Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 27

 

 

   2023          05           30                                    206/МА2023/00027

 

 С.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00190 дугаар шийдвэртэй,

 

 Улаанбаатар хот, *******,*******,*******лол, тоотод оршин суух, Шаахүү овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багт байрлах, “Элсэн морьт” ХХК-д холбогдох 

 

“Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот 200700063 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Иргэн ******* нь 2016 онд Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот 200700063 нэгж талбарын дугаартай С.******* миний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар доогуур миний зөвшөөрөлгүй бохирын шугам хоолой татсан. Тухайн үед миний бие Ширбазарт чи миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолойг яагаад татаж байгаа юм бээ боль гэж хэлсэн боловч ******* тоогоогүй. Би тухайн үед чөлөө болоогүй, МӨН Улаанбаатар хот руу явах ажлын ажил ихтэй байдгаас болоод шүүхэд өгч чадаагүй. ******* нь миний өмчлөлийн газар доогуур бохирын хоолой явуулалгүй өөр газраар явуулах бүрэн боломжтой байсан. Мөн миний төрсөн дүү *******ийг ******* гарын салаагаа гаргаж хашаагаа буулгахгүй бол хашааг чинь шатаана. Том машинаар түрнэ гэж хэлж хэлсэн байсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заажээ. Иймд нэхэмжлэгч С.*******ын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоотод байрлах 200700063 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч нь 2014-2015 онд барьж байгуулсан ажлыг 5 жил юу ч хэлээгүй байж гэнэт хуурамч газрын гэрчилгээ кадастрын зураг гаргаж ирсэн. Би тухайн үед аймгийн Газрын албанд шүүлгээд нийтийн эзэмшил газар болохыг тодорхойлж техникийн нөхцөлийг нь авч зургийн дагуу Улаанбаатар хотын “Хүчин чулуут” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн болно. Энэ үед Улаанбаатар хотоос С.******* гэгч хүн утсаар ярьж манай хашаанаас 2 метрийн зайтай барилгынхаа суурийг хийгээч гэж надтай яриад би үгэнд нь орж сууриа хийсэн. Эдгээр ажлыг хийхэд газрын албанд хандаж нийтийн эзэмшлийн газар болохыг газар дээр нь хүмүүс нь ирж үзүүлж тодорхойлж байсан. С.*******ын 2009 онд авсан гэх газар нь тухайн үед гэр орчмын газар дээр эзэмшлийн гэрчилгээ байсан ба одоогийн гэрчилгээг нэг ч удаа гараагүй байгаагүй. Кадастрын зургийг нэгдсэн журмаар 2011-2012 онд Улаанбаатар хотоос эрх бүхий компани ирж хийсэн бөгөөд яг тэр үеийн барилга байгууламж хашааны бодит цэг дээр хийж байсныг би өөрөө хамт машинаар үйлчлүүлж ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 09 сард гэнэт нэг өдөр хашаа барьчхаад түүндээ таарсан хуурамч кадастрын зургийг 2009 оны байдлаар авч хийсэн нь тодорхой байна. Иймд тухайн үеийн Засаг даргын захирамж, аймгийн Иргэдийн хурлын тогтоол, 2008-2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зураг зэргийг эх хувиар нь шалгаж тодруулж, бодит байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед миний өөрийн эзэмшлийн хашаа С.*******ын  хашаатай хамт байсан учраас би бүх нөхцөл байдлыг нарийн мэдэж байна. Тэр орчмын бүх айл гэрчлэх болно. Нөхцөл байдал ийм учраас энэ булхай луйврыг илрүүлж ул суурьтай хандаж тэр байранд амьдарч буй 48 айлын амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү. Одоо тэр хашаа баригдснаар дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх аргагүй болж, бохир бөглөрч тэнд үйлчилгээ авах ямар ч боломжгүй болсон байна  гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00190 дугаар шийдвэрээр:

3.1 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын “Элсэн морьт” ХХК-нд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Магсаржав багийн 05-р гудамжны 26 тоот 200700063 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур зөвшөөрөлгүй барьсан бохирын шугам хоолойг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 .2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

               3. 3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагаа хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу алдаа гарсан. Шүүхийн шийдвэр хариуцагчаа буруу тодорхойлсон гэх үндэслэлээр гаргасан. Захиргааны маргаан байна гэсэн тайлбар хэлсэн. 2 хариуцагчтай гэдгийг анхаарч үзээгүй. Акт нь захиргааны маргаан байх боломжтой. Гэтэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч нь байсаар байхад анхаарч үзээгүй. Иймээс хэргийг буцаах үндэслэлтэй байна. С.*******т Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст эзэмшдэг гэдэг нь тогтоогдож байхад хуулийн заалт зөрчсөн. Тухайн газар дээрээ ямар нэгэн барилга барих боломжгүй мөн орон сууцны айлуудын бохир усны шугам явдаг.

4.2 Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 12 дугаартай "Гомдол хянан хэлэлцэх тухай" тогтоолын тогтоох нь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дүгээр зүйлийн 171.1.1-т зааснаар Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШЗ2023/00001 дугаартай "Хүсэлт хянан шийдвэрлэсэн тухай" захирамж, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 153/Ш32023/00098 дугаартай "Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай" захирамжуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг хангахаас татгалзсан

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Гэтэл анхан шатны шүүх нь Хамтран хариуцагчаар Шим-Ус" ОНӨААТҮГ-г татуулхаар хүсэлтийг шүүхэд гаргасныг удаа дараа хүлээн авхаас татгалзсан байтал хариуцагч нь Шим-Ус" ОНӨААТҮГ гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 153/ШШ2023/00190 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Ашиглалтын тухай хуулийн заалт баримталсан. ******* нь барилга барихдаа зураг төслийг гаргаж 2015 онд ашиглалтад оруулсан. Барилга нийтийн эзэмшилд шилжсэн цагаас эхлэн Ховд аймгийн “Шим ус” ХХК эзэмших болсон гэв.

 

        ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч хариуцагч “Элсэн морь” ХХК-нд холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг 5 дугаар гудамж 26 тоотод байрлах нэгж талбарын 200700063 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар доогуур “Элсэн морь” ХХК нь 48 айлын барилга барихад бохирын шугам хоолойг зөвшөөрөлгүй барьсан тул чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн эзэмшлийн 1100м2 газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг  зэрэг баримтыг  шүүхэд гарган өгсөн байна.

4. Хариуцагч “Элсэн морь” ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохирын шугамыг татсан. Барилгыг барьж дуусаад улсын комиссод хүлээлгэн өгсөн тул энэ хэргийн хариуцагч нь “Элсэн морь” ХХК биш юм” гэж тайлбарлажээ.

5. Анхан шатны шүүх “...хариуцагч Элсэн морь ХХК нь бохирын шугам сүлжээний эзэмшигч биш тул тус компанид холбогдуулан шаардлага гаргах эрхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх Шим-Ус ОНӨААТҮГ-ыг хамтран  хариуцагчаар татуулах тухай миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан атлаа “Элсэн морь” ХХК нь энэ хэргийн хариуцагч биш харин Шим-Ус ОНӨААТҮГ нь энэ хэргийн хариуцагч гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Хоёрдугаар хавтаст хэргийн 151 дүгээр талд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, 167 дугаар талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нар нь “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор Шим-Ус ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлт”-ийг 2 удаа шүүхэд гаргажээ.

Иргэн өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагчаа өөрөө тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, багасгах, хамтран хариуцагчаар татуулах болон хариуцагчийг солих тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно.” гэх хуулийн зохицуулалтыг “нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж ойлгоно.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хамтран хариуцагчаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-ыг татан оролцуулах хүсэлтийг “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар өөр этгээдийг татан оролцуулах шаардлагатай эсэхийг шүүх шийдвэрлэх юм” гэх агуулгатай дүгнэлт хийж хангахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Мөн энэ хэрэгт “Шим-Ус” ОНӨААТҮГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан нь хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэхгүй юм.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Шим-Ус” ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхээр байжээ.

6.2 Хоёрдугаар хавтаст хэргийн 152-153, 168-169 дүгээр талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2 удаа шүүхэд бичгээр гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа хариуцагчаар “Элсэн морь” ХХК-иас гадна “Шим-Ус” ОНӨААТҮГ-ыг нэрлэн зааж бичсэн байхад “шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 1 дэх шаардлага нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд уг шаардлагатай холбогдуулан хариуцагчаас тайлбараа шүүхэд ирүүлсэн, дээрх шаардлагын хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дахин уг шаардлагыг хариуцагчид гардуулах шаардлагагүй” гэх дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа хамтран хариуцагчаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-ыг нэрлэн зааж бичсэн байхад шүүх “Шим-Ус” ОНӨААТҮГ-т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж,  хариу тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байтал “анх шүүхэд гаргасан шаардлагыг “Элсэн морь” ХХК-нд гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэх агуулгатай дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага ханаагүй байна.

 8. Иймд “шүүх Шим-Ус ОНӨААТҮГ-ыг хамтран  хариуцагчаар татуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзсан атлаа “Шим-Ус” ОНӨААТҮГ нь энэ хэргийн хариуцагч гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна" гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол агуулгын хувьд үндэслэлтэй байна.

Гэвч  анхан шатны шүүх “Шим-Ус” ОНӨААТҮГ-т нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоос “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй болно.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож  

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2023/00190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талын  давж заалдах журмаар төгрөгийг гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                              ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР