Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 17

 

Д.А, Д.Ж, Д.Д, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүү, хохирогч Б.Т, С.Э, хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалтай Д.А, Д.Ж, Д.Д, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1915004480217 дугаартай хэргийг Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Б.Т, С.Э нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан Б овогт Д-ийн А,

2. Монгол улсын иргэн, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, малчин, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосон,

мөн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж байсан Б овогт Д-ийн Ж,

3. Монгол улсын иргэн, 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, “Цэвэр орчин ариусгал” ХХК-д ариутгагч ажилтай, ял шийтгэлгүй Б овогт Д-ийн Д,

4. Монгол улсын иргэн, 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт Ц-ын Б

Д.А нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл, 5 дугаар багийн нутаг “Хараа” голын эрэг дээр иргэн Ч.К-ны 2 тооны үхрийг хулгайлж 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.А, Д.Ж, Д.Д, Ц.Б нар нь Д.С-тай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Нанзадын хоолой” гэх газраас иргэн Б.Т-ийн 9 тооны адууг хулгайлж 34,000,000 төгрөгийн, С.Э-ны 3 тооны адууг хулгайлж 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.А, Д.Ж, Д.Д, Ц.Б, нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Ж, Д.Д, Ц.Б нарыг 2 жилийн хорих, Д.А 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч А.Содхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 36 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ. 

Хяналтын шатны шүүхэд прокурор Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ: "Давж заалдах шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар:

Мөрдөгчийн шийдвэрийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ш, Э, Г гэх шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр хохирогч нарын малд үнэлгээ тогтоосон. Уг дүгнэлтээр хохирогч Т-ийн 9 тооны адууг 54,500,000 төгрөгөөр, хохирогч Э-ны 3 тооны морьдыг 28,000,000 төгрөгөөр бүгд 82,500,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Гэтэл яллагдагч нараас дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу прокуророос 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. “Далай ван аудит” ХХК-ний шинжээч Д.М, Д.Э, Б.П нарын гаргасан дүгнэлтээр хохирогч Э-ны 3 тооны морьдыг 17,000,000 төгрөгөөр, Т-ийн 9 тооны морьд 34,000,000 төгрөгөөр бүгд 51,000,000 төгрөгөөр үнэлж анхны үнэлгээнээс 31,500,000 төгрөгөөр буурсан.

Хохирогч Э, Т нарын 12 тооны морьд нь дээрх байдлаар үнэлэгдэх боломжтой болох нь хавтаст хэргийн 1 дэх хавтасны 108-142 дугаар талд авагдсан уяачдын холбооны тодорхойлолт, морьдын өргөмжлөл, шагнал авсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоосон байна.

Мөн үнэлгээ гаргасан шинжээч Д.Мягмарсүрэнгээс ямар үндэслэл, юунд тулгуурлахад дээрх үнэлгээг гаргасан болох, үнэлгээ илт зөрүүтэй гэж байгаагийн учир шалтгааны талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тодруулж мэдүүлэг авсан.

Шүүх хуралдаанд шинжээч Д.Мягмарсүрэнг оролцуулж талууд асуулт тавьж тодруулахад шинжээч Д.Мягмарсүрэн нь гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг ямар нэг эргэлзээгүйгээр тодорхой тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.8 дугаар зүйлийн 2-т “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол ... шинжээч томилно...” гэж хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүх эргэлзэх болсон үндэслэлээ тодорхой зааж дүгнэлт хийгээгүй, улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан атлаа “анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ” гэсэн нь ойлгомжгүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн талаар:

Прокурорын дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Д.А, Д.Ж, Д.Д, Д.С, Ц.Б нарын үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар” зүйлчлэхээр тогтоожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл “Мал хулгайлах” гэмт хэргийн заалтад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж хуулийн зүйлчлэлийг зөвтгөж оруулж ирэх нь зүйтэй байна” гэх дүгнэлт нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл шүүгч “хохирлын талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалаа гэснээс дээр дурдсан “...хуулийн зүйлчлэлийг зөвтгөж оруулж ирэх нь зүйтэй...” гэх асуудлын талаар дүгнэж хэлээгүй юм.

Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны явц байдлыг дүрсжүүлэн бичсэн бичлэгээр нотлогдох болно. Шүүх хуралдаанд хяналтын прокурор Э.Гантулга оролцсон байхад хяналтын прокурор П.Шижиртуяа оролцсон гэж магадлалд тусгасан байгааг дурдах нь зүйтэй. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг давж заалдах шатны шүүх зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болж байна. 

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 2 дахь хэсгийг тус тус баримтлан эсэргүүцэл бичив” гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Т, С.Э нар хамтран гаргасан гомдолдоо: “Хохирогч бид нар өөрсдийн адууны шинж байдал, үнэ цэнийг нь тодорхойлж мөн сумын уяачдын холбооноос морьдын талаар ямар шагнал авч байсан гарал үүсэл зэргийг нь тодорхойлуулснаар орон нутгийн үнэлгээний комиссоор үнэлгээ хийлгэснийг хулгайчид зөвшөөрөхгүй дахин мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэсэн. Ингэхэд өмнөх үнэлгээнээс 30 шахам сая төгрөгөөр багассан байсан. Бид энэ үнэлгээн дээр юм яриагүй. Хэрэгтнүүд үнэлгээтэй танилцаад тухайн үед санал гомдол гаргаагүй хирнээ хэрэг шүүхэд ирсний дараагаас энэ асуудлыг ярьж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Шүүх хэргийг шинжээч нарыг оролцуулан шийдвэрлэхээр болж хурлыг зарлаж хийсэн.

Энэ хүмүүс мэргэжлийн байгууллагын үнэлгээг зөвшөөрөхгүй байсан бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар  “...танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо энэ хуулийн 25.2-т заасан Мэргэжлийн зөвлөлд гаргах эрх нь нээлттэй” байсан. Ийм гомдол гаргаагүй ба шүүх хурал дээр үнэлгээ хийсэн үнэлгээч нар оролцож өөрсдийн хийсэн үнэлгээний талаар тодорхой хариулт тайлбар өгсөн.

Үнэлгээний байгууллагад үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн аргадаа харьцуулалтын аргыг хэрэглэж интернетээр ийм амжилттай морьдын үнийг харьцуулж үзэх, Орхон аймаг дахь уяачдын холбооны холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан зэрэг нь харьцуулалт хийхдээ ашигласан арга хэлбэр, хурал дээр үнэлгээч хэлэхдээ хурдан морины үнэ цэнийг тодорхойлоход тогтсон жишиг үнэ гэж байхгүй тул энэ аргыг хэрэглэсэн гэсэн.

Үнэлгээний байгууллага холбогдох хуульд заасан журмаар үнэлгээгээ гаргасныг хэрэгтнүүд танилцаад гомдол гаргаагүй хирнээ одоо хэргийг удаашруулан хохирлоо төлөхөөс зайлсхийхээр ийм арга хэрэглэж байна. Эдгээр хүмүүс цагдаа, прокурор дээр байхдаа хохирлоо төлье гээд чөлөө аваад явдаг боловч нэг ч төгрөг өгөөгүй бид гэрт нь очиж зардлаараа давхар хохирч байна.

Шүүх хурал дээр үнэлгээчин өөрийн үнэлгээний талаар тодорхой тайлбарлаж ярихад малын үнэлгээ өндөр байгаа талаар нэг ч зүйл яриагүй хирнээ малыг хэт өндөр үнэлсэн гэж бодож байна гэсэн Ж-ийн гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хохирлын хир хэмжээг бүрэн нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргалаа” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Прокурорын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогч нарын хамтран гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогч нар нь өөрсдийн хурдан удмын уяж сойдог, үйлдвэр угсаа сайтай 12 тооны адуугаа хулгайд алдсан. Үүний улмаас сумын үнэлгээний комиссоор 80,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн боловч эдгээр хүмүүс зөвшөөрөөгүй, мэргэжлийн шинжээчээр үнэлүүлье гэдэг хүсэлт гаргаад цагдаагийн байгууллагаас мэргэшсэн шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон бөгөөд 51,000,000 төгрөгөөр тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол хүсэлтээ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх боломж байсан. Гэтэл тухайн үед энэ талаар дурдаагүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд үнэлгээг зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар гомдол гаргаж, шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мэргэжлийн үнэлгээний байгууллагын шинжээч болох Д.Мягмарсүрэн анхан шатны шүүх хуралдаанд оролцож, хэргийн оролцогч нараас хэрхэн үнэлгээ хийсэн талаар тодорхой асууж, хариултыг авсан. Иймд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй юм гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хэргийг тусгаарласан шүүгдэгчийг өмгөөлөгчийн хамт оролцсон мэтээр бичсэн, тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд байхгүй эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар дурдаж, тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгч Д.А-ийн хувьд энэ гэмт хэргийг үйлдэхдээ дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн байхад шийтгэх тогтоолд бүлэглэсэн үйлдэлд гэм буруутай мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар багийн нутгаас хохирогч Ч.К-ны 2 үхэр, мөн он, сарын 10-наас 11-д шилжих шөнө Булган аймгийн Гурван булаг сумын 2 дугаар багийн нутгаас хохирогч Б.Т-ийн 9, хохирогч С.Э-ны 3 адуу тус тус хулгайд алдагдсан үйл явдлыг мөрдөн шалгах явцад эдгээрт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудын хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

Одоогийн байдлаар хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан хэлэлцэж, хооронд нь харьцуулан шинжлэн, нягтлан судалж, эрх зүйн ухамсар, дотоод итгэлийг удирдлага болгон анхан шатны шүүх нь прокурорын яллах дүгнэлтэд тусгасан бусдын олон тооны малыг шүүгдэгч Д.А нь ганцаар болон бүлэглэн, шүүгдэгч Д.Д, Д.Ж, Ц.Б нар нь Д.А, Д.С нартай бүлэглэн хулгайлсан үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ.

Тухайлбал, дээрх нэр бүхий шүүгдэгчийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн зааж, тэдгээрт тулгуурлан шүүгдэгч нарын гэмт үйлдлийн талаар хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийснээс гадна гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зөв тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзлэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Д.А, Д.С, Д.Ж, Д.Д, Ц.Б нь хохирогч Б.Т, С.Э нарын 12 адууг хулгайлахдаа гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн даван туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй хэдий ч бэлчээрт байсан дээрх адууг эзэнгүй өвөлжөөнд тууж авчран нядалж, махыг нь борлуулах гэж байгаад цагдаагийн байгууллагын алба хаагч нарт баригдсан байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүх гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комисс (хэргийн 2 дахь хавтас, 158 дахь тал) “Далай ван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын шинжээчийн гаргасан дүгнэлтийг (хэргийн 1 дэх хавтас, 152-172 дахь тал) тус тус үндэслэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Тухайлбал, хохирогч Ч.К-ны 2 үхрийн үнэлгээний талаар хэргийн оролцогчид гомдол гараагүй бол хохирогч Б.Т, С.Э нарын 12 адууг Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас нийт 82,500,000 төгрөгөөр үнэлснийг (хэргийн 1 дэх хавтас, 106-107, 128 дахь тал) яллагдагч нар эс зөвшөөрснөөс гадна прокурор эдгээр дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх тогтоол (хэргийн 1 дэх хавтас, 149-151, 162-164 дэх тал) гаргажээ.

Прокурорын уг тогтоолоор шинжилгээ хийхийг “Далай ван аудит” ХХК-д даалгасан байх бөгөөд энэ хэрэгт урьд дүгнэлт гаргаж байгаагүй, хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий, үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй, хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргасан байна.

Төрлийн бус нэг бүрийн шинжээр үнэ цэнэ нь тодорхойлогдох дээрх адууны үнэлгээг шинжээч нь морьдын нас, зүс, цус, хурдны угшилтай эсэх, бүс, аймаг, сумын наадам, уралдаанд үзүүлж байсан амжилт, төстэй морьдын ханшны судалгаа зэрэгт үндэслэн гаргаж Б.Т-ийн 9 адууг 34,000,000,  С.Э-ны 3 адууг 17,000,000 төгрөгөөр тус тус тогтоосныг няцааж үгүйсгэх эсхүл эргэлзээтэй болсон гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүхээс энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, шүүгдэгчдийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгох, оргон зайлсан Д.С-ийн хэргийг тусгаарлан шийдвэрлэх талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдлүүд нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ. 

Мөн шүүх бусдын олон тооны малыг ганцаар болон бүлэглэн хулгайлсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлөөгүй Д.А-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж дуусгаагүй Д.Ж, Д.Д, Ц.Б нарт дээрх зүйл, хэсэгт заасан хамгийн доод хэмжээний  буюу 2 жил хорих ял тус тус оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт (хэргийн 4 дэх  хавтас, 13 дахь тал) 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүй байсан ялуудын талаар дурдаж, эдгээрээс сонголт хийж буй мэтээр алдаатай дүгнэлт хийснээс гадна 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн болон 2020 оны 01 дүгээр сарын 16-ны  өдрийн хуулиар өөрчилсөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт оногдуулах хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялын доод, дээд хэмжээг нэмэгдүүлэн өөрчлөөгүй байхад мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамласан нь буруу болсноос гадна Д.А ганцаар үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцолгүй орхигдуулсныг зөвтгөн залруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.Т, С.Э нарын хамтран гаргасан гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангаж магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эхэлсэн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С оролцсон байх бөгөөд уг хуралдааныг өмгөөлөгч П.Ган-Очирын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан мөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан ба энэ өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх явцад шүүгдэгч нарын өмгөөлөгчид хохирлыг төлөх хүсэлт гаргаснаар хэрэг хэлэлцэх ажиллагааг энэ сарын 19-ний өдөр хүртэл завсарлуулжээ.

Хэрэг хэлэлцэх ажиллагааг завсарлуулсны дараа шүүгдэгч Д.С нь оргон зайлсан байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хийсэн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, шүүх түүнд холбогдох хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, бусад шүүгдэгч нарын хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан мөртлөө (хэргийн 4 дэх хавтас, 205-206 дахь тал) энэ өдөр гаргасан 134 дүгээр шийтгэх тогтоолын (хэргийн 3 дахь хавтас, 1, 3 дахь тал) удиртгал болон тодорхойлох хэсэгт түүнийг шүүх хуралдаанд оролцсон мэтээр тусгасныг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Д.А-г бусдын 2 үхрийг ганцаар хулгайлсан” гэсэн заалт нэмж,  мөн хэсгийн 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ...” гэснийг хассугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН