Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 26

 

 

     2023          05           30                                    206/МА2023/00026

 

 Ш.*******ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00212 дугаар шийдвэртэй,

 Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин суух, ******* овогт******* *******ийн хүсэлттэй,

“ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй,” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.*******, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:

  

1.1 Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1975 онд бага сургуулийн 4 дүгээр ангиас гарсан. 1979-1982 он хүртэл эцэг, эхтэйгээ хамт мал маллаж байсан. 1982 онд цэргийн албанд татагдаж 1985 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1985 онд нэгдэл дундын үйлдвэрт ажилд ороод 1991 он хүртэл ажилласан. Ажилласан хугацааныхаа жилийг тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж шүүхэд өгсөн байгаа... 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сум Гахайт багт малчнаар, 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна “гэжээ.

 

2.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00212 дугаар шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан шувуут овогт******* *******ийн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд барилгачин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.2. Хүсэлт гаргагчийн 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадад малчнаар ажилласан 3 жил 6 сарыг тогтоохгүй орхисон” тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч Ш.*******ийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хүсэлт гаргагчийн   давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв. 

2. Хүсэлт гаргагч Ш.*******  нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадад аав ээжтэйгээ үхэрчнээр ажиллаж байсан, 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

            3. Хүсэлт гаргагч Ш.******* нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаар лавлагаа, Мянгад сумын  Гахайт бригадын 1979-1982 оны өрхийн ам бүлийн тооллого буюу Мал тооллогын А данс, Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1985 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тушаал, 0736597 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын тодорхойлолт, 1985 онд авахуулсан гэх гэрэл зураг, Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1823 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудыг  шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу дээрх нотлох баримтууд шүүхэд гаргаж өгсөн байна.

 5. Анхан шатны шүүх Ш.*******ийг Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал барилгачин гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

6.Хүсэлт гаргагч нь шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар ”1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадад малчнаар ажилласан 3 жил 6 сарыг тогтоохгүй орхисон” тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай гомдлыг гаргажээ.

7.Анхан шатны шүүх Ш.*******ийн ажиллаж байсан байдлын тодорхойлох гол нотлох баримт болох 1979-1982 онуудын Мал тооллогын А данс болон бусад нотлох баримтуудын талаар дараах дүгнэлтийг хийжээ.

8.Хүсэлт гаргагчийн  “Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Гахайт бригадын 1979-1982 Мал тооллогын А дансны баталгаат хуулбар авагдсан байх ба уг баримтууд нь өрхийн тэргүүн Ц.Ширчинням /Ц.Чирчинням/-ын нэр дээр гарсан, мөн 1979-1982 оны баримтад нь өрхийн ам бүлийн тоо 8, үүнээс нэгдлийн гишүүнд гэх хэсэгт 3 гэж бичигдсэн боловч нэгдэлд малчнаар ажиллаж байгаа 3 хүний тоонд хүсэлт гаргагч Ш.******* орж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар өөр бусад бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, 01981-1982 оны мал тооллогын баримтад нэгдлийн гишүүн гэж хэсэгт 2 гэж 1979 оны мал тооллогын баримтад нэгдлийн гишүүдийн тоог тэмдэглээгүй,иргэн *******ы шүүхэд гаргасан тодорхойлолт нь уг үндэслэж бичсэн нь тодорхойгүй, эх сурвалжаа зааж чадаагүй буюу хэрэгт авагдсан өөр бусад бичгийн баримтуудаар нотлогдохгүй байна гэж, харин хүсэлт гарагчийн хүсэлтийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Гэтэл шүүх уг баримтуудыг эх хувьтай нь тулгаж үзлэг хийх замаар тухайн үед  Ц.Ширчинням гэх  өрх айлд ХАА-н хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж хөдөлмөр эрхэлж байгаагаар бүртгэгдсэн 3 хүний нэг Ш.******* байсан эсэхийг гэрчүүдээс тодруулж асуух ажиллагааг хийгээгүй байна. Мөн тухайн цаг хугацаанд малчин байсан гэх ******* нь 1982 онд хамт цэргийн албанд явж байсан ба энэ хүний ажил, амьдралыг сайн мэдэх хүний хувьд тодорхойлов гэжээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний гаргасан тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалт байхгүй боловч тэдгээр хүмүүсийг гэрчээр асууж эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох нотлох баримтад үнэлдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикийг шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан энэ тохиолдолд эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах тухай хэргийн оролцогчийн хүсэлт байх шаардлагагүй бөгөөд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх онцлог байдлыг  харгалзан шүүх санаачилгаараа гэрчээр асуух боломжтой  байсан.

11.Шүүх гэрчүүдийг хууль сануулан асууж Ш.*******той хамт  хэдэн онд хаана ямар ажил хийж байсан болон  тухайн цаг хугацаанд ажиллаж байсан гэх ******* Мянгад сумын ямар нэгдэлд ямар суурьт ямар мал хамт ажиллаж байсан эсхүл тусдаа суурь малчин байсан эсэх, мөн *******  нь хүсэлт гаргагчтай хамт Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ямар ажил хийж байсан зэрэг бодит байдлыг тогтоож, шаардлагатай бол эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүдийг харьцуулан судлах замаар бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтой байсан.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг судлахад шүүх хүсэлт гаргагчийг нэгдлийн гишүүн эсэхийг тодруулж асуусан байх бөгөөд түүнийг аль сумын ямар нэгдэлд ажиллаж байсныг тодруулаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгов.

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хүсэлт гаргагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР  

 

                                              ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА