Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ургийн овогтой Эийн Бод холбогдох эрүүгийн 1835003930242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Туруун чулуут хороолол 1 гудамж 7 тоотод оршин суудаг, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 165 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, РД:ОА00251030, Д ургийн овогт Эийн Б.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутагт байрлах, хохирогч Ч.Оын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутагт байрлах, Ч.Оын амьдардаг байшингийн хаалганы цоожийг эвдэн дотогш орж, саарал өнгийн чулуун хөөрөг, монетон ээмэг /өрөөсөн/, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг зүүлтний хослол, төмөр бөгж, гоёлын төмөр хайрцаг зэрэг 256000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хууль бусаар авсан болох нь эд мөрийн баримт хураан авах тогтоол, Э.Боос эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл /тэмдэглэлд: цайвар шаргал өнгөтэй, дөрвөн талдаа болон тагны дээд хэсэгт ягаан, ногоон өнгийн цэцгэн хээтэй 18х13 см, 5х8 см хэмжээтэй, гоёлын эд зүйл хадгалах зориулалттай  төмөр хайрцаг 1 ширхэг, сүүлийн үеийн хийцтэй, бор чулуун хөөрөг 1 ширхэг, морины дүрс бүхий товруун хээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, хоёр цагираг бүхий хээтэй төмөр бөгж 1 ширхэгийг тус тус Э.Боос хураан авсан гэх/, эд зүйлсийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлд үзлэг хийж хохирогч Ч.От хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  

хохирогч Ч.Оын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10-р сарын 27 нд аймгийн төв рүү Баруунтуруун сумыг суртчилах өдөрлөгт оролцох ажлаар эхнэр Н.А болон 4-р ангид сурдаг хүүгийнхээ хамтаар явсан бөгөөд явахдаа өөрийн 3 хүүхдийг хадам эгчийндээ үлдээгээд өөрийнхөө амьдардаг байшингаа цоожлоод явсан юм. Бид нар 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн шөнө гэртээ ирсэн юм. Биднийг гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан юм. Манай гэрийн том өрөөний тавилганы тавцан дээр эд зүйл, ээмэг бөгж хийдэг жижиг хайрцаг доторх эд зүйлстэйгээ алга болсон байсан. Уг хайрцаг дотор байсан миний хэрэглэж байсан сүүлийн үеийн хийцтэй саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн, морины толгой сийлсэн мөнгөн бөгж 1 ширхэг, манай эмэгтэй хүүхдийн цагаан өнгийн төмөр бөгж 1ширхэг, манай эхнэр  Н.Агийн шар өнгийн монетон өрөөсөн ээмэг 1 ширхэг, хар шигтгээтэй мөнгөн хос ээмэг гинжтэйгээ тус тус алга болсон. Мөн дээрхи эд зүйл хадгалж байсан гоёлын төмөр хайрцаг нь өөрөөсөө цэцгэн товруу сийлбэртэй, ногоон, ягаан өнгө хосолсон, дөрвөн хөлтөй жижиг төмөр хайрцаг юм. Миний хэрэглэж байсан хөөргийг миний аав надад өгсөн хөөрөг бөгөөд нэг зуун мянган төгрөгний үнэтэй хөөрөг юм. Морины толгой сийлсэн мөнгөн бөгжийг явуулын алт мөнгөний дарханаар 2013 онд 10,000 төгрөгөөр хийлгэж авсан юм. Цагаан өнгийн, хүүхдийн төмөр бөгжийг 2016 онд 5000 төгрөгөөр ээж нь дэлгүүрээс авч өгсөн, манай эхнэрийн хэрэглэж байсан шар өнгийн монетон ээмэгийг хосоор нь 2014 онд 280,000 төгрөгөөр тухайн үед худалдаж авч байсан /өрөөсөн ээмэг 140,000/ төгрөг, хар шигтгээтэй мөнгөн хос ээмэг, зүүлтийг 2015 онд манай эхнэрийн найзууд бэлгэнд өгч байсан ба тухайн үеийн ханшаар 60,000 мянган төгрөгийн үнэтэй байсан, мөн эд зүйл хадгалж байсан гоёлын, өөрөөсөө цэцгэн товруу сийлбэртэй, ногоон, ягаан өнгө хосолсон, дөрвөн хөлтөй жижиг төмөр хайрцгийг 2015 онд 20,000 мянган төгрөгөөр Улаанбаатараас худалдаж авч байсан юм. Хохирлын үнэлгээний компанийн тогтоосноор энэ хэргийн улмаас надад нийт 258.000 төгрөгийн хохирол учирсан гэж байсан. Би гоёлын төмөр хайрцаг, саарал өнгийн чулуун хөөрөг, мөнгөн бөгж, төмөр бөгж зэрэг 111.000 төгрөгний үнэ бүхий зүйлийг цагдаагийн байгууллагаас буцааж хүлээж авсан. Харин нэг ширхэг монет нь ээмэг, мөнгөн эмэг, зүүлтний хослолыг би буцааж авч чадаагүй. Эвдэрхий цоожийг би буцааж авахгүй. Тийм болохоор хэрэг хийсэн буруутай этгээдээс дээрх эд зүйлийн үнэ 147.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26х/,

           гэрч Н.Агийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би 2018 оны 10-р сарын 27-нд Баруунтуруун сумыг суртчилах өдөрлөгт оролцохоор нөхөр Ч.О болон 4-р ангид сурдаг хүүгийнхээ хамтаар Улаангом явсан бөгөөд хүүхдүүдээ эгчийндээ үлдээгээд хашаа байшингаа эзэнгүй орхиод цоожлоод явсан юм. Бид нар 2018 оны 10-р сарын 30-ны оройхон Улаангомоос машинтай гарч яваад шөнө 03 цагийн орчимд гэртээ ирсэн юм. Биднийг гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан юм. Манай гэрийн том өрөөний тавилганы тавцан дээр байсан миний эд зүйл ээмэг бөгж хийдэг жижиг хайрцаг нь дотор байсан манай нөхөрийн хэрэглэж байсан сүүлийн үеийн хийцтэй саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг,цагаан өнгийн морины толгой сийлсэн мөнгөн бөгж 1 ширхэг, манай эмэгтэй хүүхдийн цагаан өнгийн төмөр бөгж 1 ширхэг,миний хэрэглэж байсан шар өнгийн монетон ээмэг 1 ширхэг, хар шигтгээтэй мөнгөн хос ээмэг гинжтэйгээ, мөн дээрхи эд зүйл хийж байсан гоёлын цэцэг нь товруу сийлсэн,ногоон ягаан өнгийн дөрвөн хөлтөй жижиг төмөр хайрцагны хамт тус тус алга болсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29х/,

         гэрч Л.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Увс аймаг дахь Цагдаагийн газрын Баруунтуруун сумын цагдаагийн хэсгийн цагдаагаар ажилладаг бөгөөд 2018 оны 10-р сарын 28-ний өдөр Баруунтуруун сумын төв хэсгээр болон гэр хорооллоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах хугацаанд Баруунтуруун сумын 1-р багт оршин суух Э овогтой Б гэх иргэн нь өөрийн хамтран амьдрагч Д.Пгийн гэрт согтуу ирчихсэн орилж чарлаад байна гэх дуудлага ирсний дагуу олон нийтийн цагдаа Л.Гын хамтаар Д.Пгийн гэрт 18 цагийн орчимд очсон. Бид хоёрыг тэднийд яваад очиход Э.Б, П нар байсан. Хамтран амьдрагч Д.Пгээс юу болсон талаар асуухад “Э.Б нь согтуу ирээд бид хоорондоо маргасан, янз бүрийн зодоон болоогүй, цагдаад гаргах гомдол байхгүй” гэж хэлсэн тул бид 2 тэр айлын хүмүүст хуулийн зөвлөгөө өгчихөөд тэднийхээс явах гэж байтал Д.Пгийн эмэгтэйн дүү  8,9-р ангийн бололтой эмэгтэй хүүхэд бид хоёрт хандаж “Э.Б ах сая согтуу гаднаас орж ирэхдээ нэг жижиг төмөр хайрцаг барьж ирээд манай хашаан дотор байгаа П эгч, Б ах хоёрын амьдардаг амбаарт оруулчихсан, би аваад ирье” гэж хэлээд гарч яваад авчирсан. Л.Г бид хоёр тухайн зүйлийг харахад гоёлын бололтой, таглаатай, цүүтэй, цоожгүй, цэцэг нь өнгө хосолсон, дөрвөн хөлтөй, жижиг хайрцаг байсан бөгөөд тухайн хайрцагыг онгойлгож үзэхэд саарал өнгийн хөөрөг, ээмэг, бөгж гэх мэт зүйлүүд харагдаж байсан юм. Тухайн үед тэр амбаарт Д.П гэх эмэгтэй, Э.Б хоёр амьдарч байгаа гэдгийг мэдэж байсан болохоор тухайн үед хулгайн эд зүйл гэж анзааралгүй гарч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,   

гэрч Л.Гын хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Баруунтуруун сумын ЗДТГ-т олон нийтийн цагдаагаар ажилладаг юм. 2018 оны 10-р сарын 28-ны орой сумын хэсгийн цагдаа ахлах ахлагч Л.Б бид хоёр сумын төв хэсгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад дуудлагын дагуу Д.П гэх эмэгтэйгийн гэрт очиход П гэх эмэгтэй  “Э.Б сая манайд согтуу орж ирээд орилж байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн бөгөөд тэгээд тэднийхээс явах гэж байтал Пгийн дүү 8,9-р ангид сурдаг бололтой охин “ Э.Б ах сая согтуу ирэхдээ жижиг, цоохор, дөрвөн хөлтөй төмөр хайрцаг авчраад  хашаан дотор байсан модон амаарт хийчээд явсан гэж хэлээд авчирж үзүүлсэн. Цагдаа Ба бид хоёр тухайн эд зүйлийг сонирхож харахад, цэцэг нь товруутай ногоон ягаан өнгө хосолсон, дөрвөн хөлтөй жижиг гоёлын төмөр хайрцаг байсан юм. Тэр хайрцгийг ямар учиртай болохыг асуухад Б юу ч хэлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34х/,

гэрч Д.Пгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Э.Б бид хоёр хамтран амьдраад 2 жил болж байгаа боловч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Б-д өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө байхгүй. Бын ээж, ах дүү нар нь Улаанбаатар хот руу шилжээд нэг жил гаруй болж байна. Тэрнээс хойш манайд надтай хамт амьдарч байгаа. 2018.10.28-ны өглөө 10:00 цагийн үед Б гэрээс ганцаараа гараад явсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба хаашаа явж байгаагаа надад хэлээгүй. Орой 17:00 цагийн орчимд Б ганцаараа орж ирсэн ба архи уусан согтуу байсан. Гэрт орж ирчихээд юу ч хэлж, ярихгүй байж байгаад дахин гарч яваад 30 орчим минутын дараа мөн ганцаараа буцаж ирсэн. Тэр үед ойролцоогоор 17 цаг 40 минут болж байсан бөгөөд гадаа цагаан гэгээ тасарч харанхуй болж байсан. Б сүүлд гарч ирчихээд гартаа цайвардуу өнгөтэй дөрвөлжин хайрцагтай зүйл авч ирээд бид хоёрын хамтран амьдардаг амбаарт оруулсан. Би тэр зүйлийг өөрөө авч үзээгүй учраас дотор нь юу байсныг мэдээгүй, Б хаанаас юу авч ирсэн болохоо бид нарт хэлээгүй ба бид нар юу ч асуугаагүй. Б гэрт орж ирээд “Чи муу яатуу” гэх зэргээр орилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

насанд хүрээгүй гэрч Д.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Миний төрсөн эгч П нь Э.Б гэх хүнтэй хамт амьдардаг.  2018.10.28-ны өдөр 17:00 цагийн үед гэртээ ирхэд Б согтуу ирсэн, эгчтэй маргалдаж байсан. Би гэрээс гараад амбаар луу ороход тэнд цайвардуу өнгөтэй дөрвөлжин хайрцаг байсан. Би доторх зүйлсийг хараагүй. Тэгж байтал манайд цагдаа нар ирээд би амбаарт байсан хайрцагийг цагдаа нарт хэлж тухайн хайрцагийг гаргаж өгсөн, тэгээд тэр хайрцагийг нээж үзэхэд дотор нь хөөрөг, бөгж гэх мэт зүйлс байсан. Тухайн үед би тэр хайрцагийг хулгайн эд зүйл болохыг мэдээгүй, харин сүүлд хэд хоногийн дараа Э.Б тэр хайрцагтай зүйлийг Ч.О гэдэг айлаас хулгайлсан болохыг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,           

шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Баруунтуруун сумын төвд Д.П гэдэг хүнтэй хамтран амьдардаг. Д.П бид 2 одоогоос 2 жилийн өмнөөс буюу 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа боловч өнөөдрийг хүртэл албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Тэрнээс өмнө нь би өөрийн эмээ Бтэйгээ хамт Увс аймгийн Баруунтуруун сумын төвд амьдардаг байсан бөгөөд миний эмээ Б нь 2017 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Миний төрсөн аав ямар хүн байдаг болохыг би огт мэдэхгүй. Би багаасаа аавгүй өссөн бөгөөд харин миний ээж Э нь одоо Баруунтуруун сумын төвд байдаг. Миний ээж Э нь 2015 оноос хойш Ц гэдэг хүнтэй хамтран амьдрах болсон. Би багаасаа өөрийн эмээ Бийнд өссөн бөгөөд миний эмээ Б нь намайг өсгөж, хүмүүжүүлсэн. Д.П бид 2-т өөрийн гэсэн гэр орон байхгүй учраас Д.Пгийн ээжийн хашаанд байдаг модон амбаарт амьдардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Баруунтуруун сумын төвд, гудамжинд явж байгаад хүмүүстэй таарч архи уусан. Би хамт архи уусан хүмүүсээ танихгүй бөгөөд тэр хүмүүс нь хөдөөнөөс ирсэн, хөдөө амьдардаг хүмүүс байсан учраас би тэдгээр хүмүүсийг хэн, хэн гэж хүн байсныг хэлж мэдэхгүй байна. Би архи уучихаад Д.Пгийнд очиход Д.П нь "Чи хаагуур архи ууж байгаад ирэв. Гарч зайл" гэж над руу уурлаж хөөсөн. Тэгэхээр нь би Д.Пгийн гэрээс буцаж гараад, ганцаараа гудамжаар явж байтал Ч.О гэдэг хүний байшин цоожтой байсан. Би Ч.Оын байшинг гаднаасаа цоожтой байгааг харчихаад орж хулгай хийхээр шийдсэн. Тэгээд би газраас нэг чулуу олж аваад байшингийн цоожийг чулуугаар цохиход тэр цоож онгойсон. Байшин цоожилсон цоож нь хөх өнгөтэй төмөр цоож байсан бөгөөд би цоожийг онгойлгож ороод байшингийн том өрөөнд нь орсон. Тэр өрөөний хананд модон тавиур байсан бөгөөд тавиур дээр саарал өнгийн чулуун хөөрөг байсныг нь авч халаасандаа хийсэн. Мөн тавиур дээр байсан цайвар шаргал өнгөтэй, эд зүйл хадгалах зориулалт бүхий гоёлыг хайрцаг байхаар нь нээж үзэхэд дотор энь эмэг, бөгж, зүүлт зэрэг зүйл харагдсан. Яг ямар ямар ээмэг, бөгж, зүүлт байсныг одоо би тодорхой санахгүй байна. Би саарал өнгийн чулуун хөөрөг болон, цайвар шаргал өнгийн хайрцагтай эд зүйлийг аваад Ч.Оын гэрээс гарсан. Би Ч.Оын гэрээс гараад гэр лүүгээ явж байх замдаа /гудамжинд явж байгаад/ цайвар шаргал өнгийн хайрцагийг алдаж, газарт унагасан. Энэ үед хайрцаг дотор байсан зүйлс цасан дээр цацагдаж унасан бөгөөд би 2 ширхэг бөгжийг буцааж олж аваад хайрцаг руу нь хийсэн. Тухайн үед би хайрцагийг унагахад дотроос нь ямар ямар эд зүйл унасан болохыг би сайн мэдэхгүй байна. Би хайрцаг унагасан газартаа бөгжнөөс өөр зүйл унасан эсэхийг шалгасан боловч цас орчихсон байсан учраас өөр ямар нэгэн зүйл олж чадаагүй. Тэгээд би саарал өнгийн чулуун хөөргийг хайрцаг руу хийгээд Д.Пгийн хашаа руу буцаж ороход Д.Пгийн дүү Д.Б нь хашаан дотроо явж байсан. Би Ч.Оын байшингаас хулгайлсан хайрцагтай эд зүйл болон хөөргийг өөрийнхөө амьдардаг амбаарт оруулж тавьчихаад Д.Пгийн гэр лүү орсон. Намайг гэрт ороход Д.П, Д.Төгсбуян, Д.Б нар байсан. Гэтэл Д.П над руу дахин "Чи архи ууж гадуур тэнэлээ. Хаагуур яваад байдаг юм" гэж уурлахаар нь би "Чамд ямар хамаатай юм" гэж маргасан. Би Д.Птэй маргаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Тухайн үед Д.П бид 2 бага зэрэг маргасан болохоос биш бид 2-ын дунд ямар нэгэн зодоон болоогүй учраас тэр байдлаа цагдаа нарт хэлсэн. Гэтэл Д.Б "Түрүүн Э.Б гаднаас орж ирэхдээ нэг хайрцагтай юм авч ирсэн. Би аваад ирье" гэж цагдаа нарт хэлээд миний Ч.Оын байшингаас хулгайлсан эд зүйлийг аваад ороод ирсэн. Ба цагдаа тэр зүйлийг үзэхэд хайрцаг дотроос хөөрөг болон 2 ширхэг бөгж гарч ирсэн ба надаас "Энэ чинь ямар учиртай эд зүйл вэ" гэж асуухаар нь би "Энэ зүйлийг надад хүн өгсөн" гэж хэлсэн. Тухайн эд зүйлийг би хулгайлж авсан болохоо тэр үед цагдаа нарт хэлээгүй. Би Ч.Оын гэрээс хулгайлж авсан саарал өнгийн чулуун хөөрөг болон цайвар шаргал өнгийн гоёлын хайрцаг, 2 ширхэг бөгж зэргийг цагдаагийн байгууллагад хураалгасан. Харин ээмэг, зүүлтийг нь гээчихсэн учраас буцааж өгч чадаагүй. Одоо би Ч.От учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64х/,     

               шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогч От 147000 төгрөг бэлнээр өгсөн, хохирлыг бүрэн барагдуулсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

                Хохирогч Ч.Оын хулгайд алдсан чулуун хөөрөг, мөнгөн бөгж, төмөр бөгж, монетон ээмэг, мөнгөн ээмэг зүүлтний хослол, гоёлын төмөр хайрцаг зэрэг эд зүйлсийн  зах зээлийн дундаж үнэ нийтдээ 256.000 / хоёр зуун тавин зургаан мянга / төгрөг болох нь хэрэгт авагдсан Увс Финанс-Аудит ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаартай Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгч Э.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хоёр зуун тавин зургаан мянган төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.          

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.Бын хохирогч Ч.Оын гэрээс хууль бусаар эд зүйлс авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээ”-г ойлгоно гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл/Хулгайлах/ -ийн тайлбар хэсэгт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд  тооцохгүй.  Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ  тайлбар хамаарахгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Э.Бын хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 256000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан “бага хэмжээний хохирол”-д хамаарч байх боловч шүүгдэгч нь хохирогчийн амьдардаг орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан нь нотлогдсон тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Ч.Оын амьдардаг байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.                    

                2. Шүүгдэгч Э.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                  

Шүүгдэгч Э.Бын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Д.Пгийн өгсөн : “Бын эмээ, ах, дүү нар нь Улаанбаатар хот руу шилжээд 1 жил гаруй болж байна. Тэрнээс хойш надтай хамт манайд амьдарч байгаа. Б нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, хүнд тусархаг зантай. Б нь хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/, 

            гэрч Д.Бийн өгсөн: “Э.Б нь миний зээ хүү юм. Э.Бын ээж М.Э нь миний төрсөн охин бөгөөд сэтгэцийн өвчтэй хүн байдаг учраас одоо группийн тэтгэвэр авдаг. Э.Быг би өөрөө өсгөж, хүмүүжүүлсэн юм. Э.Б 2007 онд Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 2011 онд 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарсан. Э.Б нь багаасаа үг дуу цөөтэй, бүрэгдүү зантай хүүхэд байсан. Э.Б сургуулиас гарсныхаа дараа эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ байсан. Би 2015 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу шилжсэн. Тухайн үед би Э.Быг Улаанбаатар хот руу хамт авч явах гэсэн боловч Э.Б нь Баруунтуруун сумын харъяат Д.П гэдэг эмэгтэйтэй хамтран амьдрахаар болсон гэж хэлсэн учраас би Э.Быг орхиод явсан. Тэрнээс хойш Э.Б нь Д.Птэй хамт тэдний ээжийн хашаанд байдаг хуучин муу модон амбаарт амьдардаг болсон юм.  Э.Б, Д.П нар нь албан ёсоор хуримаа хийгээгүй, гэр бүлээ батлуулаагүй юм. Э.Б нь тодорхой ажил хийж байгаагүй бөгөөд өөрт нь ямар нэгэн өмч, хөрөнгө байхгүй. Э.Б хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан шүүх сэтгэцийн шинжилгээ хийсэн 27 тоот актаар, тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын Ар чулуут багт оршин суух бүртгэлтэй, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 409-ээс доош оноотой, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Баруунтуруун сумын 1-р багийн Засаг даргын 2018.12.17-ны өдрийн 614 тоот тодорхойлолт, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018.12.17-ны өдрийн 580 тоот тодорхойлолтоор тус тус нотлогдсон.

               Шүүгдэгч Э.Б урьд нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 165 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, уг ялаа эдлээгүй болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол /хх-ийн 83-88х/, Увс аймаг дахь Шүүхийн Шийдвэр Газрын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/1187 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

                 Хохирогч Ч.О нь хулгайд алдсан гоёлын төмөр хайрцаг, саарал өнгийн чулуун хөөрөг, мөнгөн бөгж, төмөр бөгж зэрэг 111.000 төгрөгний үнэ бүхий зүйлийг цагдаагийн байгууллагаас буцааж хүлээж авсан, үлдэх эд зүйлийн үнэ 147000 төгрөгийг шүүгдэгч төлж өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчээс 147000 төгрөг хүлээн авсан тухай хохирогчийн тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Боос гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Э.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс өмнө үйлдсэн буюу  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 165 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаа эдлээгүй нь нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зарчмыг баримтлах үндэслэлтэй байна.

Ингэхдээ шүүгдэгч Э.Бын өмнөх тогтоолоор оногдуулсан торгох ялыг сайн дураараа биелүүлэх  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаа дуусаагүй байгаа нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бод энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ял болон Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

                Шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиг байхгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн бариматаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Бод хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.                  

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д ургийн овогтой Эийн Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод нэг жил хорих ял шийтгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жил хорих ял болон Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор шүүгдэгч Э.Бд оногдуулсан нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

                 5. Шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.                

                 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АЛТАН