Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/01082

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/01082

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/00934 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 35,984,398 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

58,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарын агуулга:

А- миний бие нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б-тай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, Нарны зам гудамж 13/1 байрны ** тоот хаяг дахь 84,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б- нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг суллаж өгөхөөр тохиролцсон. Орон сууцны үнэ 150,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Орон сууцаа суллах талаар удаа дараа шаардахад Б- нь 200,000,000 төгрөгөөр орон сууцаа буцаан худалдан авахаар тохиролцсон. Б- нь А- рүү 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 85,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 110,000,000 төгрөгөө шилжүүлээгүй.

Б- нь өнөөдрийг хүртэл орон сууц суллаж өгөөгүй ба нэхэмжлэгч нь бусдад тус үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн бол 2021 оны 11 сараас 2022 оны 11 сар хүртэлх түрээсийн төлбөрт 35,984,398 төгрөг олох боломжтой байсан.

Иймд хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж, олох ёстой байсан орлого 35,984,398 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч А- нь орон сууцны үнэ 150,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй. Зөвхөн барьцаанд байсан орон сууцны төлбөр болох 32,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн.

Хариуцагчийн зүгээс гэрээг цуцалж, А-гийн орон сууц барьцаанаас чөлөөлсөн 32,000,000 төгрөгийг буцаан олгох зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 85,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгсөн. Би тухайн үед буруу тооцсоноос болж 58,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид илүү шилжүүлсэн.

Иймд буруу тооцож, үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөгийг А-гээс гаргуулж, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 13/1 байр ** тоотод байрлах 84.28 м.кв талбайтай, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б- миний нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, Нарны зам гудамж, 13\1 байр ** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013*** дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Б-ы эзэмшлээс буцаан гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, 35,984,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-гээс 58,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б-д олгож, Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, нарын зам гудамж, 13\1 байр ** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203013*** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б-ы нэр дээр буцааж бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 447,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б-ы орон сууцны оронд Ш ХХК-аас 12,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ашигт малтмалын Х\/-021143 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Б-ы эзэмшдэг К ХХК-д шилжүүлсэн, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг дүгнэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэлцэл анх хийгдсэн. Улмаар талуудын хооронд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөө эгүүлэн авах, чөлөөлүүлэх маргаан үүссэн тул шүүхээс зайлшгүй задалж дүгнэх шаардлагатай байсан.

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний 3.1-т Үл хөдлөх хөрөнгийг худалдагч талд 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж заасан. Гэтэл худалдан авагч А- гэрээний дагуу мөнгө төлөөгүй харин гуравдагч этгээдийн 12,000,000 төгрөгийн үнэтэй хайгуулын тусгай зөвшөөрлийг Б-ы эзэмшлийн компанид шилжүүлсэн байдаг нь гэрээний үүрэг биелэгдээгүй болох нөхцөл илэрч байна.

4.2. Талуудын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг нотариатаар баталгаажуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Хэдийгээр уг гэрээг нотариатаар баталгаажуулаагүй боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.2-т хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Талууд хэдийгээр гэрээг нотариатаар баталгаажуулаагүй боловч бичгээр байгуулж давтамжтай мөнгөн гүйлгээгээр худалдагч худалдан авагчаас 90,000,000 төгрөг хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдсон.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.6-д нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж ярьж байгаа боловч татгалзал гаргасан талаарх нотлох баримт хэргийн материалд байхгүй байхад юунд үндэслэн гэрээний татгалзлын талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн аль заалтыг баримтлан дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Хариуцагч Б- нь өмгөөлөгч О.Алтанчулуу удаа дараа хурал давхацсан шалтгаанаар хурал хойшлуулж байгаа тул өмгөөлөгчөөс татгалзаж, өөр өмгөөлөгч авч шүүх хуралдаанд орох тухай хүсэлт гаргасаар байтал шүүх шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч шүүх хуралдааны явцад 150,000,000 төгрөгт тооцож хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, зөрүүнд нь орон сууцыг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь гэрч Д.Чинцогтын мэдүүлгээр тогтоогддог.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сараас хойш 3 шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн шүүх хуралдааны явцад танд өмгөөлөгч авах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байна уу гэж асуухад хариуцагч нь өмгөөлөгч авах боломжтой байсан, өөр өмгөөлөгч авах боломжгүй байсан гэх хариултыг өгсөн.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг зөв тогтоосон боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул залруулж өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол 35,984,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах, илүү шилжүүлсэн 58,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараахь үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Б- болон А- нар нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Б- нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, Нарны Зам гудамж 13/1 байрны ** тоот хаягт байрлах 84,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А-д 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгөх, А- нь орон сууцны үнэд 150,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба мөн өдөр орон сууцны өмчлөх эрх А-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх 4, 13-14, 22-23, 34, 71-73 /,

Ш групп ХХК-иас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд суманд байрлах Эрдэнэ-4 гэх нэршилтэй 3,124.13 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр К ХХК-д шилжүүлснээр дээрх орон сууцны үнэ 150,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн /хх 76-79, 82-84, 93-96, 104, 130-132, 167-168, 171-173/,

3.2. А- нь орон сууцыг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөхийн тулд өөрийн эзэмшлийн данснаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 32,000,000 төгрөгийг Б-ы нэрийн өмнөөс Д.Батсайханд төлсөн /хх 15-16, 33/,

3.3. Б- нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дээрх орон сууцыг буцаан худалдан авахаар А-тэй тохиролцож нийт 90,000,000 төгрөгийг А-д шилжүүлсэн /хх-11,12, 24-25/ байна.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний зүйл болох орон сууцны үнэ төлөгдсөн гэж зөв дүгнэжээ.

 

4.1. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу орон сууцны үнэ 150,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 3,124.13 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч нь өөрийн үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшиж байсан К ХХК-аар хүлээн авснаар худалдан авагчийн төлбөр төлөх үүрэг биелэгдэж, А- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байна.

 

4.2. Хариуцагч нь К ХХК-нд шилжүүлж авсан хайгуулын тусгай зөвшөөрөл нь Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-нд зааснаар 12,000,000 төгрөгийн үнэтэй, орон сууцны үлдэх үнэ 138,000,000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан Б- болон А- нарын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасны дагуу тухайн өдөртөө орон сууцны өмчлөх эрх А-д шилжсэн, мөн гэрч Д.Чинцогтын мэдүүлэг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс орон сууцаа буцаан худалдан авахаар 90,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтаар 3,124.13 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 150,000,000 төгрөгт тооцож хариуцагч хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт уг сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь маргаанд хамааралгүй байх тул хасч өөрчлөх нь зүйтэй.

 

4.3. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргаанд хамааралтай өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.4. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд зааснаар хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул олох ёстой байсан орлого 35,984,398 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан.

Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх талуудын зарчмын хүрээнд дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Харин хууль хэрэглээний хувьд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсон байна.

Иймээс дээрх алдааг зөвтгөж, үүргийн зөрчлийн улмаас үүссэн хохирлыг шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

5. Зохигчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоосон. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

 

5.1. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагчийн нэхэмжлэгч рүү шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс А-гийн Д.Батсайханд төлсөн 32,000,000 төгрөгийг хасч тооцож 58,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байна.

 

6. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь: анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан байх ба хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 28, 2023 оны 01 дүгээр сарын 16, 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иймд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан өөр өмгөөлөгч авах хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан тул шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/00934 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д зааснаар гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчилж,

2 дахь заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ