Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00009

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Г.Баяраа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1815003740214 дугаартай, 163/2019/0010/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бугат сумын Ачуут 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт  Б.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Майдарын горхи” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 6.68м3 мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цас орох шинжтэй байсан учраас түлшний модны зөвшөөрөл авахаар Шийрэвжамцтай уулзсан. Нэг, нэг машин мод өгнө, модондоо яв, нэгдсэн журмаар мод бэлтгэх эрхийг бичиг бичнэ гэж хэлсэн. Ингээд би модондоо явсан. Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн “Байшинт” гэх газрын уулын амнаас мод бэлтгэсэн бөгөөд буцаж ирэх замдаа шалгалттай тааралдаж бичиг баримтаа хураалгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн гэв.

1815003740214 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Я.А өгсөн: “... Б.Ц танина, Байшинт гэх газар амьдардаг. ... Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн “Нүхэн хад” гэх газар нь энэ жил талбайн тусгаарлалт хийгдээгүй. Мод бэлтгэх эрх үүсээгүй газар юм. Мод бэлтгэх  зөвшөөрлийг надаас авах ёстой, өөр хүн өгөх ёсгүй. ... Нөхөрлөлийн дарга мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрхгүй. ... Манай сумын зүгээс ойд учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 17 тал/,

Гэрч Э.Д өгсөн: “... Дашням бид хоёр хуваарийн дагуу өдрийн эрүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн орчимд Булган аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Батхөлөг нь Дашням руу залгаад “Байшинт” гэх газар мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн мэдээлэл байна гээд шалгах үүрэг өгсөн. Дашням бид хоёр **-** УБН улсын дугаартай машинаар Малчны хороонд очсон бөгөөд мод ачсан байдалтай Энхбаяр, Эрдэнэбаяр, Ганзориг гэх залуус байсан. Бид хоёр тэднийг шалгаж байтал Малчны хорооны баруун талын жалгаар мод ачсан хөх өнгийн “Porter” машин явж байхаар нь би ганцаараа очиж шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцад хэлчихсэн, цас орохоос өмнө түлшний мод буулгах гэсэн юм гэж хэлсэн. Ойн байцаагч Цогтбаярын жолооны үнэмлэхийг надад өгсөн. Тухайн машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 18 тал/,  

Гэрч Н.Э өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед манай хажууд байдаг Б.Ц машинаа асаахаар нь яваад очиход тэрээр модонд явах гэж байгаагаа хэлсэн. “Байшинт” гэх газрын уулын ам руу модонд явна гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би хамт явж модны үйс түүе гэхэд зөвшөөрсөн. Бид хоёр нөхөрлөлийн дарга Шийрэвжамцын гэрт очсон бөгөөд түүнтэй Б.Ц уулзсан. ... “Байшинт” гэх газрын баруун талд байрлах Гурилын үйлдвэрийн амралтын газрын хойд талын мод руу орсон. Б.Ц мод бэлтгэхээр үлдсэн, харин би ойр орчимд модны үйс байхгүй учраас хол явсан. Би 2 цаг орчмын дараа буцаад ирэхэд Б.Ц модоо ачиж дуусч байсан. Бид хоёр уулнаас буухад замд эргүүл гарчихсан байсан. Биднийг зогсоож бичиг баримт шалгаж Булган сумын төв рүү авч явахаар болсон. Харин би тухайн газартаа буусан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,

Гэрч Э.У өгсөн: “... Булган сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Батсайханы хамт 11 цагийн үед түүний машинтай “Байшинт” гэх газарт хяналт, шалгалт хийхээр гарсан. Батсайхан бид хоёр “Байшинт” гэх газрын “Чандаг” нөхөрлөлийн ахлагч Шийрэвжамцын гэрт очсон. Түүнээс ойрд мод бэлтгэсэн асуудал байгаа эсэх талаар ярилцсан. Мөн бид хоёр ойр орчмын айлуудыг шалгасан. Өдөр 15 цагийн үед баруун урд талаас мод ачсан машин ирж байсан. Бид хоёр урдаас нь очиж шалгахад зүс таних Б.Ц гэх залуу байсан. Түүнд мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Батсайхан бид хоёр түүний жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хураан авч цагдаад хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 25 тал/,

Гэрч Д.Ш өгсөн: “... 11 цагийн орчимд манай гадаа машин зогссон. Тухайн машиныг гарч харахад Б.Ц байсан. Тэрээр уулнаас түлшний мод бэлтгэх гэсэн юм, түлшний модгүй болсон, маргааш цас орох гээд байна гэж хэлсэн. Би түүнд мод бэлтгэхийг зөвшөөрч түүний нэр болон машины улсын дугаарыг тэмдэглэсэн. Би түүнд зарж, борлуулж болохгүй шүү, Орхон сумын ойн байцаагч Амгалан-Одтой ярьж байгаад дараа нь мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөж авна шүү, мөн мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрөө тушаагаарай гэж хэлсэн. Би маргааш нь цагдаад баригдсан гэдгийг мэдсэн. ... Эхлээд мод бэлтгэх эрхийн бичиг авч, зөвшөөрсөн газар, зөвшөөрсөн хэмжээгээр мод бэлтгэх ёстой. ... Надад мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 тал/,

Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженерийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/03 дугаартай:

1.Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай мод байна.

2.Уг мод нь түлээний мод байна.

3.Булган аймгийн Орхон сумын “Байшинт” гэх газрын баруун талын ууланд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байна.

4.Шинжлэгдэж буй 46 ширхэг модны хэмжилтийг дор харуулав. ... **-**БУА улсын дугаартай машинд тээвэрлэсэн гэх хураасан байсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 190380 төгрөг болж байна. гэх шинжээчийн дүгнэлт /хх 33 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч О.Дашнямын илтгэх хуудас /хх 3 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8 тал/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 11-12 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-32 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 34-35, 45-46 тал/, нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх 36 тал/, тээврийн хэрэгслийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх 40-44 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 52-53 тал/, шүүгдэгч Б.Ц цахим мэдээллийн талаарх баримтууд /хх 58-61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 70 тал/, байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээ /хх 72 тал/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн хуулбар /хх 85 тал/, хохирол төлсөн баримт /хх 93-94 тал/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн цахилгаан хөрөө зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутгаас шинэс төрлийн 6.68 м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-**БУА улсын дугаартай “Bongo J2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Я.А, гэрч Э.Д, Н.Э, Э.У, Д.Ш  нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Б.Ц хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 190380 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/03 дугаартай “шинжлэгдэж байгаа мод шинэс төрлийн хуурай, түлээний мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 190380 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт, нөхөн төлбөр нь 571140 төгрөг болохыг тогтоосон Байгал орчины хяналтын улсын байцаагчийн 2018 оны11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ц дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх учир түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 190380 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 571140 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн баримтаа ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдал болон шүүгдэгчийн  хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц  ойд хууль бусаар бэлтгэж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 46 ширхэг буюу 6.68 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн шар өнгийн /моторт/ цахилгаан хөрөөний хамт албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нь бага насны олон хүүхэдтэй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүний амжиргааны эх үүсвэр болох **-**БУА улсын дугаартай “Bongo J2” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүний өмчлөлд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Б. Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 46 ширхэг буюу 6.68 м3 шинэс төрлийн мод болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн, шар өнгийн  цахилгаан /моторт/ хөрөөг шүүгдэгч Б.Ц тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, **-**БУА улсын дугаартай “Bongo J2” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч Б.Ц буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ц авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД