуулсны улмаас 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн нутагт байрлах “...” бригадын төв дээр хохирогч Ш.Г нь ...... 670В маркийн комбайны бункерт байрлах шруфэнд орж нас барсан өөрөөр хэлбэл Д.М нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ш.Г-ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн төлөөлөгч Б.А, гэрч Т.Нямбаяр, Б.Батболд, А.Наранбаатар, Ц.Май-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, .....ХХК-ийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, тушаалууд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дугаартай дүгнэлт, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №12-06-033-004 дугаартай дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2018-Н/33 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээч М.Ууганбаатарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.М-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.М-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас Ш.Г-ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн төлөөлөгч Б.А нь “.....ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 40800.000 төгрөгийг авсан, хохирол төлбөрөө авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хурган овогт Д.М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.М-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.М-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М-ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ