Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00017

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын Э-т холбогдох 163/2018/0018/Э индекстэй, 1815004070233 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тээвэр ложитикийн албанд машинист ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э   нь согтуурсан үедээ /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “4 дүгээр подьем” гэх газарт **-** ОРХ улсын дугаартай, “Land cruiser 70” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.5.д дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Д.Г , Ц.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн үед машинтай Орхон аймгаас Булган аймгийн Хангал сум руу гарсан бөгөөд Булган аймгийн Хангал сумын нутагт машинаа жолоодоод явж байтал машины дугуй сонин болсон. Тэгэхээр нь би машины тоормозоо гишгэхэд дугуй нь мултарч жолооны хүрд булаагаад машин замын хажуу тал руу унасан. Нэг мэдэхэд би машиныхаа доор нь даруулсан байдалтай хэвтэж байсан. Хүмүүс ирээд намайг машин доороос гаргаж, түргэн тусламж болон цагдаа дуудсан байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө би маш их даарч, хөлдөх гээд байхаар нь архи уусан. Би өөрийн хариуцлагагүй байдлаас болж өөрийн болон хоёр найзынхаа биеийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Би их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1815004070233 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ц.Г ийн өгсөн: “... Э зам тээврийн осол гарсаны дараа түргэн тусламж ирэх хүртэл хөдлөж чадахгүй хэвтэж байсан. Тэр үед Э миний бие хөлдөх гээд байна, архийг аваад ир гээд байсан. Машины хажууд архи байсан бөгөөд тухайн архинаас Э жижиг цайны аягаар 2-3 удаа уусан. Мөн тухайн үед Э-ын хоёр гутал нь тайлагдчихсан байсан бөгөөд би өмсгөх гэсэн боловч болохгүй байсан учраас больсон. Тухайн үед их хүйтэн байсан. Миний гарын чигчий хуруу хөлдсөн байсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Э надад эм, тариа тогтмол авч өгч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Хохирогч Б.Г ын өгсөн: “... Би хохирол төлбөрөө барагдуулж авсан. Бид хоёр найз учраас надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,

Хохирогч Б.Г ын гэрчээр өгсөн: “... Би өнөөдөр өөрийн найз Ц.Г , Б.Э нарын хамтаар Орхон аймгаас Булган аймгийн Хангал суманд очиж загас барихаар өглөө 07 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Орхон аймгаас ойролцоогоор 20 км явж байгаад замын хажуу тал руу унаж онхолдсон. Би нэг мэдэхэд л машинаас гарчихсан байсан. Тэр үед Э ыг хэдэн хүн өргөөд машинаас гаргаад түргэн тусламж болон цагдаа дуудсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/, .

Хохирогч Ц.Г гийн гэрчээр өгсөн: “... Би өнөөдөр өөрийн найз Э, түүний найз Гантулга нарын хамт Орхон аймгаас Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон руу 07 цаг 25 минутын үед Э ын машинтай хөдөлсөн. Орхон аймгаас ойролцоогоор 25 км явж байхад Э машин жолоодож байгаад машины дугуй сонин болчихлоо гэхэд машин дайвалзсан бөгөөд машин хажуу талаараа замын хажуу тал руу унасан. Машинаас гарч харахад Гантулга машинаас гарчихсан дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Э машины урд хэсэгт дарагдчихсан байсан. Удалгүй хоёр залуу ирсэн бөгөөд бид машиныг өргөсөн боловч дийлэхгүй байсан. Үүнээс хойш мөн удалгүй 3 залуу ирсэн бөгөөд машиныг өргөж Э -ыг гаргасан. Ойролцоогоор 55 км цагийн хурдтай явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 312 дугаартай:

1.Б.Э -ын биед зүүн шаант яс доод 3/1 хэсгээрээ зөрүүтэй, тахилзуур яс дээд 3/1 хэсгээрээ зөрүүтэй, баруун өсгий зөрүүгүй хугарсан гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь одоогоор амь насанд аюулгүй болно.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх 24-25/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаартай:

1.Магадлуулагч Б.Г-ын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн дарагдлын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28-29/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 309 дугаартай:

1.Магадлуулагч Ц.Г-гийн биед зүүн далны шаант ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн зулайд зөөлөн эдийн хаван, духанд няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх 34-35/,

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай:

1.Жолооч Б.Э  ын В ангилалын 216207 дугаартай үнэмлэх хүчинтэй байна.

2.Жолооч Б.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3.Жолооч Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсвэл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаагүйгээс уг зам тээврийн осол гарсан байна. гэх дүгнэлт /хх 45/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх 3-8/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 26, 30-31, 36-37, 46-48/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 51-52/, иргэний үнэмлэхний хуулбар /хх 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх 67/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 68/, шүүгдэгч Б.Э  ын эрүүл мэндийн байдлын талаарх эмнэлгийн баримтууд /хх 70-88/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт болон прокурорын тогтоол /хх 93-94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Э   нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “4 дүгээр подьем” гэх газарт **-** ОРХ улсын дугаартай, “Land cruiser 70” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.5.д заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Г , Ц.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.

Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтууд бөгөөд хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

Хэрэгт хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Э  ын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа төдийгүй энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч  Б.Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э   нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ц.Г , Б.Г а нарын эмчилгээтэй холбоотой гарсан хохирлыг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн болон төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн уг ослын улмаас гэмтэл авч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирч бусдын асрамжинд байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Э ыг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хсэгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас шүүгдэгч Б.Э  ыг чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД