| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0012/Э |
| Дугаар | 00019 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 00019
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Б.У ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У т холбогдох 163/2019/0012/Э индекстэй, 1815000000225 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багт оршин суух, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, М овогт Б.У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт Б.А малыг хулгайлж, түүнд 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У : Би 2018 оны 10 дугар сарын 09-ний өдөр Орхон аймгаас Булган аймгийн Сэлэнгэ сум орж М тэй уулзаж архи уусан, тэндээсээ караоке орсон. Караоке-ээс гарахдаа би согтуу байсан бөгөөд гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө 10 цагийн үед О-д очиход үхрийг янзалж байсан ба намайг тэр үхрийг шөнө авчирсан, Гантулгаас үхрээ авсан гэж хэлсэн гэж байсан. Би өөрөө согтуу байсан болохоор болсон үйл явдлын талаар мэдэхгүй байгаа юм. Гантулга гэдэг хүнээс би үхэр авах ёстой байсан бөгөөд түүний утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.
1815000000225 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.А өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой 21 цагийн үед нөхөр Амарцогт бид хоёр өөрсдийнхөө үхрүүдийг тоолоход бүрэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө намайг босоход үхрүүд бэлчээртээ гарсан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой үхрүүдийг бэлчээрээс ирэхээр нь тоолоход ухаа халзан зүстэй, шүдлэн гунж байхгүй байсан. ... Нөхөр бид хоёр О ын гэрт очиж Б.У ямар зүстэй үхэр гаргасан талаар асуухад гаргасан үхрийн арьсийг харуулсан. Ингээд Б.У ыг манай үхрийг авсан гэдгийг мэдсэн. Бид хоёр тухайн үхрийг Б.У аас хэн авсан талаар О аас асуухад Б.У ын найз М үхрийг янзалж авсан гэж хэлсэн. О ын гэрээс үхрийнхээ арьс, ширийг авч гэр рүүгээ харьсан. ... Тэр үед Б.У хамт ирээд “Би согтуу байхдаа хулгайлчихсан байна” гээд надаас уучлалт гуйсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.У надад 700000 төгрөгийг хохиролд өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,
Гэрч Х.О ын өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Орхон аймгаас найз М , түүний эхнэр З , Б.У нар идэш хийхээр ирсэн. М Б.У аас идэш авах гэж хамт ирсэн. ... 2 цаг орчим суугаад караоке руу би, эхнэр Отгонжаргал, найз М , түүний эхнэр З , Б.Т , түүний эхнэр Даваажаргал, Б.У нарын хамт орсон. Энэ үед Б.У нэг хүнтэй утсаар ярьсан. Идэшний үхэр ирчихсэн, хаана буулгах талаар надаас асуухаар нь би гадаа буулгачих гэж хэлсэн. ... Караоке-ээс гарч 21 цагийн үед манайд очиж Б.Т , Даваажаргал нар манайхаас хүүхдүүдээ авч явсан. Б.У харьж унтлаа гээд 22 цагийн үед манайхаас явсан. Маргааш өглөө нь манай баруун талд нэг эвэр нь хугарсан гунж уяатай байсан. Б.У руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. ... Үхэр гаргах гэж байтал Б.У ирсэн бөгөөд Б.Т амьд байгаа дээр нь зургийг нь авчих гээд зургийг нь авсан. Б.Т үхрийг гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 14 тал/,
Гэрч Б.Т өгсөн: “... Өглөө нь над руу залгаад үхэр минь ирсэн гээд намайг гаргаж өгөхийг гуйсан. Би О ынд очиход ногооны хашааны урд нэг эвэртэй, ухаа халзан гунж уяатай байсан. ... Тухайн үхрийг өвчиж байхад Б.У гэрээсээ ганцаараа ирсэн. Энэ нөгөө миний хүнээс авах ётсой байсан үхэр шүү гэж хэлсэн. ... Б.У хэлэхдээ Гантулгаас ажлынхаа хөлсөнд авсан үхэр гэж байсан. Үхрийг М д зарсан. ... Яг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 15 тал/,
Гэрч Г.З өгсөн: “... Тэрээр О ынд очиж идэшний үхэр гаргаж өгөхөөр явна гэхээр нь бид хоёр хамт очсон. О ынд очиход ногооны хашааны урд нэг эвэртэй, ухаа халзан шүдлэн гунж уяатай байсан. ... Үхрийг өвчиж байхад Б.У ганцаараа ирээд Гантулгаас наад үхрийг чинь дөрвөн үхрээс шилж авч ирсэн талаар ярьж байсан. ... Б.У хэлэхдээ Гантулгаас ажлынхаа хөлсөнд авсан үхэр гэж байсан. Тухайн үхрийг М д зарсан. Учир нь Б.У М өөс урд нь мөнгө зээлсэн бөгөөд үүнийхээ оронд өгч байгаа талаар ярьж байсан. ... Нэг эвэртэй, ухаа халзан гунж байсан. ... Яг хаанаас авсан гэдгийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 16 тал/,
Гэрч Д.Г өгсөн: “... Б.У нь хэлэхдээ мал, махны гарал үүсэл авъя гэхэд нь би үзэж байж болъё гээд бид нар О ын гэрт очсон. Б.У тухайн үхрийг Гантулгаас ажлынхаа хөлсөнд авсан гэж байсан. Надад М тухайн үхрийн зургийг үзүүлсэн бөгөөд Б.У аас худалдаж авч байгаа гэж хэлсэн. Би толгой, арьс нь хаана байгааг асуухад нохой идчихэж гээд арьсийг нь үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 17 тал/,
Гэрч Ю.Г өгсөн: “... Би хүнээс Б.У ыг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон талаар сонссон. Тухайн гэмт хэрэгт миний нэрийг оролцуулсан талаар бас мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 тал/,
Гэрч Б.М ийн өгсөн: “... Б.У хэлэхдээ Гантулга гэдэг хүнээс ажлынхаа хөлсөнд авч байгаа гэж хэлсэн. ... 500000 төгрөгөөр зарсан. Би түүнд мөнгийг нь өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 тал/,
“Бан хас” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2018/Э-0327 дугаартай:
“... Шинжээчийн дүгнэлт гаргахад холбоотой зах зээлийн судалгааг харьцуулан нарийвчлан судалж, холбогдох тооцоо судалгаа хийж үнэлгээний дүгнэлтийг гарган хохирлын хэмжээг 700000 төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 26-29 тал/,
Шүүгдэгч Б.У ын яллагдагчаар өгсөн: “... О ын хашаанд байсан үхрийг хараад шөнө болсон үйл явдлыг хальт санасан. Намайг шөнө гарахад гэрийн баруун талд саадны ойролцоо үхэр хэвтэж байсан. Би уг үхрийг туугаад О ын гадаа авч ирж уясан санагдаад байгаа юм. ... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө О ын гэрт очиж уг үхрийг М д согтуудаа өөр хүний үхэр гэж хэлж чадахгүй, миний чамд өгөх үхэр энэ байна гээд идшинд гаргуулчихсан. ... 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О над руу залгасан бөгөөд авч ирсэн үхрийг хулгайлсан үхэр байна гэхэд би замын машинд суугаад сумын төв рүү очиж үхрийн эзэн болох Б.А эгчээс уучлалт гуйж, буруугаа хүлээсэн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.А эгчид хохиролд 700000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36-38 тал/,
Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197 дугаартай: “... Төлбөрийн чадваргүй амжиргааны түвшин доогуур нэн ядуу өрхийн гишүүн болох нь үнэн болохыг тодорхойлов. ...” гэх албан бичиг /хх 44 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3 тал/, эд зүйл, бичиг баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 30-31 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 46-47 тал/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх 50 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 700000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт иргэн Б.А ухаа халзан зүстэй, шүдлэн гунжийг хулгайлж, 700000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Б.У ын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 700000 төгрөгийг хүлээлгэн өгснөөр хохирогч Б.А нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүний зан үйлд хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.У ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, мөн зүйлийн 4-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.У ын согтууруулах ундааны хэрэглээнд хязгаарлалт тогтоож, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД