Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01089

 

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01089

 

 

А-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00765 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б-тай 2018/01/25-113-156 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г байгуулсан. Гэрээгээр талууд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Юу би централ ресиденсе /UB Central Residence/ 27 дугаар байр *** тоот байрлах 3 өрөө орон сууцыг захиалах, гүйцэтгэгч талын зүгээс орон сууцыг барьж ашиглалтанд оруулж захиалагч талд өгөх үүргийг хүлээсэн.

Гэрээний 1.7-д Талуудын орон сууцны төлбөрийг 399,620,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд энэхүү төлбөрт гүйцэтгэгчийн зүгээс 22,620,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний дагуу орон сууцны гэрээний нийт төлбөр 377,000,000 төгрөг болсон гэж заасан бөгөөд нэмэлт гэрээг байгуулж орон сууцны төлбөр 377,000,000 төгрөгийг төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон.

Нэмэлт гэрээний 2.1, 2.2-т Захиалагч тал нь төлбөрийн дүн болох 377,000,000 төгрөгөөс тооцож сарын 1.2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг энэхүү нэмэлт гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 2.2-т заасны дагуу захиалагч нь орон сууцны төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн.

Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн орон сууцыг барьж ашиглалтанд оруулах үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Б- нь орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хэдий ч орон сууцны төлбөрийг төлөх үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй.

Гэрээний 2.4-т захиалагч тал хуваарьт төлбөрүүдээ цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Б-д удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн төдийгүй сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Иймд Б-гийн хууль бус эзэмшлээс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Юу би централ ресиденсе /UB Central Residence/ 27 дугаар байр, *** тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие гэрээний дагуу тухайн орон сууцанд амьдарч байна.Төлбөр тооцооны асуудлыг харилцан тохиролцсоны дагуу төлж барагдуулах боломжтой. Гэвч тус компани нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан шалтгаанаар одоог хүртэл байрны гэрчилгээг гаргаж шилжүүлж өгөөгүй.

А-ХХК болон миний бие Худалдаа хөгжлийн банктай гурвалсан гэрээ байгуулаад төлбөр мөнгийг төлснөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шууд миний нэр дээр шилжүүлж гаргаж өгнө гэвэл миний хувьд төлбөрийг тохирсон ёсоор төлөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд төлбөр тооцоо дуусгахгүй бол миний эрх ашигт хохирол үүсэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB Central Residence 27 дугаар байр, *** тоот байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Б-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Миний бие тус шүүхийн цахим хаяг руу хуралдаан болох өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 01 минутад хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Гэтэл шүүх хуралдаан болохоос 1 цаг 30 минутын өмнө явуулсан хүсэлтийг ирээгүй гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн. Хариуцагч талаас хэрэгт шинээр авагдсан нотлох баримтуудтай танилцаагүй байсан ба танилцах эрхийг хангаагүй нь хууль зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б- болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар удаа дараалан товлогдсон шүүх хуралдаанд янз бүрийн шалтгаан хэлж, оролцдоггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан ба хурлыг хэзээ болох талаар мэдэж байсан. Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А-ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. А-ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Юу би централ ресиденсе /UB Central Residence/ 27 дугаар байр, *** тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх 45, 67/,

3.2. Б- болон А-ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж,

эдгээр гэрээгээр А-ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Юу би централ ресиденсе /UB Central Residence/ 27 дугаар байр, *** тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж захиалагч талд хүлээлгэн өгөх, Б- нь орон сууцны үнэ 377,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон /хх 5-12/,

3.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь орон сууцны үнэ 377,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй /хх 78-80/.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Хариуцагч нь орон сууцны үнэ 377,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор А-ХХК-аас гэрээ цуцлах талаар 2022 оны 01 дүгээр сарын 04, 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус хариуцагчид албан бичгээр мэдэгдсэн байх тул 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний 3.5, Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай нэмэлт гэрээ-ний 2.5, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Зохигчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай нэмэлт гэрээ-ээс нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан үндэслэлээр татгалзсан тул Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Юу би централ ресиденсе /UB Central Residence/ 27 дугаар байр, *** тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч нь өмчлөх, эзэмших хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4.2. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр заасан бөгөөд талууд дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, улмаар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр товлосон.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 05, 08 дугаар сарын 02, 08 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 16, 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 04, 2023 оны 02 дугаар сарын 06, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулж байжээ.

 

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаан болохоос өмнө буюу тус өдрийн 12:01 цагт шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг тухайн шүүхийн [email protected] гэх цахим хаягт ирүүлсэн болох нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

Гэхдээ шүүх хуралдаан болохоос 1 цаг 29 минутын өмнө хүсэлт ирүүлсэн нь тухайн хүсэлтийг шүүгчийн туслах хүлээн авч, шүүгчид танилцуулах боломжит хугацаанд хүсэлтээ ирүүлсэн гэж үзэхгүй, мөн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг цахимаар гаргасан талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн баримтгүй байна.

Түүнчлэн шүүгчийн туслах тухайн шүүхийн цахим хаягийг тогтмол шалгах үүрэггүй, энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 11 дугаар хавсралтаар батлагдсан шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй байх тул шүүгчийн туслах албан үүргээ гүйцэтгээгүй, хүсэлтийг мэдэгдээгүй гэж үзэхгүй.

 

5.3. Иймд шүүхийн зүгээс зохих журмаар хурлын товыг мэдэгдсэн байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ шүүхэд боломжит хугацааны дотор ирүүлээгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар зохигч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг эдэлдэг. Энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээ зохигч өөрөө шийдвэрлэх бөгөөд шүүх эрхээ хэрэгжүүлэхийг зохигчоос шаардахгүй.

Хариуцагчийн хэргийн материал, хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах эрхийг шүүх хязгаарласан, танилцах боломжоор хангаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 11 сарын хугацаанд хариуцагч талын өмгөөлүүлэх, хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг шүүх хангасан байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ