Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0185

 

2019 оны 03 сарын 28 өдөр   

  Дугаар 221/МА2019/0185

Улаанбаатар хот

 

 

А.Е-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч А.Е, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0081 дүгээр шийдвэртэй, А.Е-ы нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0081 дүгээр шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е-ы “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/246 дугаар тушаалыг тус тус хэрэгсэхгүй болгуулж, Цагдаагийн. дэд хурандаа А.Е-ы зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар эгүүлэн томилуулах” шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Е болон түүний өмгөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн салбар зөвлөл “А.Е намайг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажлаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь Цагдаагийн хэсгийн даргаар томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаалын холбогдох хэсгийн “Үндэслэх” хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д баримталсныг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэсэн. Уг тогтоолыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаалын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” гэснийг “Сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” болгон өөрчилж А/246 дугаар тушаалыг гаргасан.

Би ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй тул үндэслэлгүй, шударга бус шийдвэр гарган албан тушаалыг бууруулан, дараа нь өөр аймгийн сумын хэсгийн даргаар шилжүүлсэн мэт тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн аливаа байгууллага эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн байх ёстой бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэл байвал шилжүүлэн өөрчлөх ёстой. Цагдаагийн ерөнхий газрын илт хууль зөрчиж, шударга бус, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тушаал байхад шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалд намайг шилжүүлэх үндэслэлийг “Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явагдсан төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай дүгнэгдсэн” гэж тайлбарлах боловч энэ нь хуульд нийцэхгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт энэ шалгалтын дүнг харгалзан өөр аймаг сумд эрх зүйн байдлыг доройтуулж шилжүүлэх тухай заагаагүй байна.

Гэтэл энэ үндэслэлээр өөр аймагт шилжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж байгаа явдал мөн. Цагдаагийн албаны тухай хуулийн 85.12 “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэх хориглосон заалтыг илт зөрчсөн нь тодорхой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаалаар[1] удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, чөлөө авах талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдсэн боловч шийдвэр гаргаагүй байхад ажлын байрыг 8 хоног дур мэдэн орхиж, мөн оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил таслан гадаад улсад зорчиж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явагдсан төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай” дүгнэгдсэн гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн даргын албан тушаалаас чөлөөлөн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хүлээн авч хянаад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08 дугаар тогтоолоор[2] дээрх Б/576 дугаар тушаалын “Хуулийн үндэслэл” хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч дээрх тогтоолын дагуу өөрийн гаргасан Б/576 дугаар тушаалд “...“Сахилгын шийтгэл оногдуулах тухай” гэснийг “Сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” болгон өөрчилж, цагдаагийн дэд хурандаа А.Е-д холбогдох хэсгийн .... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

“Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд явагдсан төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай” дүгнэгдсэн тул цагдаагийн дэд хурандаа А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар шилжүүлэн томилсугай” гэсэн өөрчлөлт оруулан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А/246 дугаар тушаалыг[3] гаргасан байна.

Хариуцагчаас “А.Е нь удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, чөлөө авах талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдсэн боловч шийдвэр гаргаагүй байхад ажлын байрыг 8 хоног дур мэдэн орхиж, мөн оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил таслан гадаад улсад зорчиж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлтэй маргаагүй төдийгүй үүнийгээ хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүх “дээрх үндэслэлүүд нь маргааны зүйл биш тул эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй” гэж зөв дүгнэсэн боловч А.Е-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүрчээ.

Анхан шатны шүүх маргаж буй тушаалууд гараагүй байх үеийн буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болохоор хуульчилсан байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан “...албан тушаал цалингийн зэрэглэл буураагүй байх тул А.Е-ыг албан тушаал бууруулсан гэж үзэхгүй, Б/576 дугаар тушаалын А.Е-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 10 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалаар шилжүүлэн томилсон” гэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...дутагдалтай дүгнэгдсэн тул албан ажлын шаардлагаар шилжүүлсэн” гэх тайлбаруудаас үзвэл ажлын зайлшгүй шаардлагын улмаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан А.Е-ыг ажлаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж үзэхээр байх боловч чухам Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргын албан тушаалд А.Е-ыг шилжүүлэн ажиллуулах эсхүл Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд өөр хэн нэгэн этгээдийг томилох зайлшгүй шаардлага гарсны чухам аль нь болох нь тодорхой бус, түүнийгээ хариуцагч нотолж чадаагүй байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын гаргасан шийдвэрийг зөвтгөх боломжгүй.

“Сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” А/246 дугаар тушаалаас үзвэл утга агуулгын зөрчилтэй шийдвэр байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагч ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэхээр байхад мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн томилох замаар тушаал гаргасан нь хууль бус юм.   

Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараас үзэхэд томилох эрх бүхий албан тушаалтан буюу Цагдаагийн ерөнхий газрын дарга А.Е-тай шилжүүлэн ажиллуулах талаар тохиролцоогүй төдийгүй Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд явагдсан төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай дүгнэгдсэн”-ээр аймгийн Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалаас шилжүүлэн томилох ажлын зайлшгүй шаардлага гарсан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын нэгдүгээр бүлэгт багтах журам батлах тухай” А/246 дугаар тушаалын хавсралтаар[4] “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлал”-ыг тус тус баталсан байх бөгөөд уг журам, аргачлалын дагуу Баян-Өлгий аймгийн Замын цагдаагийн албаны чиглэлээр хийсэн шалгалтаар тухайн тасгийн үйл ажиллагааг 60.2 буюу “дутагдалтай” гэж дүгнэсэн ч тухайн журам, аргачлалд шалгалтаар хэрхэн үнэлэгдсэнээс хамаарч хүлээх хариуцлагыг тодорхойлон зохицуулаагүй атлаа нэхэмжлэгчийг шилжүүлж байгаа нь буруу юм.

Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Е-ы 2017 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг[5] 84 буюу “Сайн”, 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 73.5 буюу “Хангалттай”[6] /дээрх шалгалттай холбогдуулан 66.7 буюу “D” дутагдалтай гэж өөрчилсөн/ гэж тус тус дүгнэжээ.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно:”, “D” буюу дутагдалтай бол албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулахаар, “F” буюу хангалтгүй бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах”-аар тус тус заасан байна .

Үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь үр дүнгийн гэрээг үнэлж, холбогдох арга хэмжээг авахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч А.Е-ы үр дүнгийн гэрээг “D” буюу дутагдалтай гэж дүгнэсэн бол түүнд энэ талаар танилцуулж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...миний хувьд хөгшин настай аав, ээжийгээ асардаг, бага насны хүүхдүүдтэй гэх шалтгаан нөхцөлөөр өөр аймагт ажиллах боломжгүй байсан бөгөөд тухайн аймагтаа албан тушаал бууруулсан бол би хүлээн зөвшөөрөх байсан” гэх тайлбар зэргийг харгалзан үзэж албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах арга хэмжээний аль нэгийг авах боломжтой байхад тэрхүү эрхээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийг шууд шилжүүлсэн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасан ч уг хуулийн заалтад дурдсан нөхцөл байдал үүсээгүй бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо “...шилжүүлэн ажиллуулах нөхцөл байдал үүсээгүй” гэж дурдсаныг хүлээн авахаар байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх” гэж бичсэн бөгөөд нэгэнт шүүхээс хариуцагчийн гаргасан Б/576, А/246 дугаартай тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа тохиолдолд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх тул үүнийг тусдаа бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд магадлалын тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан болохыг, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй дээрх 2 тушаалыг хүчингүй болгуулахаар хүссэн байхад шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт “...тушаалуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж” гэж буруу бичсэнийг тус тус тэмдэглэв.

Хариуцагч нь А/246 дугаар тушаалаараа Б/576 дугаар тушаалд өөрчлөлт оруулсан бөгөөд шүүхээс маргаж буй А/246 дугаар тушаалыг хүчингүй болгосон тохиолдолд Б/576 дугаар тушаалын эрх зүйн үйлчлэл сэргэхээр байх тул уг 2 тушаалыг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон А.Е-ы Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Е-ы Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/246 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч А.Е-д тус тус олгосугай. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  журам  зөрчсөн,  хууль  буруу  хэрэглэсэн  гэж   хэргийн

оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-163 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-166 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-232 хуудас

[4] Хавтаст хэрэг 2-1 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-75 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-99 хуудас