| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0019/Э |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 00018
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншибүү овогт Донийгийн Бд холбогдох 1815003710230 дугаартай, 163/2019/0019/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 2 жилийн хорих оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Е овогт Д.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэв.
1815003710230 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Я.А ын өгсөн: “... Уг газарт энэ жил талбайн тусгаарлалт хийгдээгүй. Мод бэлтгэх эрх үүсээгүй газар юм. ... Мод бэлтгэх эрхийн бичгийг заавал надаас авах ёстой, өөр хүн өгөх ёсгүй. ... Манай сумын зүгээс ойд учирсан хохирлоо төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч О.Д ын өгсөн: “... Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Дөлгөөн бид хоёр хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн орчимд Булган аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Батхөлөг над руу залгасан бөгөөд “Байшинт” гэх газар мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн мэдээлэл ирсэн гээд бидэнд шалгах үүрэг өгсөн. ... Тухайн газар мод ачсан “Porter” маркийн машин байхаар нь очсон. ... Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцад хэлчихсэн, цас орохоос өмнө түлшний мод бэлтгэхийг зөвшөөрсөн гэж хэлсэн. ... Тэр машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч Э.Д ий өгсөн: “... Тухайн өдөр хуваарийн дагуу Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Дашням бид хоёр өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн орчимд Булган аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Батхөлөг Дашням руу залгаад “Байшинт” гэх газар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн мэдээлэл ирсэн талаар хэлж шалгах үүрэг өгсөн. ... Тухайн газар мод ачсан “Porter” маркийн машин байхаар нь очсон. ... Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцад хэлчихсэн, цас орохоос өмнө түлшний мод бэлтгэхийг зөвшөөрсөн гэж хэлсэн. ... Тэр машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч Г.Э ын өгсөн: “... Намайг гэртээ байхад 10 цагийн үед Б ирсэн бөгөөд маргааш цас орно, үүнээс өмнө түлшний мод бэлтгэх гэсэн юм гээд намайг хамт явж өгөхийг гуйсан. Би түүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад нөхөрлөлийн дарга Шийрэвжамцаас зөвшөөрөл авсан гэж байсан. ... “Долоон байшинт” гэх газраас бэлтгэсэн байсан модыг ачсан. Буцаад “Байшинтын хороо” гэх газар явж байхад Булган сумын улсын байцаагч Батсайхан ирсэн бөгөөд бидний бичиг баримтыг авч шалгасан. Батсайхан нь мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухаар нь нөхөрлөлийн журмаар явж байгаа, мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцаас зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Улсын байцаагч Батсайхан миний жолооны үнэмлэхийг хурааж авсан бөгөөд нөхөрлөлийн даргын зөвшөөрлөөр мод бэлтгэх эрхгүй учраас модыг чинь хураах хэрэгтэй, энэ газраа байж байгаарай гээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Д.Ш ын өгсөн: “... Б нь маргааш цас орох гээд байгаа учраас уулнаас түлшний мод бэлтгэх хэрэгтэй байна, учир нь гэрт түлшний модгүй болсон гэдгээ хэлсэн. Мөн Эрдэнэбаяртай машинаар модонд явахаар тохирсон гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч Бы нэр болон машины улсын дугаарыг тэмдэглэсэн. Би түүнд гэртээ түлшний мод бэлтгээрэй, цааш нь зарж, борлуулж болохгүй, Орхон сумын улсын байцаагч А той ярьж байгаад дараа нь мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөж авна шүү, тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрөө тушаагаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29-30/,
Гэрч Э.У ийн өгсөн: “... Өдөр 14 цагийн үед Эрдэнэбаяр өөрийнхөө машинтай мод ачсан байдалтай ирсэн. Би Батсайханы хамт урдаас нь очсон бөгөөд түүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад Б гэх залуу эрхийн бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцад хэлчихсэн гэж байсан. ... Мод бэлтгэх эрхийн бичгийг заавал байгаль хамгаалагчаас авна, мөн мод бэлтгэх эрхийн бичиг авсаны дараа мод бэлтгэх ёстой. Өөр албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг өгөх ёсгүй. Нөхөрлөлийн гишүүд ч мод бэлтгэх эрхийн бичиг авна. Нөхөрлөлийн дарга мод бэлтгэх эрхийн бичиг олгох ёсгүй. ...” гэх мэдүүлэг /хх 31/,
Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженерийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/01 дугаартай:
1.Шинжлэгдэж буй мод нь шинэс төрлийн хуурай мод байна.
2.Уг мод нь түлшнийх байна.
3.Булган аймгийн Булган сумын “Байшинт” гэх газрын баруун талын ууланд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй болно.
4.Шинжлэгдэж буй 45 ширхэг модны хэмжилтийг дор дурьдснаар харуулав. ... **-**БУЛ улсын дугаартай машинд тээвэрлэсэн гэх хураасан байсан модны экологи, эдийн засгийн үнэлгээ 151905 төгрөг болж байна. гэх шинжээчийн дүгнэлт /хх 34/,
Шүүгдэгч Д.Б-ы яллагдагчаар өгсөн: “... Би Шийрэвжамцтай уулзсан бөгөөд түүнд “уулнаас мод бэлтгэх хэрэгтэй байна, нөхөрлөлийн гишүүний бүрэлдэхүүнд оръё” гэхэд “та нар нэг, нэг машин мод бэлтгэж болно, дараа нь нэгдсэн журмаар мод бэлтгэх эрхийн бичиг авна, тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрийг тушаагаарай” гэж байсан. Ингээд би Эрдэнэбаяраас хамт модонд явахыг гуйхад зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед Эрдэнэбаярын хамт “Байшинт” гэх газрын баруун талын модтой уулнаас мод бэлтгэж, ачиж ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 56-57/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, цагдаагийн илтгэх хуудас /хх 3/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл, мод битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 14-15/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 35-36, 46-47/, тээврийн хэрэгслийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх 41-45/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 50-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 66-70/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 71/, хохирол төлсөн баримт /хх 83/ болон шар өнгийн моторт цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Байшинт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, түлшний хуурай 5.33м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-**БУЛ улсын дугаартай, “Bongo J2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Б ы хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 151905 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б ы дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх учир түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 151905 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 455715 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг хохирлыг шүүгдэгч Д.Б нөхөн төлсөн бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн малчдын хөдөлмөрийн нөхцөл, улирал, цаг агаарын байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б ы хууль бусаар бэлтгэж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 45 ширхэг буюу 5.33 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн моторт цахилгаан хөрөөг тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-**БУЛ улсын дугаартай “Bongo J2” маркийн тээврийн хэрэгсэл нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр “Байшинт” гэх газарт оршин суух Г.Э ын эзэмшлийнх байх ба уг гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Е овогт Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулын ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 45 ширхэг буюу 5.33 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн цахилгаан /моторт/ хөрөө нэг ширхэгийг шүүгдэгч Д.Б аас тус тус албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, мөн тогтоолоор битүүмжилсэн **-**БУЛ улсын дугаартай “Bongo J2” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Булган аймгийн Булган суманд оршин суух, Д овогт Г.Э-т буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД