Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01036

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01036

 

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00762 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2017/01739 дугаар захирамжаар А- ХХК, Б-, В- нараас 9,828,279,543 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан төлбөр төлөгч нарын барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байршилтай 9,482.54 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 4,664 м.кв талбайтай цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний конторын зориулалттай эзэмших эрхтэй газрыг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал гаргахад талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон.

Дамно ХХК-ийн шинжээч нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай компани дээр ирж уулзаад барилгын зураг бусад материалыг аваад 14 хоногийн дотор үнэлгээ гаргана гэсэн боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 заалтад заасан холбогдох материалыг авалгүй, барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан.

Манай компанийн 9,482.54 м.кв талбай бүхий Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31,071,003,521 төгрөгөөр хэт нэг талд үйлчлэн, зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар тус барилгыг газрын хамт 56,788,165,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шинжээчээр томилогдсон Дамно ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5 дахь заалтуудыг зөрчсөн, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 9/195 дугаар тогтоолоор шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31,071,003,521 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/16904 дугаар албан бичгээр төлбөр төлөгч А- ХХК-ийн захирал Б-агийн туслах н.Гантулгад биечлэн гардуулж, дамжуулж өгөхийг даалгаж гарын үсэг зуруулсан. Мөн төлбөр төлөгч Б-, В- нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 26 дугаар байр, 5 тоот хаяг руу хөрөнгийн тайланг баталгаат шуудангаар хүргүүлсэн, гэрийн хаягаар нь очиж Б-, В- нарт 190/16903 тоот мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хувийг дамжуулж өгөхийг О.Нэргүйд даалгаж, тэмдэглэл үйлдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаандаа буюу 7 хоногтоо багтаж нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т зааснаар нэхэмжлэгч А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот хаягтай 4,664 м.кв газартай, 9,482,52 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай Сохо олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 31,071,003,521 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийсэн компанийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь процессын алдаатай болсон. Шүүх хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, дүрэм, стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултад хөтлөгдөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Газрын үнийг яг хэдэн төгрөгөөр үнэлсэн бэ гэдэг асуултыг шинжээчээс болон хариуцагч талаас асууж байсан. Шүүх хэргийг хэлэлцэн дүгнэлт хийхдээ газрыг үнэлгээгүй байна гэж дүгнэсэн нь дээрх асуулттай шууд холбоотой алдаатай дүгнэлт болсон.

Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд тавигдсан гол асуулт бол барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг газрын хамт үнэлэх асуулт байсан бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд газрыг тусгайлан үнэлэх шаардлага байхгүй. Дамно ХХК нь тухайн барилга байгууламжийг газрын хамт нэгтгэн үнэлсэн байгааг буруутгах боломжгүй.

Дамно ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулалгүй, хэргийн материалтай танилцуулалгүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шаардлагад няцаалт хийх боломж олголгүй, зөвхөн шинжээчийг шүүх хуралд тулган дуудаж, үнэлгээнийхээ материалыг ч харах боломж өгөлгүй, асуулт тулган асууж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Дамно ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг ямар нэг хууль, дүрэм, стандарт зөрчсөн байдал олж тогтоогоогүй бөгөөд тухайн үнэлгээний тайланг хүчингүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуульд үндэслээгүй болохыг харуулж байна.

Мөн үнэлгээ хийлгэсэн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаас өмнө төлбөр төлөгч А- ХХК нь төлбөрөө бүрэн барагдуулж, холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон бол энэхүү ажиллагаатай холбогдуулан аль нэг талаас нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэхүү хөрөнгийн үнэлгээтэй холбоотой А- ХХК-ийн эрх зөрчигдөөгүй, зөрчигдөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилсон тогтоолд объект болон газрын үнэлгээг гаргуулах тухай байсан. Үнэлгээ хийгдэхэд газрын үнэлгээ орхигдсон нь хуульд нийцэхгүй. Мөн тухайн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хугацаа, үнэлгээний арга зэрэг олон заалтуудыг зөрчсөн. Тухайлбал, үнэлгээний орлогын арга, зах зээлийн аргаар үнэллээ гэж тайландаа бичсэн атлаа дүгнэлтдээ энэ аргаа ашиглаагүй байсан бөгөөд энэ талаар шинжээчээр асуухад зөвшөөрсөн. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон боловч үнэлгээ буруу хийгдсэнтэй холбоотой хохирол шаардах асуудал яригдана.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/01739 дүгээр захирамжаар хариуцагч А- ХХК, Б-, В- нараас зээлийн гэрээний үүрэгт 9,803,656,327.81 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн /1хх 121-124/.

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,

Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлах, 9,482.54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эзэмших эрхтэй газрыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21290045/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 21290045/06 тоот тогтоолоор хураан авсан /1хх 127-134/.

3.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилж, шинжээч нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 31,071,003,521 төгрөгөөр үнэлсэн /1хх 147-180/.

 

4. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн байна.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

 

5. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулсан, нэхэмжлэгч нь үнэлгээний талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариуг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 24-ний өдрийг дуусталх хугацаанд нэхэмжлэлийг зөвхөн шуудангаар хүлээн авч байжээ /1хх 7, 108, 189-190, 2хх 7-8/.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан А- ХХК-ийг шүүхэд үнэлгээний талаарх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалтад харшлахгүй гэж үзэв.

 

6. Дамно ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлах, 9,482.54 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,653,495,868 төгрөгөөр, харуулын байр-1-ийг 9,810,384 төгрөгөөр, харуулын байр-2-ыг 9,810,384 төгрөгөөр, гадна зам талбай, хашааг 397,886,888 төгрөгөөр, нийт 31,071,003,521 төгрөгөөр үнэлжээ.

Ийнхүү үнэлгээ хийхдээ шинжээч нь тухайн хаягт байрлах 4,664 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг үнэлээгүй орхигдуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан үнэлгээ хийх арга аргачлал, хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангаагүй байна.

 

6.1. Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг үнэлүүлэхээр шинжээч томилсон тул энэ хүрээнд шинжээч нь дүгнэлт гаргах ёстой.

Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ газрыг хамтад нь үнэлсэн гэж буй боловч шинжээч нь зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж үнийн тохируулга хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн нэгж талбайн дундаж үнийг 3,232,625 төгрөгөөр тогтоожээ.

Энэхүү дундаж үнийг үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн 9,482.54 м.кв талбайн хэмжээнд харьцуулж 30,653,495,868 төгрөгөөр үнэлсэн байх тул 4,664 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлтэд тусгагдаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6.2. Иймд Дамно ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлах 4,664 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, 9,482,52 м.кв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 31,071,003,521 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

6.3. Мөн уг маргааныг шийдвэрлэснээр шинжээч Дамно ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөхгүй тул уг байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нийцэхгүй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч Ц.Түвшинцэнгэлийг шүүх хуралдаанд оролцуулах замаар талуудын мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд шинжээчийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, түүнд хэргийн материал танилцуулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

6.4. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад зохигч маргаагүй. Гэхдээ нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргасан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд мэдүүлэх эрхтэй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ