Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01035

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01035

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/00107 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-ад холбогдох,

Гэм хорын хохиролд 1,783,257 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хьюндей Портер маркийн 10-**УБР улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.4 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1079 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч А-ын биеийн байдал сайжрахгүй, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг гаргах талаар шүүхийн шийдвэр гарснаас хойш дахин эмчилгээний зардалд 1,783,257 төгрөг гарсан ба уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өмнө нь шүүх 3,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг биелүүлж, төлбөрийг төлж дуусгасан. Мөн эмнэлэгт байх хугацаанд нь эмчилгээний төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Хятад эм 3,000,000 төгрөгөөр авна гэхэд нь тал мөнгө болох 1,500,000 төгрөг өгсөн. Мөн лам, бөөд үзүүлнэ гэхэд нь 500,000 төгрөг өгсөн. Би автомашинаа худалдаж, эмчилгээний төлбөрийг нь төлсөн, одоо ажилгүй тул надад төлөх мөнгө байхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-аас 1,783,257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,482 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч Б- нь өөрийн эзэмшлийн Портер маркийн УБР 10-** улсын дугаартай автомашинаа унаад гэрч Б.Алимаагийн хамт явж байхад явган зорчигч А- нь гарцгүй газраар гэнэт гүйж гарч ирсэн тул Б- шууд зогсоох арга хэмжээ авч автомашинаа зогсоосон. Энэ нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрч Б.Алимаагийн мэдүүлгээс харагдана. Иргэний хуулийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгана гэсний дагуу эрүүл мэндийн хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2 Б- нь ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хамаардаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохиролд 12 сая төгрөгийг машинаа зарж, зээл авч нөхөн төлсөн. Мөн хохирогч иргэний шүүхэд 3,000,000 төгрөг нэхэмжилснийг төлсний дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж 1,783,257 төгрөгийг нэхэмжилсэн нь өмнөх хохирлын мөнгийг давхардуулж нэхэмжилж байна. Нэхэмжлэгч эмчилгээний мөнгө нэхэмжлэхдээ НӨАТ-ын баримтууд гаргаж өгсөн боловч уг эм тариаг ямар эмнэлэгт хэн гэж эмч үзээд ямар онош бичсэний дагуу хэн гэдэг хүний авч хэрэглэсэн эм, тариа болох нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг анхаарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ад холбогдуулан гэм хорын хохиролд 1,783,257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1079 дугаар шийтгэх тогтоолоор Б- нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд, Хьюндей Портер маркийн 10-**УБР дугаартай автомашин жолоодож явах үедээ А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоосон /хх 5-8/.

3.2. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 556405 дугаар шийдвэрээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд А-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон /хх 4/.

 

4. Хариуцагчийн тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа нэхэмжлэгчийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, үүнтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх тул Б- нь А-ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэв.

 

4.1. А-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн хор уршиг арилаагүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 556405 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан эм тариа, эмчилгээний зардал 1,783,257 төгрөгийг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ /хх 9-14/.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал тайлбараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг няцаагаагүй, нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн эмчилгээний зардлыг давхардуулж нэхэмжилсэн, эмчийн оношийн дагуу эм тариа авсан нь мэдэгдэхгүй, зардлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэл нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн болох нь нотлогдоогүй, харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1079 дугаар шийтгэх тогтоолоор тухайн зам тээврийн осол гарсанд Б- гэм буруутай болохыг тогтоосон.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг бууруулах үндэслэлгүй.

 

5. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ