Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00023

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч М.А, И.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Удган овогт Ижилбишийн Н , Х овогт М. А  нарт холбогдох 1815000000234 дугаартай, 163/2019/0022/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт М. А  .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, У овогт И. Н  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А , М.Н  нар нь /яллах дүгнэлтээр/ бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Нартын хавтгай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Н  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөхөө илэрхийлж байна гэв.

1815000000234 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ч.Б өгсөн: “... Уг газарт л талбайн тусгаарлалт хийгдсэн. ...“Нартын хавтгай” гэх газар тухайн багийн байгаль хамгаалагч Э  мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. Мөн 2 дугаар багийн байгаль хамгаалагч Дүүрэнжаргал мод бэлтгэх эрхийн бичиг олгодог. ...Мод бэлтгэх эрхийн бичиггүй тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мөн мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч заагдсан газар, зөвшөөрсөн хэмжээгээр мод бэлтгээгүй тохиолдолд мөн хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Гомдол, саналгүй, экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлыг орон нутгийн данс руу хийлгээд хохирлоо барагдуулах саналтай байна. ...” гэх мэдүүлэг /хх 18 тал/,

Гэрч Д.Э өгсөн: “...Манайх Булган аймгийн Бугат сумын “Ханжаргалант” багт нутагладаг. Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байсан бөгөөд Н  гэх залуу надаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар утсаар ярьсан. Тухайн үед надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Би энэ талаар түүнд хэлсэн. Би Булган аймгийн төвөөс мод бэлтгэх эрхийн бичиг авахаар явсан бөгөөд энэ хойгуур манайд Н  ирчихээд явсан байсан. ...Би Н г мод бэлтгэсэн гэдгийг мэдээгүй. Маргааш нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах гээд ирэхээр нь би нөхөж мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй гээд явуулсан. Н  байгаль хамгаалагч Д  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21 тал/,

Булган сумын Сум дундын ойн ангийн инженерийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай:

1.Шинжлэгдэж буй мод нь шинэс төрлийнх байна.

2.**-** БУЛ улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэлд ачсан модны өндөр нь 1.3 метр, урт нь 2.8 метр, өргөн нь 1.3 мерт байна. Тухайн модны нийт эзлэхүүн 4.732 м3 байна. ...Экологи, эдийн засгийн үнэлгээ нь 4.132*1*28500=134862 төгрөг болж байна.

3.Шинжлэгдэж буй мод хуурай мод байна.

4.Мод бэлтгэх эрхийн бичиггүй тохиолдолд зохих журмын дагуу мод бэлтгээгүй гэж үзнэ.

5.Булган аймгийн Бугат сумын “Нартын хавтгай” гэх газарт ойн цэвэрлэгээний ажлаар талбайн тусгаарлалт хийгдсэн болно гэх дүгнэлт /хх 23 тал/,

Шүүгдэгч М.А ийн яллагдагчаар өгсөн: “... Булган аймагт ажил гарсан учраас очсон. Булган аймгийн төвд байдаг найз Н  намайг модонд хамт явахыг гуйхаар нь би зөвшөөрсөн. ... Бид хоёр нэг машин мод бэлтгэж, тээвэрлэсэн. Н  өөрийнхөө хөрөөгөөр мод бэлтгэж, миний машинаар тээвэрлэсэн. ... Бид хоёр мод бэлтгэх эрхийн бичиг авахаар Булган аймгийн Бугат сумын байгаль хамгаалагч Э  гэрт очсон. Н  Э  мод бэлтгэх эрхийн бичиг авахаар асуусан чинь мод бэлтгэх эрхийн бичиг дууссан гэж хэлсэн. Ингээд бид хоёрт мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Бид хоёр нэгэнт ирчихсэн гээд “Нартын хавтгай” гэх газраас мод бэлтгэж, Булган аймгийн төв рүү орсон. Маргааш нь мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгээ авч Орхон аймаг руу явж модоо зарах гэж байсан. Н  хүүхдүүддээ зурагтны антен авч өгнө гээд байх шиг байсан. Бид хоёр цагдаад саатуулагдаад маргааш нь байгаль хамгаалагч Дүүрэнжаргалаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ... Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг мэднэ. Бид хоёр маргааш нь мод бэлтгэх эрхийн бичиг нөхөж авч Орхон аймаг руу орно гэсэн бодолтой байсан. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн нь бид хоёрын буруу. Байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гээд байхаар нь мод бэлтгэчихсэн юм. ... **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 тал/,

Шүүгдэгч И.Н гийн яллагдагчаар өгсөн: “...Булган аймгийн төвд ачааны машинтай ирсэн болохоор нь би найзыгаа гуйгаад машиныг нь ашиглаж, мод бэлтгэж, Орхон аймаг руу оруулж зарах гэсэн юм. Би модыг зарж гэртээ зурагтны антен авах санаатай байсан. ...Э  мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, дууссан, мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжгүй гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр буцах замдаа нэгэнт машиндаа шатахуун хийгээд мод бэлтгэхээр ирсэн учраас хоосон буцахгүй гээд “Нартын хавтгай” гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган сумын төв рүү явж байгаад замдаа цагдаад шалгагдсан. Бид хоёрыг мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд саатуулсан. ...Бид хоёр маргааш нь мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж бодоод мод бэлтгэчихсэн юм. Би өөрийнхөө хөрөөгөөр мод бэлтгэсэн. ...Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй гэдгийг мэдэж байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн боловч байхгүй гээд байхаар нь маргааш нь нөхөж авна гэсэн бодолтой мод бэлтгэчихсэн. ...Мод бэлтгэх эрхийн бичиггүй байж мод бэлтгэсэн нь миний буруу, би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргааш нь байгаль хамгаалагч Дүүрэнжаргалаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 41-42 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4 тал/, цагдаагийн илтгэх хуудас /хх 5/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9 тал/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх 10, 63 тал/, хохирлын үнэлгээ тооцсон баримт /хх 26 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 28 тал/, тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 30-33 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 34-36 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 46-47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48-49 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 53, 56 тал/, жолооны үнэмлэхний хуулбар /хх 55 тал/, хохирол төлсөн баримт /хх 69 тал/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын тогтоол /хх 70-71 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.А , И.Н  нар нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр бүлэглэж, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Нартын хавтгай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, түлшний хуурай 4.732 м3 мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр **-** БУЛ улсын дугаартай, “Porter” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч М.А , И.Н  нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 134862 төгрөгийн хохирол учирсан болох нь Булган сум дахь Сум дундын ойн ангийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.   

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.А , И.Н  нарын дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тэдний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 134862 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 404589 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг хохирлоос шүүгдэгч М.А  нь 270000 төгрөгийг төлж, шүүгдэгч И.Н  нь 134589 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч М.А , И.Н  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн буюу төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

       Шүүгдэгч М.А  нь бага насны хүүхдүүдийн хамт амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдардаг, амьдралын эх үүсвэр орлогыг уг тээврийн хэрэгслийн тусламжтайгаар олдог зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУЛ улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшилд үлдээж, хууль бусаар бэлтгэсэн модыг гэмт хэргийн хохиролд тооцуулахаар хураах нь зүйтэй байна.

        Энэ хэрэгт шүүгдэгч М.А , И.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М. А , У овогт И. Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.А , И.Н  нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.А , И.Н  нарт хууль зөрчдөг зан үйлээ засаж, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.А , И.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч И.Н гээс 134589 /нэг зуун гучин дөрвөн мянга таван зуун наян ес/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах санд оруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд тооцуулахаар 4.732 м3 шинэс төрлийн модыг шүүгдэгч М.А , И.Н  нараас тус тус албадан гаргуулж, үнийг Булган аймгийн Бугат сумын байгаль хамгаалах санд шилжүүлж, **-** БУЛ улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч, эзэмшигч Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт М. А   д буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А , И.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД