Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00022

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Б.О ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Бямбаагийн Б.О т холбогдох 163/2019/0014/Э индекстэй, эрүүгийн 1815003520201 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Б.О  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 10 дугаар сарын 12-ны үед Булган аймгийн Тэшиг сумын нутагт ховор амьтан буюу “Тул” загас барьж, байгаль экологид 1688000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О : Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

1815003520201 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Ж.М ын өгсөн: “...Тухайн үед би ээлжийн амралттай байсан учир зөвшөөрөл бичиж өгөөгүй. ...Нэн ховор болон ховор амьтны жагсаалтанд орсноос бусад загас ангах зөвшөөрлийг 06 дугаар сарын 15-ны өдрөөс дараа жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд олгодог. ...Тул загас агнахыг хориглосон байдаг учраас зөвшөөрөл олгодоггүй. ...Тул загас манай нутагт ховордож байгаа. Ийм учраас Тул загас агнасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. ...” гэх мэдүүлэг /хх 26/,

Гэрч Х.Б өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Зоон даваа гэх газрын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан. Уг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Булган аймгийн Цагдаагийн газрын 7034102 дугаарын утаснаас дэслэгч Төрбат залгасан бөгөөд цагаан өнгийн Land cruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгийн Тэшиг суманд загас агнаж байгаад явсан талаар хэлсэн. Үүний дагуу дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж ажиллаж байтал 23 цагийн орчимд **-**УБЗ маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь зогсоож, шалтгалт хийхэд 8 тооны “Тул” загас илэрсэн. Ингээд Булган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. ...8 тооны “Тул” загаснаас гадна “Хайрс”, “Ленок” гэх загас байсан. ...Өөрсдөө зөвшөөрөл авсан талаараа хэлж байсан. Тухайн үед надад зөвшөөрөл үзүүлсэн асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 32/,

Булган аймгийн Байгаль орчны газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “... Тул загасны экологи эдийн засгийн үнэлгээ 211000 төгрөг,  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар /8*211000*2/ нөхөн төлбөр нь 3376000  төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх 36/,

Шүүгдэгч Б.О ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шиг санагдаж байна. Би хуурай дүү Мөнх-Алдарыг түүний найзуудын хамт хөдөө явах санал тавьсан. ...Мөнх-Алдар нутгийн залуучууд болох Наранбаатар, Шаравсамбуу, Гантөр нарын хамт ирсэн. Бид миний Land cruiser 80 маркийн **-**УБЗ улсын дугаартай машинтай Булган аймгийн Тэшиг сум руу явсан. Бид нар хүн бүр 150000 төгрөг гаргаж машиндаа шатахуун хийгээд хөдөлсөн. Орхон аймгаас хоол, хүнс, архи, дарс авсан. Шөнө 22 цагийн үед Булган аймгийн Тэшиг сум орсон бөгөөд уг сумын төвөөс баруун зүг рүү 10 орчим км явсан. Тухайн газрын нэрийг мэдэхгүй бөгөөд голын эрэг дээр очсон. Өмнө нь очиж байгаагүй газарт очсон. Булган аймгийн Тэшиг сумын нутаг Эгийн гол дээр очсон. ...Би шөнө гол руу явж хиймэл хулганаар загас барьсан. Тухайн шөнө 3 ширхэг “Тул” загас, 10 гаруй жижиг засаг барьсан. Би тухайн шөнө унтаагүй бөгөөд өглөө үүр цайтал загас барьсан. Өглөө дахин 2 ширхэг “Тул” загас барьсан. Залуучууд өглөө 08 цагийн үед боссон. Би барьсан загасаа мод дээр тавьж нуусан. ...Би амарч байгаад дахин загас барихаар явсан бөгөөд дахин 3 ширхэг “Тул” загас барьсан. Үүний зэрэгцээ жижиг загас их барьсан. Нийт 8 ширхэг “Тул” загас, 40 гаруй ширхэг жижиг “Ленок”, “Хайрс” гэх загас барьсан. Орой 16 цаг хүртэл загас барьсан. Маргааш нь 15 цагийн үед буцсан. Булган аймгийн нутагт явж байгаад цагдаад баригдсан. ...Би загас барьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Бид нар ямар нэгэн загас барих зөвшөөрөл аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 3-4/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/, загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зураг /хх 14-15/, Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, ахлах дэслэгч Баттулгын илтгэх хуудас /хх 16/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 20/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 37-42/,  иргэний үнэмлэхний хуулбар /хх 63/, шүүгдэгч Б.О ын эрүүл мэндийн талаарх баримтууд /хх 76-88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх 110/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 116/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан “Тул” загаснууд”, загас барих хэрэгсэл болох уурганууд зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О  нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны үед Булган аймгийн Тэшиг сумын Харгал хоёрдугаар багийн нутаг “Тархийн адаг” гэх газраас ховор амьтан буюу “Тул” загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр барьж, байгаль экологид 1688000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, загас болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О ын гэм буруутай үйлдэл нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамаарал бүхий байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, барьсан гэдэгт уг амьтныг агнах, барих зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, “ховор амьтан” гэдэгт тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг тус тус ойлгох бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-ыг гаргасан байх ба уг жагсаалтын загасны төрөлд “Тул” загас орсон байна.

Шүүгдэгч Б.О ын “Ховор амьтны жагсаалт”-д орсон “Тул” загасыг  барьсан үйлдэл нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Тул” загасны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1688000 төгрөгийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хоёр дахин өсгөж, 3376000 төгрөгийг төлснөөр хохирогч Ж.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн болон түүний биеийн эрүүл мэндийн байдал, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан  түүнд торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О ын жолоодож явсан **-** УБЗ улсын дугаартай, Land cruiser 80 маркийн тээврийн хэрэгсэл нь Г.М эзэмшилд байгаа /хх-21-22 тал/ бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид шилжүүлж, хадгалалтын болон эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан найман ширхэг “Тул” загас болон таван ширхэг загас барих уурга, дэгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Х овогт Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр барьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О ыг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 24 /хорин дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  шүүгдэгч Б.О т мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8 /найм/ ширхэг “Тул” загас, 5 /тав/ ширхэг “загас барих уурга, дэгээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн **-**УБЗ улсын дугаартай, “Land cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, түүний өмчлөгч, эзэмшигч Г.М буцаан олгосугай.    

6.Энэ хэрэгт шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД