Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01070

 

 

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01070

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/01223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б-, А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-, Д-, Е- нарт холбогдох,

82,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь В-той 2016 оны 12 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн ба 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин А-г төрсөн. В- нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01552 дугаар шийдвэрээр В- нь Б-тай 2016 оноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоосон.

В- бид хоёр хамтдаа амьдрах хугацаандаа 85,000,000 төгрөгөөр North Benz ND4250 маркийн 60-** ДГС улсын дугаартай улаан өнгөтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол Улсад орж ирсэн ачааны автомашин, GQ9530 маркийн 15-** ГЧ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол Улсад орж ирсэн ачааны чиргүүл, 55,000,000 төгрөгөөр North Benz NP4250W322JJ маркийн 60-** ДГС улсын дугаартай хар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол Улсад орж ирсэн ачааны автомашин, 9530 маркийн 60-** ОЧ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол Улсад орж ирсэн ачааны чиргүүлтэй болж аж амьдралаа авч явж байсан, нас барах үед нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд автомашин, чиргүүлүүд нь үлдсэн байсныг Г- болон хүүхдүүд нь авсан.

В- нь 9911**** дугаарыг эзэмшиж байсан ба түүнийг нас барсны дараа 9911**** дугаарыг талийгаачийн том хүү Ё- хууль бус аргаар авч, гар утасны дугаарыг ашиглаж байна.

Хөрөнгө үнэлгээний тайлангаар дээрх тээврийн хэрэгслүүдийг 110,400,000 төгрөг, 9911**** дугаарыг 80,700,000 төгрөгөөр үнэлсэн тул уг эд хөрөнгүүдээс нэхэмжлэгч Б-д ногдох 55,200,000 төгрөгийг, талийгаачид оногдох 55,200,000 төгрөгөөс охин А-д В-ийн хуучин эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 11,040,000 төгрөг, дугаар эзэмших эрхийн үнэ болох 80,700,000 төгрөгөөс В-ийн эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 16,140,000 төгрөг, нийт 27,180,000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Г- нь В-той гэр бүл болоод 24 жил амьдарч, дундаасаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Б- нь өөрийгөө талийгаач В-той амьдарч байсан гэж байгаа нь үндэслэлгүй. В- Б-тай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан. Тэдний хууль бус харилцаанаас болж А- төрсөн.

Тэрээр В-той хувийн харилцаатай байснаа далимдуулж, бидний насаараа хөдөлмөрлөж, хуримтлуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших эрхэд халдаж, нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Б- нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй, хууль ёсны өвлөгч биш тул В-ийн өв хөрөнгөөс шаардах эрхгүй. Харин охин А-д ногдох хувийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ А-г хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шаардах эрх үүсээгүй.

Дээрх хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Г-, Д-, Е- нарт холбогдох, 82,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б-, Г- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон маргаан бүхий эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасны дагуу Г-тэй хамтран амьдарсан хугацаа нь 2016 оноор дууссан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01552 дугаар шийдвэрээр В- нь Б-тай 2016 оноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоосон, шүүх хуралдааны явцад хариуцагч тал дээрх шүүхийн шийдвэрт аливаа байдлаар гомдол гаргаагүй талаар тодорхой дурдсан атал анхан шатны шүүхээс дээрх шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч Б-ын хувьд хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг, охин А-гийн хувьд өвлөх эрхийн дагуу өөрт ногдох хэсгээ тус тус нэхэмжилсэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байгаа талаар хангалттай мэтгэлцсэн, хариуцагчийн зүгээс А-г талийгаач В-ийн охин гэдэгтэй маргахгүй, ногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй байгаа тухай хэлсэн.

Шүүх 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан В-ийн өв нээгдэх асуудал нь хуульд зааснаар шийдвэрлэгдээгүй, өв хүлээн авах асуудал маргаантай болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд өвлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг зохигч талын хэн аль нь гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба зохигчид нотариат дээр өв хүлээн авах хүсэлтүүдийг гаргасан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь талийгаач В-ийг нас барсны дараа хамтын амьдралтай байсныг тогтоолгосон шийдвэрийг үндэслэж, нэхэмжлэл гаргадаг. Энэ үйл баримт нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 89 тоот шийтгэврээр үгүйсгэгддэг. Энэ шийтгэврээр талийгаач В- нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох Г-ийг үсдэж, зодсон зөрчилд холбогдсон байдаг. Мөн хамт амьдарч байсан гэх үйл баримтыг гэрчилдэг талийгаач В-ийн дүү тухайн мэдүүлгээсээ буцсан.

Өвийн тухайд, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талийгаачийг нас барснаас хойш 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар өвлөх эрхийн хүсэлтээ өгчхөөд өв нээгдэхийг хүлээлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Г-, Д-, Е- нарт холбогдуулан нас барагч В-той хамтын амьдралтай байх хугацаанд бий болгосон хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 55,200,000 төгрөг, охин А-д өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 27,180,000 төгрөг, нийт 82,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. В- болон Г- нар нь 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүү Д-, 2002 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү Е-, 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Г.Батнайрамдал нар төрсөн /1хх 53-57, 64, 2хх 41/,

3.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01552 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б- нь В-той 2016 оноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин А- төрсөн болохыг тогтоосон /1хх 11/,

3.3. В- нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан /1хх 13/,

3.4 В- нь 60-** ДГС улсын дугаартай Beiben North Benz ND4250 W322JJ маркийн тээврийн хэрэгсэл, 60-** ДГС улсын дугаартай Beiben North Benz ND4250 маркийн тээврийн хэрэгсэл, 60-** ОЧ улсын дугаартай Liang Shan LHL9403TDB маркийн чиргүүл, 15-** ГЧ улсын дугаартай, JIDONGCHEHEG 9530 маркийн чиргүүлийг өмчилж, 9911**** дугаарыг эзэмшиж байсан ба уг хөрөнгүүд нь Г-ийн эзэмшил, ашиглалтад байгаа /1хх 52-54, 60-61, 83, 123-124/,

3.5. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээгээр дээрх 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 2 ширхэг чиргүүл нь 110,400,000 төгрөгөөр, 9911**** дугаар эзэмших эрх нь 80,700,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн /1хх 196-205/,

3.6. А-гийн хууль ёсны төлөөлөгч Б- нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч М.Саранцэцэгт өв хүлээн авах хүсэлт гаргасан,

Г- нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Д.Цэцэгчимэгт өв хүлээн авах хүсэлтийг гаргасан ба өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй /1хх 12, 57/.

 

4. Нэхэмжлэгч Б-ын В-той хамтын амьдралтай байх хугацаанд бий болгосон хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 55,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт нийцжээ.

Учир нь хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б- нь В-той хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон байх боловч тэрээр энэ хугацаанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундаа хэсгээр болон хамтран өмчлөх хөрөнгийг хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр бий болгосноо нотлох үүрэгтэй.

 

4.1. В-ийн өмчлөлийн 60-** ДГС улсын дугаартай Beiben North Benz ND4250 W322JJ маркийн тээврийн хэрэгсэл, 60-** ДГС улсын дугаартай Beiben North Benz ND4250 маркийн тээврийн хэрэгсэл, 60-** ОЧ улсын дугаартай Liang Shan LHL9403TDB маркийн чиргүүл, 15-** ГЧ улсын дугаартай, JIDONGCHEHEG 9530 маркийн чиргүүл зэргийг Б- нь дундаа хэсгээр болон хамтран өмчлөх эрхтэй болохоо баримтаар нотлоогүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Харин Б- нь А-гийн хууль ёсны төлөөлөгчийн хувиар В-ийн өвлөгдөх эд хөрөнгөөс А-д ногдох хэсэгт 27,180,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх буруу дүгнэж шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

 

5.1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар В-оос өвлөгдөх хөрөнгө нь 2 ширхэг тээврийн хэрэгсэл, 2 ширхэг чиргүүл, 9911**** дугаар эзэмших эрх байжээ.

Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар эхнэр Г-, хүүхдүүд болох Д-, Е-, Г.Бат-Ирээдүй, А- нар нь В-ийн хууль ёсны өвлөгч тул өвлөгдөх хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

 

5.2. В-ийн өмчлөл болон эзэмшлийн өвлөгдөх эд хөрөнгийг хариуцагч нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан үйл баримт тогтоогдсон. А-гийн хууль ёсны төлөөлөгч Б- нь нас барагч В-ийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээг 135,900,000 төгрөгөөр тооцож, үүнээс А-д ногдох хэсэгт 27,180,000 төгрөг нэхэмжилсэн.

Иймд В-ийн хууль ёсны өвлөгч А-д ногдох хэсэгт 27,180,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан А-гийн хууль ёсны төлөөлөгч Б-д олгох нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нийцнэ гэж үзэв.

 

6. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн удиртгал болгож буй хуулийн зохицуулалтад энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийн заалтыг баримталсан байгааг дурдвал зохино.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/01223 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хууль ёсны өвлөгч А-д ногдох хувь 27,180,000 төгрөгийг хариуцагч Г-, Д-, Е- нараас гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож,

хариуцагч нараас 55,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Г-, Д-, Е- нараас 293,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 569,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ