| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 184/2021/01051/И/Т |
| Дугаар | 210/МА2023/01112 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2023/01112
| 2023 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2023/01112 |
А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/01466 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 216,229,229 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Г ХХК-аас шилжүүлэн авсан тохиолдолд барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Үүрийнцолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч буюу хариуцагч В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-, хариуцагч нарын өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б-, В- нар нь "Г" ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 18/15 дугаар "Амины орон сууц захиалгаар барих" гэрээг байгуулж, тус компанийн барьж буй "Зуун наст" хотхоны "баруун талаас 2 дахь тоот, 2 давхар, шаргал өнгийн, 140 м.кв талбайтай, 500 м.кв газрын хэмжээтэй, үл хөдлөх хөрөнгийг 220,000,000 төгрөгөөр үнэлж авахаар тохиролцсон. Улмаар "А банк" ХХК болон Г" ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ГБ-2018/25 тоот хамтран ажиллах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ГБ-2018/48 тоот батлан даалтын ерөнхий гэрээний хэрэгжилтэд уг орон сууц захиалгын гэрээг хамруулж, зээлээр санхүүжүүлэх хүсэлтийг талуудын хэн аль нь "А банк" ХХК-д гаргасан.
Б-, В- нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ3305115166 тоот зээлийн гэрээг А банктай байгуулж, 154,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ3305115166 тоот зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлан даалтын гэрээгээр Донжхаус ХХК нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн. Талууд зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг Г ХХК-ийн дансанд олгохоор тохиролцсон.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ирээдүйд бий болох үл хөдлөх хөрөнгө буюу "Г" ХХК-ийн барьж, Б- нарт хүлээлгэн өгөх хувийн сууцыг зээлийн барьцаанд бариулах, үүний тулд ипотекийн гэрээг байгуулахаар тохиролцсон.
Зээлийн гэрээний хугацаа 2028 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусах хэдий ч Б-, В- нар нь төлбөр төлөх хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргээ удаа дараа зөрчиж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 154,000,000 төгрөг, хүү 61,554,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 354,328 төгрөг, даатгалын шимтгэлд 320,833.25 төгрөг, нийт 216,229,229 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иймд Г.Түмэн- Ерөөлт, В- нараас зээлийн гэрээний үүрэгт 216,229,229 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Сэлхийн задгай хаягт байрлах, Зууннаст хотхон баруун талаас 2 дахь байр, 140 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Г ХХК-аас шилжүүлэн авбал А банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, ипотекийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Б-, В- нар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А банктай зээлийн гэрээ байгуулж, "Г" ХХК-д захиалсан амины орон сууцыг гүйцэт бариулж ашиглалтад оруулах буюу худалдан авах зориулалтаар 154,000,000 төгрөгийг зээлсэн. Учир нь тухайн үед "Г" ХХК-ийн удирдлагууд сууцны үнийг А банкнаас зээл авч төлөх боломжтой, манай компани амины орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд А банктай хамтран ажиллаж байгаа гэдгээ тайлбарлаж, бид батлан даалтыг нь гаргая гэх мэтээр зээл авахад дэмжихээ илэрхийлж байсан.
Тиймээс А банкнаас зээл авч, зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Г ХХК ч А банктай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, бидний авсан зээл, зээлийн хүүг төлөх үүргийг батлан даахаар болсон. Холбогдох гэрээнүүд хийгдсэний дараа Г ХХК амины орон сууцыг хугацаанд ашиглалтад оруулж, бидэнд хүлээлгэн өгөөгүй ба барилга бүрэн баригдаагүй, дотор, гаднах тохижилт хийгдээгүй, барилгын ажил зогссон шинжтэй байсан тул бид захиалсан орон сууцаа авахаа больж, бидний авсан зээлийг Г" ХХК төлөхөөр болсон. Энэ талаар А банк, Г ХХК-тай уулзсан уулзалтын үеэр тодорхой тохиролцсон.
Зээлийн мөнгийг миний бие авч зориулалтынх нь дагуу 2 тоот амины орон сууц барьж дуусган, худалдан авахад зарцуулах ёстой байсан боловч "Г" ХХК-ийн удирдлагууд шууд өөрийнхөө компанийн дансанд хийчих гэснээр тэдний нэр дээрх А банкны дансанд шууд татан авсан. Зээлийн гэрээг бид хийсэн ч ямар ч мөнгө аваагүй, ямар зарцуулалт хийгдээгүй, зориулалтынх нь дагуу тухайн байшинд зээлсэн мөнгийг ашиглаагүй. Энэхүү нөхцөл байдлыг "Г" ХХК-ийн удирдлага болон А банкны удирдлага аль аль нь бүрэн мэдэж, ойлгож байсан болохоороо 2020 оны 3 дугаар сард зохион байгуулсан 3 талын уулзалтын үр дүнд тодорхой шийдэлд хүрч, "Г" ХХК тухайн зээлийн үүргийг өөр дээрээ болгохыг хүлээн зөвшөөрч, А банк тэр талаараа албан бичгээр ханд гэсний дагуу "Г" ХХК нь А банкинд хандан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/09 тоотоороо "Батлан даалтын гэрээний хүрээнд Б-ийн үүргийг манай компанид хариуцуулан шийдвэрлэж өгөөч" гэсэн агуулгатай хүсэлт гаргасныг А банк хүлээн авсан гэх боловч шийдвэрлэгдээгүй.
Зээлсэн мөнгийг бид өөрийн дансаар хүлээж аваагүй, зээлийн үүрэг гүйцэтгэгч нь Г ХХК болж солигдсон учир зээлийн төлбөрийг хариуцахгүй, түүнчлэн, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус буюу А банк ХХК зээлийн зарцуулалтад хяналт тавих, зориулалтын дансанд гүйлгээ хийх зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн, Г ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх зорилгоор Б-, В- нарт мөнгө зээлдүүлэхээр дүр үзүүлж гэрээ байгуулсан.
Харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд хариуцагчид холбогдох шаардлага бус Г ХХК-д холбогдох шаардлага байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б-, В- нараас 216,229,229 төгрөгийг гаргуулан А банк ХХК-д олгож,
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Сэлхийн задгай хаягт байрлах, Зууннаст хотхоны баруун талаас 2 дахь хувийн сууц буюу 140 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тохиолдолд А банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг Б-, В- нарт даалгах тухай А банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,309,297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-, В- нараас 1,239,097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээ байгуулахаас өмнө А банк нь Г ХХК-ийн зээлийн үлдэгдлийн зарим хэсгийг манай авсан зээлээр хаахаар тохирсон байсан, мөн зээлийг зориулалт бусаар ашиглах нөхцөлийг А банк бүрдүүлсэн, зээлсэн 154,000,000 төгрөгийг хуулийн этгээдийн данснаас хувь хүний данс руу шилжүүлснээр зээл олгогдсон гэж үзэхгүй байгаа ба зээлдүүлэгч зээл олгохтой холбоотой хууль тогтоомж зөрчсөн.
Холбогдох гэрээнүүд хийгдсэний дараа Г ХХК амины орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулж, бидэнд хүлээлгэн өгөөгүй ба барилга бүрэн баригдаагүй, дотор, гаднах тохижилт хийгдээгүй, барилгын ажил зогссон шинжтэй байсан тул бид захиалсан орон сууцаа авахаа больж, бидний авсан зээлийг Г ХХК төлөхөөр болсон юм. Энэ талаар А банк, Г ХХК-тай уулзсан уулзалтын үеэр нэг мөр ярилцан тодорхой байдлаар тохиролцсон байхад шүүх өр шилжих талаар тохиролцоо байхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.
Зээлийг өөр зориулалтаар ашиглаж, Г ХХК, А банк ч хохиролгүй болж, манай гэр бүл хохирч байна. Уг нь дээрх мөнгийг миний бие авч зориулалтынх нь дагуу 2 тоот амины орон сууц барьж дуусган, худалдан авахад зарцуулах ёстой байсан боловч Г ХХК-ийн удирдлагууд шууд өөрийнхөө компанийн дансанд хийчих гэснээр тэдний нэр дээрх А банкны дансанд шууд татан авсан байдаг. Сүүлд бидний мэдсэнээр А банк Г ХХК-ийн төлөгдөөгүй зээлд 154,000,000 төгрөгийг суутган авсан.
Зээлийн гэрээгээр Донжхаус" ХХК-ийн 3305107272 тоот дансанд шилжүүлэхээр, хувийн сууц худалдан авахаар тохирсон. А банк нь Донжхаус ХХК-ийн хүсэлтээр Д.Цолмонгийн дансанд шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Донжхаус ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлд 51,991,319.95 төгрөг, хүү 26,383,812.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,544.39 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл 40,348,918.30 төгрөг, хүү 25,414,475.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,297.81 төгрөг төлжээ. Энэ нь ойролцоогоор 144,000,000 төгрөг юм.
2020 оны 3 дугаар сард зохион байгуулсан 3 талын уулзалтын үр дүнд тодорхой шийдэлд хүрч, тухайн зээлийн үүргийг өөр дээрээ болгохыг хүлээн зөвшөөрч Г ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20/09 тоотоор Батлан даалтын гэрээний хүрээнд Б-ийн үүргийг манай компанид хариуцуулан шийдвэрлэж өгөөч гэсэн агуулгатай хүсэлт гаргасныг А банк хүлээн авсан.
Биднийг А банктай зээлийн гэрээ байгуулахаас өмнө зээлийн материал судалж, зээлийн танилцуулга гаргах явцдаа Г ХХК-ийн зээлэнд 145,000,000 төгрөг төлүүлэх гэсэн үндэслэлээр Б-, В- бид нарт зээл олгосон, олгосон зээлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлээгүй, мөн хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж зээлийн гэрээ хийн, зээлийг зориулалт бусаар ашигласан нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоноор 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А банктай байгуулсан Зээлийн ЗГ33051166 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны үед үндэслэлээ тайлбарласан ч шүүх тэдгээр үндэслэл, тайлбарыг харгалзан үзсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Б-, В- нарт банк санаачилгаараа зээл олгоогүй.
Б- нь Г ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт зоригоо илэрхийлэн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлсэн үзлэгээр тухайн үед Г ХХК барилга байгууламж хүлээлгэж өгөх үйл ажиллагаа явагдсан. Харин хариуцагч нар эд хөрөнгийн чанар, байдал доголдлын, орон сууц таалагдах, эс таалагдах асуудал үүсч, барилгыг хүлээн авахаас татгалзсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тул 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болж, 2020 оны 4 дүгээр сард дахин нэхэмжлэл гаргасан.
Талуудын хооронд зээлийг хэн аль нь зөв зарцуулсан эсэх талаар маргаагүй. Харин орон сууц хүлээн аваагүй учраас зээлээ төлөхгүй нөхцөл байдал үүссэн.
Тус гэрээний 2.1.5-д Г ХХК-ийн дансанд зээлийг олгохоор тусгасан. Зээл олгосон өдөр Г ХХК-ийн данс өр төлбөртэй битүүмжлэгдсэн байсан тул тус компанийн захирал н.Цолмонгийн данс руу хүсэлтээр нь шилжүүлсэн. Хариуцагчийн зөвшөөрч гэрээнд заасан данс руу зээл олгосон нь хууль зөрчөөгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч А банк ХХК хариуцагч Б-, В- нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 216,229,229 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Сэлхийн задгай хаягт байрлах, Зууннаст хотхон, баруун талаас 2 дахь хувийн сууц, 140 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тохиолдолд А банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. А банк" ХХК болон Б-, В- нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 154,000,000 төгрөгийн зээлийг хувийн сууц барих санхүүжилт олгох зорилгоор, 1 жилийн 20,4 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ба талууд зээлийн мөнгөн хөрөнгийг Г" ХХК-ийн эзэмшлийн А банк дахь 3305107272 тоот дансанд шилжүүлэхээр Зээлийн гэрээ-ний 2.1.5-д заасан /1хх 103-107/,
Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Гэрэлт-Од нь 2018 оны 12 дугаар сарын 24, 26-ны өдөр тухайн компанийн банк дахь данс битүүмжтэй тул Б-, В- нарын зээлийн мөнгөн хөрөнгийг Д.Цолмонгийн эзэмшлийн 3305107298 тоот дансанд шилжүүлэх тухай хүсэлтийг А банк ХХК-д гаргасны дагуу 154,000,000 төгрөгийг шилжүүлсэн /1хх 128, 187/,
3.2. А банк ХХК болон Г ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, батлан даагч нь дээрх зээлийн гэрээний үүргийг өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн /1хх 9/,
3.3. Б- нь Г ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Г ХХК нь Зууннаст хотхоны 02 тоот 140 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч Б- нь 220,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн /1хх 217-220/.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Зээлийн гэрээний 2.1.1, 2.6-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.
4.1. Б- нь Г ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Амины орон сууц захиалгаар барих гэрээ-ний төлбөр 220,000,000 төгрөгийг төлөх үүднээс А банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээн авах мөнгөн хөрөнгийг Г ХХК-ийн данс руу шууд шилжүүлэхээр зээлдүүлэгчтэй харилцан тохиролцсон байна.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь зээлийн мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсон байх ба энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасанд нийцсэн.
Иймд анхан шатны шүүх Г ХХК-ийн гүйцэтгэх удирдлага А банк ХХК-тай харилцан тохиролцож зээлийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн биш, өөрийн дансаар хүлээж авсан нь зээлдэгч Б-, В- нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Г ХХК нь хариуцагч нараас хүлээн авсан 154,000,000 төгрөгөөр өмнөх өр зээлээ төлсөнд нэхэмжлэгчийг буруутгахгүй, А банк ХХК-ийг Г ХХК-ийн өрийг төлүүлэх зорилгоор хариуцагч нарт зээл олгосон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.2. А банк ХХК, Г ХХК, Б- нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр Г ХХК руу өр шилжүүлэх талаар талууд зөвшилцсөн байх боловч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хийсэн хэлбэрээр буюу бичгээр гэрээ байгуулж өрийг шилжүүлсэн баримтгүй тул анхан шатны шүүх хариуцагчийг татгалзал, тайлбараа нотлоогүй гэж зөв дүгнэжээ.
4.3 Хариуцагч нар нь зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бие даасан нэхэмжлэл биш, тайлбар татгалзлын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийсэн байх тул сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг харгалзан үзээгүй гэх хариуцагчийн гомдлын хангахгүй орхих нь зүйтэй.
4.4. Түүнчлэн Б- болон Г ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, доголдолтой холбоотой асуудал нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээс татгалзах үндэслэлд хамаарахгүй болохыг дурдвал зохино.
5. Зээлдэгч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 505,997 төгрөг төлснөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгчийг нэмэлт хугацаа тогтоохгүйгээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 154,000,000 төгрөг, хүү 61,554,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 354,328 төгрөг, даатгалын шимтгэл 320,833 төгрөг, нийт 216,229,229 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч тал нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 154,000,000 төгрөг, хүү 61,554,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 354,328 төгрөг, даатгалын шимтгэл 320,833 төгрөг, нийт 216,229,229 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Сэлхийн задгай хаягт байрлах, Зууннаст хотхоны баруун талаас 2 дахь хувийн сууц буюу 140 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тохиолдолд А банк ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай А банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/01466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,239,097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ