Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00740

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00103 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 703 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Бадамхандад холбогдох,

Зээлийн гэрээг цуцлан 97 190 012 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Б.Золжаргал, Б.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бадамханд нь 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай банктай 1470003919 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 86 000 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдах худалдан авах зориулалтаар авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу, 13 дугаар байрны 57 тоот Улсын бүртгэлийн 2203008843 дугаар бүхий 83 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан.Зээлдэгч Д.Бадамханд, хамтран үүрэг гүйцэтгэгч н.Бат-Эрдэнэ нар зээлийг хугацаандаа төлөх үүргийг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд одоогоор 303 хоног хугацаа хэтэрсэн ба гэрээний 6.1, 6.1.1-д заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн тул гэрээг цуцалж 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 85 487 010 төгрөг, хүү 11 703 002 төгрөг, нийт 97 190 012 төгрөгийг Д.Бадамхандаас нэхэмжилж байна. Зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч нь Хас банкнаас зээл авсан, гэрээ байгуулсан зэрэгт маргахгүй. Харин тухайн үед Бадамханд нь орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй байсан боловч банк 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй, харин банкнаас гаргаж байгаа зээлд хамрагдах боломжтой гээд, жилийн 20 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлд хамруулсан.Д.Бадамханд нь 16 сарын хугацаанд 31 удаагийн төлбөр төлөлтөөр нийтдээ 17 422 129 төгрөг төлсөн, үүнээс үндсэн зээлд 512 990 төгрөг хасагдаж, үлдэх 16 000 000 төгрөгийг банк хүүд тооцон авч, төлсөн хүүгийн хэмжээгээр ашиг олсон гэсэн үг. Зээлээ төлөхгүй 303 хоног хугацаа хэтэрсэн гэдгийг зөвшөөрөхгүй, хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 30-нд төлөлт хийсэн. Д.Бадамхандын төлж байсан зээлийн төлбөрийг Хас банкнаас дансны хуулгаар 0.8 хувийн хүүгээр тооцоход хүүгийн өргүй, харин ч 4 852 127 төгрөгийн хүү илүү төлөлттэй байна.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн зээлийн хүүг 0,8 хувь болгон багасгаж өгнө үү. Энэ тооцоогоор бол зээлдэгч 80 634 680 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 17 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бадамхандаас 97 190 012 төгрөг гаргуулж Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008843 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 13 дугаар байрны 57 тоот сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бадамхандаас 643 900 төгрөг гаргуулж Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 703 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 240 726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх хурал нь хариуцагчийн эзгүйд хуралдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломж олгоогүй гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон тухай Д.Бадамхандын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурлын нарийн бичиг, шүүгчийн туслах нь утсаар мэдэгдээгүй болно.Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд “...сарын 3,6 хувийн хүү нь жилээр тооцвол 43,2% болж байгаа бөгөад хүүгийн хэмжээ нь санхүүгийн хямралтай үед асар өндөр хүү болж байгаа тул арилжааны банкуудын зээлийн жилийн дундаж хүү нь 20,0% байгааг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн хүүг сарын 3,0% буюу жилийн 36,0%-иар тогтоож өгөхийг хүссэн...” хүсэлт гаргасан боловч хангаагүй болно. Зээлийн хүүг сарын 3,0%, жилийн 36,0%-иар тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хүү нь 17 920 147 төгрөг болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01593 тоот шүүхийн шийдвэрээс 4 129 200 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4 129 200 төгрөгийн хүүг хасаж, нийт дүнг 114 840 347 болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд банкны зээлийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Д.Бадамхандад холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүрэгт 97 190 012 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Хас банк” ХХК нь Д.Бадамхандад  86 000 000 төгрөгийг жилийн 22 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлүүлжээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 13 дугаар байрны 57 тоот орон сууцыг барьцаалсан байна.

Зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1., 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцлүүд байна.

Зээлдүүлэгч “Хас банк” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 86 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлсэн бол зээлдэгч Д.Бадамханд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Зээлдэгч 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын хооронд зээлийн хүүд 17 422 199 төгрөг төлсөн, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу тогтмол, тогтсон хэмжээгээр гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан тухайн маргаанд хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т заасан зохицуулалт хамаарна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзэж, гэрээнээс татгалзаж болно.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00103 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 703 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН