Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

                                                           

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                        Хэргийн индекс: 114/2016/0100/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч “Гурван өгөөмөр” ХХК, “Эйч Эйч Жи” ХХК, “Жокондо” ХХК, “Ди Жи Ти Зет” ХХК, “Баясах түшээ” ХХК, “Эл Жи Ти Ар” ХХК, “Сиб кабель энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн болон иргэн Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/441 тоот захирамжийн нэхэмжлэгч компаниуд болон иргэн Д.Долгорсүрэнд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн, нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Манай нэр бүхий компаниуд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын дараах тоот захирамжуудаар газар эзэмших эрх олж авсан. Үүнд:

            1.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135 тоот захирамжаар

  1. “Жоконди” ХХК Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойд, Шатахуун түгээх станц зориулалтаар 18000 м2 газар
  2. “Ди Жи Ти Зет” ХХК Дархан сум 12 дугаар баг Шатахуун түгээх станц /Хийн зориулалтаар/ 3000 м2 газар

2.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны А/227 тоот        захирамжаар “Баясах түшээ” ХХК нийтийн орон сууц зориулалтаар Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны баруун урд 500 м2 талбайтай газар

3.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 тоот захирамжаар

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шийдвэр.doc

  1. “Эл Жи Ти Ар” ХХК үйлчилгээний зориулалтаар Дархан сум, 12 дугаар баг, 7 дугаар хороололд 600 м2 газар
  2. “Эйч Эйч Жи” ХХК мод үржүүлэг зориулалтаар Дархан сум, 3 дугаар баг, Нефть баазын хойд талд 56000 м2 газар

с.“Гурван Өгөөмөр” ХХК үйлдвэрлэл, агуулах зориулалтаар Дархан сум, 13 дугаар баг, Эрэл цементийн үйлдвэрийн урд 30000 м2 газар

4.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/276 тоот    захирамжаар иргэн Д.Долгорсүрэн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, үйлчилгээ нийтийн орон сууц зориулалтаар 1200 м2

5.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны A/175 тоот захирамжаар “Сибкабель Энэржи” ХХК Дархан сум, 8 дугаар баг, Шинэ авто замын дагуу Үйлчилгээ зориулалтаар 800 м2 газар.

            Манай компаниуд болон иргэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Газрын албатай гэрээ байгуулан төлбөрийг зохих хувь хэмжээгээр төлж газрыг зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөн бэлтгэл ажлуудаа гүйцэтгэж байсан болно. Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай компаниуд болон иргэнд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Газар эзэмших эрхийг Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” болон А/441 тоот захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгдэх хуудсыг ирүүлсэн. Энэ талаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад “Аймгийн Засаг даргын захирамж гарсан” гэж тайлбарлаад Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 тоот захирамжуудын хуулбарыг гаргаж өгсөн.

            Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 тоот захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            1.Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж эрхээр хангаагүй.

Засаг даргын “манай компаниуд болон иргэний” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг түүнийг албан ёсоор гарч албажсаны дараа мэдэгдэх хуудсаар тус бүр компанид хүргүүлэн мэдэгдсэн. Дээрх мэдэгдэх хуудас ирэхээс өмнө манай нэр бүхий компаниуд болон иргэний хэн аль нь ч өөрсдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “хүчингүй болгох” гэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шуул болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасны дагуу Засаг дарга дээрх захирамжийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компаниудад болон иргэнд шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэж, шийдвэр гаргах ажилагаанд оролцуулж, эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах боломжийг олгоогүй нь хуулийн заалтуудыг зөрчиж байна.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж заасны дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 тоот захирамж хууль бус захиргааны акт байна.

Аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 тоот захирамжийн 3 дахь хэсгээр компаниудад болон иргэнд газар эзэмших эрх олгосон Аймгийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны А/135 тоот, 2016 оны 06 дугаар сарын 22-ны А/227 тоот,  2016 оны 07 дугаар сарын 05-ны А/237 тоот, 2016 оны 07 дугаар сарын 08-ны А/276 тоот, 2016 оны 05 дугаар сарын 25-ны А/175 захирамжийг тус тус хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д  заасан “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байхад”, мөн Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож эрх олгосон захиргааны актыг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “ иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн нөхцлийг хангаж  байна.

Иймд Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 тоот захирамжийн нэхэмжлэгч компаниуд болон иргэнд холбогдох хэсгийг илт хууль захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нараас шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:- нэхэмжлэгч “Гурван өгөөмөр” ХХК, “Эйч Эйч Жи” ХХК, “Жокондо” ХХК, Д”и Жи Ти Зет” ХХК, “Баясах түшээ” ХХК, “Эл Жи Ти Ар” ХХК, “Сиб кабель энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн болон иргэн Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/441 дүгээр захирамжийн дээрх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч тал дараах байдлаар тайлбарлаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн дээрх компани, иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох, мэдэгдэх үйл ажиллагааг явуулаагүйгээр захиргааны шийдвэр гаргасан буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Дээрх алдаагаа засаж залруулан хуулийн дагуу дахин арга хэмжээг авч ажиллах тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн, нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч компаниуд болон иргэнд холбогдох хэсгийг илт хууль захиргааны акт болохыг тогтоож өгөх”-ийг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Д.Элдэвсайхан, Ц.Чулуунцэцэг нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагч  Дархан-Уул  аймгийн  Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон 1-46 тоот итгэмжлэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч :- нэхэмжлэгч “Гурван өгөөмөр” ХХК, “Эйч Эйч Жи” ХХК, “Жокондо” ХХК, Д”и Жи Ти Зет” ХХК, “Баясах түшээ” ХХК, “Эл Жи Ти Ар” ХХК, “Сиб кабель энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн болон иргэн Д.Долгорсүрэн нараас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч компаниуд болон иргэн Д.Долгорсүрэнд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561600 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарт улсын орлогоос илүү төлсөн 526500 төгрөг,  мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг тус тус гаргуулж  нэхэмжлэгч тус бүрд 70200 төгрөгийг буцаан  олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА