Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01136

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01136

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00999 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б- ХХК-д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнх-Оч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Б- ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөг зээлж, барьцаа болгон Мобикомын 9911**** дугаарын эзэмшлийг шилжүүлсэн. Гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд 5,200,000 төгрөгийн хүү төлсөн.

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр талууд тооцоо нийлж хэлцэл байгуулсан ба уг хэлцлээр зээлийн гэрээний үүргийг 50,000,000 төгрөгөөр тооцож, үүнээс хүү, алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Уг 50,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч хугацаа болохоос өмнө буюу 2020 оны 05 дугаар сард надад мэдэгдэлгүйгээр утасны дугаарыг бусдад худалдан борлуулсан байсан. Дугаарын үнийг шинжээч 70,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулснаас илүү гарсан зөрүү 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: А- нь зээлийн гэрээний дагуу 5,200,000 төгрөгийг төлсөн ба дахин төлөлт хийгээгүй. Гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох дугаарыг худалдан борлуулахаар тохирсон. Нийт 54,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба дугаарыг худалдах талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд тэрээр хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээнээс үүдэлтэй худалдан борлуулсан учир нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй.

Нэхэмжлэгч үнэлгээг үндэслээд зөрүү бий болгож шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2020 онд хийсэн гээд байгаа тооцоо нийлсэн хэлцэл нь өөр 9911-тэй дугаарыг А-д шилжүүлээд, нэхэмжлэгч уг дугаарын төлбөрийг төлөхөөр тохиролцож хийсэн боловч энэ гэрээ хэрэгжээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б- ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 308,980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б- ХХК болон А-гийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг нь 54,200,000 төгрөг байсныг анхан шатны шүүх буруу тооцоолж, 52,280,000 төгрөг гэж дүгнэсэн.

Б- ХХК нь 9911**** дугаарыг иргэн Г.Төгөлдөрт 54,000,000 төгрөгөөр худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Б- ХХК нь тухайн худалдан борлуулсан үнийн илүү мөнгө гаргуулан аваагүй тул А-д төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.

Талууд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлээр 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг тооцоо нийлж дүгнээгүй бөгөөд өөр 9911-тэй дугаарыг үнэлсэн зах зээлийн үнэлгээ, үүнийг төлөх хугацааг хэлцлээр тохирсон байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн гэрээтэй холбоогүй хэлцлийг анхан шатны шүүх буруу дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон.

Нэхэмжлэгч А- нь нэхэмжлэлээ татан авсныг шүүхээс хүлээн авч, татан авсныг баталж захирамж гаргаж шийдвэрлэж байсан. Нэхэмжлэл татан авсныг нэхэмжлэлээсээ татгалзсантай адилтган үзэх бөгөөд А-гийн дахин шүүхэд гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх үндэслэл байгаагүй байхад иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр зээлийн нийт үүргийг 50,000,000 төгрөгөөр тооцон тохиролцсон. Шүүх тухайн хэлцлийн үнэлгээгээр гарсан 70,000,000 төгрөгийн зөрүү буюу үлдэх 20,000,000 төгрөгийг гаргуулахаар үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэрэгт энэхүү хэлцэл байгуулагдсаны дагуу нэхэмжлэлээ татан авсан тухай шүүгчийн захирамж байхгүй бөгөөд тус хэлцэл нь талууд эцсийн байдлаар тооцоо нийлсэн хэлцэл юм.

Зээлдэгчид тухайн хөрөнгийг худалдан борлуулах үед мэдэгдээгүй, зарах үйл ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй, дуудлага худалдаагаар зарж борлуулаагүй, хуульд заасан журам хэрэгжүүлээгүй, зээлдэгчийн эрхийг зөрчсөн тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 70,000,000 төгрөгөөс зээлийн гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хасч, зөрүү үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А- нь хариуцагч Б- ХХК-аас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулснаас илүү гарсан зөрүү 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дамно ХХК-аар барьцааны зүйл болох 9911-**** дугаарын зах зээлийн үнэлгээг 69,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн.

 

2.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд маргаж, өөрийн татгалзал, тайлбараа нотлох зорилгоор тухайн дугаарын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхээс шинжээч томилж дараах үнэлгээ гарсан байна. Үүнд:

2.2.1. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр 9911-**** дугаарын зах зээлийн үнэлгээг 2018 оны байдлаар 35,000,000 төгрөгөөр үнэлсэн /1хх 48-59/,

2.2.2. Шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр 9911-**** дугаарын зах зээлийн үнэлгээг 2020 оны байдлаар 70,000,000 төгрөгөөр үнэлсэн /хх 88-96/,

2.2.3. Шинжээчээр Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр 9911-**** дугаарын зах зээлийн үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын байдлаар 70,000,000 төгрөгөөр үнэлсэн /хх 172-181/.

 

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Учир нь Итгэлт эстимэйт ХХК-ийг 2 удаа шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 21.4, Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13-15 дугаар зүйлд заасан шинжээч зориуд худал дүгнэлт гаргахад хүлээлгэх хариуцлагыг сануулах, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, шинжээчид эрх, үүрэг болон шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тайлбарлах арга хэмжээг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

Үүнээс шалтгаалж Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэхгүй.

Иймд хариуцагчийн мэтгэлцээний байр сууриа нотлох зорилгоор гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримтыг бүрдүүлэх явцад гаргасан анхан шатны шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

4. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа учраас маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00999 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ