Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 25

 

  

  2023          05           30                                    206/МА2023/00025

 П.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00097 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймаг, Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, Төнхөн овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сумын ******* ******* *******од оршин суух, Цагаан туг овогт *******ын *******ад холбогдох 

 

“Гэм хорын хохирол 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алимаа, хариуцагч Д.*******, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө зам дагуу явж байгаад жолооч Д.*******ын машинд дайруулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байсан. Үүний улмаас миний бие 5 яс хугарч, зөөлөн эд эс, толгой, шүд гэх мэт эрхтэн гэмтэж, олон сарыг хэвтэрт шаналж сэтгэл санаа бие махбодь, ажил амьдрал, бүх зүйлээрээ давхар хохирч амьдрал зогссон. Энэ цагаас одоог хүртэл бүрэн эдгээгүй, мөн зовсоор ажлын чадваргүй болсон байгаа. Д.*******аас 15,000,000 төгрөг авахаар амаар тохирсон. Шүүх хуралд ороогүй. Гэтэл энэ хүн энэ мөнгөө өгөхгүй зугтаж, утсаа ч авахгүй олон удаа явуулж зовоож байгаад гомдолтой байна. 3-4 сар хэвтэрт байсан. Д.*******ын эрүүгийн шүүх хуралд оролцож чадаагүй, шүүх хурал болохоос өмнө бид амаар 15,000,000 төгрөг өгч, авахаар тохирсон. Би 13,300,000 төгрөг авсан. Эмнэлэгт хэвтэрт байх хугацаанд эм тариа, хоол хүнс энэ тэр өгсөн, түүнийгээ нийлүүлээд 1,660,000 төгрөг гэж хэлж байгаа байх, шүүх хуралдаанд орохоос өмнө 15,000,000 төгрөг гэж тохиролцсон Д.*******аас үлдэгдэл 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* нутаг дэвсгэрт машинтай явж байгаад гэрлийн гялбаанд орж ирсэн иргэн П.*******г санаандгүй мөргөж, гэмтэл учруулсан. Өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, уг хүнийг эмнэлэгт хүргэж, эмчид үзүүлэн анхны тусламж үйлчилгээг үзүүлэн эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтэх хугацаанд нь эм тариа, эмчилгээ шинжилгээний зардлыг бүрэн төлж, тусалсан. Эмчлүүлж байх хугацаанд хоол цай, эм тариа хүргэж өгч сэтгэлийн дэм үзүүлж байсан. П.******* эмнэлгээсээ гарч ирсний дараа гэрт нь 10 уут түлээний мод, 1 бүтэн гулууз мах, 100 кг нүүрс, эм тариа, оношилгоо, шинжилгээний мөнгө гээд 1,660,000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн болно. Уг хэрэгт холбогдох шүүх хурал 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Хуралд орохын өмнө хохирогчтой амаар тохиролцоо хийгдсэн. Цаашид ямар нэгэн гомдол байхгүй гэж хэлж 15 сая төгрөгийн нэхэмжлэл нэхсэн. Би үүнийг зөвшөөрч хоорондоо тохирлцсон. Амаар тохиролцоо хийхдээ 1,660,000 төгрөгийг 15,000,000 төгрөгөөс тусад нь тооцно гэж тохироогүй. Нийт тооцоо 15 сая төгрөгөөр тохирсон учир одоо өгөх тооцоо байхгүй. П.*******д 03 дугаар сарын 29-ний өдөр 5845277169 ******* дансанд 5,000,000 төгрөг, үүний дараа 04 дүгээр сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,100,000 төгрөгийг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг, 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, нийт 13,300,000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн дуусгасан. Тухайн шүүхийн гаргасан шийдвэрийг би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрч шүүхийн заасан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгүүлсээр явж байна. Би 15,000,000 төгрөгийг өгнө гэж тохирсон. Энэ нэхэмжилж байгаа мөнгө энэ 15,000,000 төгрөгт орж байгаа гэж бодож байна  гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00097 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.*******аас 835,336 /найман зуун гучин таван мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 864,664 /найман зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 24,587 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйбөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч П.*******гийн давж заалдсан гомдлын агуулга:

4. П.******* миний бие нь 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 16 шилжих шөнө явган явж байгаад жолооч Д.*******ын машинд дайруулж эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байсан тухайн жолоочийн ослын буруугаас миний биед хүнд гэмтэл учирч олон хоног сарыг хэвтэрт өнгөрүүлж бие махбод, сэтгэл санаа, ажил амьдрал эдийн засаг, бүх зүйлээрээ хохирч ажлын чадваргүй болсон байгаа. Д.******* нь хөнгөн ял авахын тулд хохирлоо арилгах хэрэгтэй болсон, учир надтай болон манай ээжтэй тохирч 15 сая төгрөг эм хоолны зардлаас гадна өгөхөөр тохирсон боловч тухайн зардлыг оруулж тооцож 864,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Одоо ч гэсэн би эмчийн хяналтад байж гэмтэл бүрэн эдгэхгүй ажлын чадвар муутай амьжиргаа хүрэлцэхгүй амьдрахын тулд өвчнөө тэсвэрлэн явж амьжиргаагаа залгуулж байгааг хүн гэмтээсэн мөртлөө ойлгохгүй тохирсон хэдхэн төгрөгтөө гар татаж хатуу хандаж байгаад маш их гомдолтой байна. Бид анхандаа 30 сая төгрөг нэхэмжилсэн боловч ярьж тохироод 15 сая төгрөг болгосон юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 864,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хангаж шийдвэрлэж надад нэмж олгож өгнө үү гэжээ.

 

        ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Долгорсүрэн нь хариуцагч Д.*******ад холбогдуулан гэм хорын хохирол 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ******* ******* Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд гарган өгсөн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж эрүүгийн хэргээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан хэрэгт хавсаргуулжээ.

4. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ”эрүүгийн хэрэгт бид 15,000,000 төгрөгийн хохирол дээр амаар тохиролцсон. Ингэхдээ хохирогч П.*******г эмнэлэгт хэвтэж байхад түүнд зарцуулсан 1,660,000 төгрөгийг 15 сая төгрөгөөс тусад нь тооцно гэж тохироогүй. Нийт тооцоо 15 сая төгрөгөөр тохирсон учир одоо өгөх тооцоо байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн  зөвшөөрөхгүй маргажээ.

5. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох зорилгоор өөрийн эзэмшлийн Хаан банкны 5863101079 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж эрүүгийн хэргээс хохиролтой холбоотой гэж үзсэн 23 хуудас материалыг хуулбарлан хэрэгт хавсаргуулжээ.

6. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 835,336 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулан түүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 864,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгч П.******* нь ” шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 864,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

7.1 Хариуцагч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч П.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь эрүүгийн хэргээс хуулбарлан авсан баримтуудаар тогтоогдож байна.

7.2 Харин нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг дээр хохиролд тохирсон 15,000,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг хариуцагч өгөхгүй байгаа гэж, хариуцагч нь тохиролцсон 15,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.

7.3 Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тохиролцсон 15,000,000 төгрөгөөс 13,300,000 төгрөгийг хохирогчид дансаар шилжүүлэн өгсөн байна.

Үүнээс гадна хариуцагч нь хохирогчийг эмчилгээтэй байх хугацаанд түүний эмчилгээ, эм тарианд 680,000 төгрөг шилжүүлсэн, 184,000 төгрөгийн эм тариа худалдан авсан бөгөөд хохирогчид 680,000+184,000=864,000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Харин хариуцагчийн “нэхэмжлэгчийг эмчилгээтэй байх хугацаанд 1 хонины гулууз мах, 600 кг нүүрс, 10 шуудай мод авч өгсөн, эдгээрийг захаас авсан тул баримт авах боломжгүй байсан, эрүүгийн хэрэгт авагдсан жагсаалтад эм, тарианы мөнгөтэйгөө нийлээд 1,660,000 төгрөг болсон талаар жагсааж бичсэн нь хэрэгт авагдсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, мэтгэлцээгүй бөгөөд шүүх хуралдаанд “би тооцоолж үзээгүй, түлээ мод, мах авч өгсөн” гэж тайлбарласан байна.

Мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүйг дурдсан байна. 

7.4 Иймд нэхэмжлэгчийн “хариуцагч нь эрүүгийн хэрэг дээр хохиролд тохирсон 15,000,000 төгрөгөөс 1,700,000 төгрөгийг өгөхгүй байгаа” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байна.

7.5 Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Энэ хэргийн хувьд 15,000,000 төгрөгөөр тохирсон юм байна. 13,300,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдлийг нь эд зүйлээр өгсөн юм байна” гэх дүгнэлт үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн “гомдлын хүрээнд” хянасан тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.    

7.6 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч П.******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2023/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР