Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00020

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Г.Баяраа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1815003730215 дугаартай, 163/2019/0011/Э индекстэй эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нефтийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын Ачуут 1 дүгээр багт оршин суух,  Х овогт Д.Б .    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөрлөлийн гишүүн, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцтай очиж уулзаад түлшний мод хэрэгтэй байна, хүүхдүүд таараад байна гэхэд модоо бэлтгээд ав, дараа нь мод бэлтгэх эрхийн бичгийг нь бөөндөө авъя гэж хэлсэн. Тэр үед хэд, хэдэн хүн байсан бөгөөд тус тусдаа мод бэлтгэхээр машинтайгаа явцгаасан. Би “Байшинт” гэх газрын уулын амнаас мод бэлтгээд уулнаас буцах замдаа шалгалттай тааралдаж шалгуулаад машиныг модтой нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэх нь буруу гэдгийг ойлгож байна гэв.

1815003730215 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Я.А ын өгсөн: “... Би Ганзоригийг зүс танина. Түүний мод бэлтгэсэн гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг, уг газарт энэ жил талбайн тусгаарлалт хийгдээгүй. Мод бэлтгэх эрх үүсээгүй газар юм. ... Мод бэлтгэх эрхийн бичгийг заавал надаас авах ёстой, өөр хүн өгөх ёсгүй. ... Манай сумын зүгээс ойд учирсан хохирлоо төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч Э.Д ний өгсөн: “... Тухайн өдөр хуваарийн дагуу Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Дашням бид хоёр өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 16 цагийн орчимд Булган аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дарга, хошууч Батхөлөг над руу залгаад “Байшинт” гэх газар хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн мэдээлэл ирсэн талаар хэлж, уг газар руу яаралтай очихыг тушаасан. Тухайн газар очиход Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Батсайхан нь Ганзориг гэх хүнийг саатуулж зогсоогоод тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг нь надад өгсөн. Би Ганзориг гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад түүнтэй хамт явж байсан настай ах мод бэлтгэх эрхийг бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамц гэх хүнээс амаар зөвшөөрөл авсан гэж хэлсэн. Би тухайн машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах газар саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Б.Г ийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын Малчны хороонд байрлах өөрийн гэрээсээ 10 цагийн үед гарч хойд талын Б  ахын гэрт орсон. Б  ах хоёр хүүхэдтэйгээ байсан. Б  ах маргааш цасан шуургатай юм байна, үүнээс өмнө модонд хамт явж өгөхийг гуйсан. Би түүнээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Нөхөрлөлийн дарга Шийрэвжамцын гэр рүү Б  ах орсон. ... Явъя гээд “Байшинт” гэх газраас ойролцоогоор 3 км орчим явсан. Б  ах 2 мод, харин би 3 мод хөрөөдөж унагасан. Уг модыг хөрөөдөж машинд ачсан. Бид хоёр мод ачиж дуусаад уулнаас 16 цаг өнгөрч байхад буусан. Уулнаас бууж байхад Pruis 20 маркийн машинаас энгийн хувцастай, улаан дохиур барьсан хоёр хүн бууж ирсэн. Булган сумын ойн байцаагч Батсайхан ирээд мэндэлж, бидний бичиг баримтыг шаардахаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхээ өгсөн. Биднээс мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад Д.Б нөхөрлөлийн дарга Шийрэвжамцаас амаар зөвшөөрөл авсан, бичгээр аваагүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Э.У-ийн өгсөн: “... Би тухайн өдөр Булган сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Батсайханы хамт 11 цагийн үед түүний машинтай “Байшинт” гэх газарт хяналт шалтгалт хийхээр гарсан. Батсайхан бид хоёр “Байшинт” гэх газрын “Чандагт” нөхөрлөлийн ахлагч Шийрэвжамцын гэрт очсон. Шийрэвжамцаас ойд мод бэлтгэсэн явдал байгаа эсэхийг асуугаад ойр орчимд байгаа айлуудыг шалгасан. Өдөр 16 цагийн үед баруун урд талаас буюу Булаг талаас мод ачсан машин ирж байсан. Батсайхан бид хоёр урдаас нь очсон. Тухайн машиныг зогсоогоод шалгахад зүс таних Ганзориг гэх залуу байсан. Тэрээр мод бэлтгэх эрхийг бичиг байхгүй, нөхөрлөлийн дарга Шийрэвжамцад хэлчихсэн гэж хэлсэн. Батсайхан бид хоёр тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг нь хураан авч цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 25/,

Гэрч Д.Ш-ын өгсөн: “... Тухай өдөр намайг гэртээ байж байхад 10 цагийн орчимд гадаа машин ирсэн. Харахад Б  ирчихсэн байсан. Тэрээр уулнаас түлшний мод хийх шаардлагатай байгаа, мөн түлшний модгүй болсон талаараа хэлсэн. Би түүнд мод бэлтгэхийг зөвшөөрч машины улсын дугаар болон түүний нэрийг бичиж авсан. Би түүнд “гэртээ түлшний мод бэлтгэнэ биз дээ, зарж борлуулж болохгүй. Орхон сумын ойн байцаагч А-той ярьж байгаад дараа нь мод бэлтгэх эрхийн бичгээ нөхөж авъя, тухайн үед нь мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрийг тушаагаарай” гэж хэлсэн. Сүүлд Б г уулнаас мод ачиж явж байгаад цагдаад баригдсан талаар сонссон. ...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Б.Г ийн өгсөн: “... Тухайн тээврийн хэрэгслийг би 2014 онд 800000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх 29/,

Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/02 дугаартай:

1.Шинжлэгдэж буй мод нь шинэс төрлийн хуурай мод байна.

2.Уг мод нь түлшнийх байна.

3.Булган аймгийн Булган сумын “Байшинт” гэх газрын баруун талын ууланд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй болно.

4.Шинжлэгдэж буй 43 ширхэг модны хэмжилтийг дор харуулав. ... **-** БУА улсын дугаартай машинд ачсан байсан модны экологи, эдийн засгийн үнэлгээ 222015 төгрөг болж байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, цагдаагийн илтгэх хуудас /хх 3/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-10/, эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл, мод битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 11-12/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 34-35, 45-46/, тээврийн хэрэгслийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх 40-44/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 48-49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 76-79, 82-84/ болон улаан өнгийн моторт цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Майдарын горхи” гэх газар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай “Вонgo J2” маркийн тээврийн хэрэгслээр  тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Б гийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 222015 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.  

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б гийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 222015 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 666045 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Д.Б гийн хууль бусаар бэлтгэсэн 43 ширхэг буюу 7.79 м3 модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** БУА улсын дугаартай “Вонgo J2” маркийн тээврийн хэрэгсэл болон хүрэн өнгийн моторт цахилгаан хөрөө нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа нь нотлогдож, тогтоогдсон байх тул эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн бага насны 2 хүүхдийн хамт өрх толгойлж, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдарч байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Б гөөс 666045 /зургаан зуун жаран зургаан мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Орхон сумын Байгаль хамгаалах санд оруулсугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд тооцуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн шинэс төрлийн 43 ширхэг буюу 7.79 м3 модыг шүүгдэгч Д.Б гөөс албадан гаргуулж, **-** БУА улсын дугаартай “Вongo J2” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн моторт цахилгаан хөрөөний битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багд оршин суух, Д овогт Б.Г-т тус тус буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД