| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Хохирогч Х.Энхмаа,
Шүүгдэгч О.И нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.И холбогдох эрүүгийн 1806 09079 2210 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэрэг мэргэжилтэй, Төрийн ордны ёслолын албанд гэрээт гэрэл зурагчин ажилтай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тоотод түр оршин суух, ам бүл 2, гавъяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистерийн дугаар, О.И .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Идэрхангайг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Энхмааг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Энхмаа мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр намайг гэртээ оройтож ирээд маргалдан нөхөр маань алгадсан. Үүнээс болж уурлаж гомдсондоо шүүх шинжилгээний байгууллагын эмнэлэгт хандан биеэ үзүүлсэн. Тэгээд маргааш нь нөхөртэйгээ эвлэрсэн. Одоогоор гомдол саналгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Энхмаагийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №1324 дугаартай дүгнэлт /хх-15/, О.И яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч О.И урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-19/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Идэрхангайг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Энхмааг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Энхмаагийн өгсөн: “...Би гэртээ орж ирэхэд хамтран амьдрагч болох О.И нь унтаж байсан бөгөөд би унтах гээд “Ороо засъя, босож бай” гэхэд ерөөсөө хөдлөхгүй байсан ба би уурлачихсан юм болов уу гээд ая эвээр нь орыг нь засах гэж оролдсон... Тэгэхлээр түлхээд байхаар нь доор нь дэвссэн юмыг нь аваад газар унтах гээд татахад дэр газар уначихсан ба би аваад орон дээр тавихдаа толгойг нь оночихсон чинь босож ирээд хоёр алгадаад авсан ба үснээс зулгаагаад цэнэглэгчээр ороолгосон.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13243 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Энхмаагийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун гуя, зүүн гуянд зулгаралт, баруун гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй." /хх-15/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.И яллагдагчаар өгсөн: “...Би гэм
буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээнэ. Би Х.Энхмаагийн хохирлыг бүрэн барагдуулсан.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.И урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-19/ зэрэг болно.
Шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.И 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 517 тоотод хамтран амьдрагч Х.Энхмааг зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Х.Энхмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүлгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч О.И ял шийтгэл оногдуулахдаа ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч О.И нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар түүний ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.
Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулахдаа уг ялуудыг нэмэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр зааж болох бөгөөд шүүгдэгч О.И оногдуулсан хорих ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.И г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Идэрхангайг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар О.И Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар түүний ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар О.И Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар О.И оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.И нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.И авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС