Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Н.М,

хохирогч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 1806 05500 1513 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.М

Холбогдсон хэргийн талаар:

Н.М нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар гудамжинд иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой би таксинд явж байтал манай ажлын газрын Гэрэлмаа эгч утасдаад бид кароекед сууж байна, хүрээд ирээч бензины чинь мөнгийг өгье гэрт хүргээд өгөөч гэсэн. Би тэдний байгаа кароекед очиход Гэрэлмаа, Энх-Од, Цэдэвсүрэн нар гарч ирсэн. Энэ гурав бензины чинь мөнгийг өгье хойшоо Салхит хүргээд өгөөч гэсэн. Тэгээд тэд нарыг суулгаад Салхит руу явж эхлээд Энх-Одыг эгчийг буулгаад, дараа нь Гэрэлмаа эгчийг буулгаад тэгээд буцаад Цэдэвсүрэнтэй Салхитаас доошоо 16 хүртэл явсан. Цэдэвсүрэн өөрийн машинаа 16 дээр тавьсан. Согтуу болохоор машинаа бариагүй, 16 дээр тавьсан гэсэн. Тэр машиныг нь очиж машиныг аваад Цэдэвсүрэнгийн миний машины зөв талын суудал дээр сууж байсан. Цэдэвсүрэнгийн машиныг Шунхлай колонк дээр аваачиж тавиад буцаж эргэж ирээд өөрийн машинаа аваад Цайзын уулзвар хүртэл барьж яваад эргэж ирээд Цэдэвсүрэнгийн машиныг аваад Цайзын Саруул тэнгэрийн ар хүртэл зөөж явсан. Тэгээд би худгийн доод талд гудамжны үзүүрт эхлээд өөрийнхөө машиныг аваачиж тавиад буцаж араас нь Цэдэвсүрэнгийн машиныг дөнгөж хажууд тавиад өөрийнхөө машинд ороод гэрлээ асаатал дээрээс Б ирж байсан. Өө Б ирчихлээ одоо ингээд гэртээ цуг ор гэсэн. Б хүрч ирээд жолоочийн талын хаалгыг онгойлгоод та хоёр наанаа юу хийж байгаа юм гэхэд би юу хийх вэ дээ эхнэрийг чинь аваад ирлээ машин тэргийг чинь зөөгөөд ирлээ гэсэн. Учир зүггүй хаалга татаж орж ирээд намайг суудал дээр хоолойг боож, дараа нь нэг цохисон. Тэгээд би уурандаа Быг нэг цохиж цааш түлхсэн. Араас нь гүйж гарахдаа хаалганы хавтсанд байсан 27-24 дроцов байхаар нь бариад гарсан. Тэгээд машины хойно очоод хоёулаа хоорондоо заамдалцсан. Тэгээд Б намайг цохичих цохичих гээд байсан. Би чамайг цохиод яах вэ дээ гэсэн. Тэгээд би буцаад машиндаа ороод суусан. Б машинаа унаад явсан. Би араас нь Цэдэвсүрэн миний машины зөв талын суудал дээр суучихсан байсан. Б машинаа оруулчихаад хүрч ирээд миний машинаас эхнэрээ аваад орсон. Зодоон үргэлжлээгүй. Ийм л зүйл болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бмэдүүлэхдээ: М намайг цохиогүй, нүдээгүй гээд байх юм. Тухайн үед би эрүүл байсан. Би шөнийн 03 цагийн хүүхдээ унтуулчихаад өөрөө гудамжны үзүүрт зогсож байтал миний машин байсан. Машин дээр очоод хаалгаа онгойлгох гээд машин цоожтой байсан. Мын гэх “Приус-20” машин дотор манай эхнэр Цэдэвсүрэн, М хоёр урд суудал дээр тэврэлдсэн байдалтай сууж  байсан. Тэгээд би юу болсныг асуух гэтэл машины хаалга цоожтой байсан. Шөнийн 03 цагт машины их гэрэл унтраастай байсан. Тэгээд надад эхнэрээ хардах сэтгэл төрсөн. Хаалгыг нь онгойлготол эхнэрийг чинь авч ирсэн гэж өөдөөс хэлсэн. Тухайн үед би Мыг цохисноо мэдэхгүй байна. Би эрүүл байсан. Мыг заамдаж машинаас буулгах үйлдэл хийсэн. Гэтэл цаанаас манай эхнэр Цэдэвсүрэн наадахаа алчих аа гэж хэлсэн.  М тэгж хэлсний дараа машиныхаа хавтаснаас төмөр барьж гарч ирээд бид хоёрыг барьцалдаж муудалцаж байх хооронд намайг 2-3 удаа цохисон. Ийм л үйлдэл болсон. Би өчигдөр эмнэлэг дээр очиж эмчлүүлсэн баримтаа бүрдүүлсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сар хүртэл толгойгоо бариулсан. Тухайн эмнэлгийн тамгыг даруулсан. Үүнд 1.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Моос нийт 1.128.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бөгсөн: ...эхнэр Л.Цэдэвсүрэн нь тэр машин дотор цуг ажилладаг Очир гэгчтэй машины урд суудал дээр сууж байсан. Тэгэхээр нь би ямар учиртай ийм байдалтай сууж байгаа юм бэ гэж асуухад эхнэрийг чинь хүргэж ирж байна гэхээр нь би тэр залууг чи гартай юм уу? хоёр хөлтэй юм уу гээд буугаад ир гээд таттал машиныхаа хаалганы хавтаснаас үзүүртэй төмөр шиг зүйл гаргаж ирээд толгой руу 4-5 удаа цохиж хөмсөг сэт цохихоор нь би яахаа мэдэхгүй балмагдаад эхнэрээ машиндаа суулгаад гэртээ очиж буулгаад гэрээсээ гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Цэдэвсүрэнгийн өгсөн: ...М миний машиныг тавьчихаад өөрийнхөө дөнгөж суутал Б дээрээс гүйгээд ирсэн. Намайг машинд сууж байхад Б хажуугаар явсан машинаас буусан гэж өөрөө хэлсэн. Тэгээд бид хоёрыг хараад гүйж ирээд та хоёр юу хийгээд байгаа юм бэ гэхэд М юу хийдэг юм би, чиний машин эхнэр хоёрыг чинь хүргэж авч ирлээ гэхэд Б Мыг машин дотор 2-3 удаа толгой руу нь цохиод байсан. Тэгээд М түлхсэн тэгээд Б Мыг хоёулаа эр хүн шиг үзэлцье гэж байснаа хоёулаа ийшээ яваад ганц юм уучихъя гэсэн. М үгүй юу гэж чамтай хамт явах юм бэ гэтэл Б машинаа унаад гэр рүүгээ явчихсан. Би Мт айгаад байна яах вэ, Бишүү одоо намайг зодно байх гэхэд М гайгүй байх ороод амарчих гэсэн. Би тэр үед цагдаа дуудна гэж бодож байсан. Тэгээд Б намайг аваад гэр рүүгээ орсон...Би тэр үед яг хажууд нь бүх зүйлийг харсан. Б, М хоёр машины хажууд хоорондоо заамдалцсан зогсож байсан. Б, М бид хоёрыг та хоёр нийлээд зодчих гээд Моос зууралдаад байсан. Тэр үед М би чамайг зодоод яах вэ, чи энэ түлхүүр, эхнэр хоёроо аваад яв гэсэн. Ийм л асуудал болсон. Цохисон, зодсон асуудал огт болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7647 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Б.Ббиед тархи доргилт, баруун хөмсөгний дээр зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,

            - Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн  42-44 дүгээр тал/,

            - Хохирлын баримтууд /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.М нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5 дугаар гудамжинд иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б“...эхнэр Л.Цэдэвсүрэн нь тэр машин дотор цуг ажилладаг Очир гэгчтэй машины урд суудал дээр сууж байсан. Тэгэхээр нь би ямар учиртай ийм байдалтай сууж байгаа юм бэ гэж асуухад эхнэрийг чинь хүргэж ирж байна гэхээр нь би тэр залууг чи гартай юм уу? хоёр хөлтэй юм уу гээд буугаад ир гээд таттал машиныхаа хаалганы хавтаснаас үзүүртэй төмөр шиг зүйл гаргаж ирээд толгой руу 4-5 удаа цохиж хөмсөг сэт цохихоор нь би яахаа мэдэхгүй балмагдаад эхнэрээ машиндаа суулгаад гэртээ очиж буулгаад гэрээсээ гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7647 дугаартай шинжээчийн “...Б.Ббиед тархи доргилт, баруун хөмсөгний дээр зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохиррол учруулсах гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Бгэмт хэргийн улмаас толгойн компьютер томографийн шинжилгээнд хамрагдсан гэж хохирлын баримт болох 120.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-н 34-36 дугаар тал/

Иймд шүүгдэгч Н.Моос хохирогч Б.Баас гэмт хэргийн улмаас толгойн компьютер томографт харуулсан шинжилгээний төлбөр 120.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт 8000 төгрөг нийт 128.000 төгрөгийн хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бнь 2018 оны 07 дугаар сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сар хүртэл толгойгоо бариулсан гэж 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүйгээс гадна хаана, ямар эмчийн заавраар толгой бариулах эмчилгээ хийлгэсэн нь өвчтөний түүх болон бичгийн бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байх тул хохирогчийн нэхэмжилж буй 1.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Бнь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Н Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н Мыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.М нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Мөнхочир нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Моос 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Батхүрэлийн Бд /РД:ОА80062610/ олгоугай.

           6. Хохирогч Б.Бнь эмчилгээний зардалтай холбоотой бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан  Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  14 давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н. Мт урьд хувийн баталгаа  гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ