Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00739

 

Ш.Очирбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07106 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 637 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ш.Очирбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Очирбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Очирбат миний бие Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨААТҮГ-т 5 дахь жилдээ багшаар ажиллаж байна. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил тарах гэж байхад менежер М.Янжинбадам намайг ажлаас халсан тухай захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг танилцуулсан ба тушаалд “2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, төлбөр тооцоог дуусгаж, ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байсан.Би тушаалтай танилцах үедээ цалингийн зээлтэй, ганцаараа ажил хийдэг, амьдрал хэцүү байна, сарын дараа ажлаа олоод гаръя, тушаалыг авч чадахгүй гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээр ирэхэд намайг оруулахгүй байсан бөгөөд захирал “битгий оруул” гэж хэлсэн гэсэн. Аргагүйн эрхэнд тушаалаа авъя гээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр гаргуулж авсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 01, 02-ны өдөр ажилласан болохоор 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тушаалаа авъя гэсэн. Би “шүүхэд өргөдөл гаргахгүй, харин нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэсэн” юм гээд тушаалын он, сарыг өөрчлүүлсэн. Намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр халсан.Гэвч би сахилгын зөрчил гаргаагүй. Өмнө нь 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр надад цалингийн 10 хувь хассан сахилгын шийтгэл ногдуулсан. Намайг усанд орох гээд явсан хойгуур н.Эрдэнэбилэг багшийг байх үед хүүхэд ус руу үсэрч, амандаа ус балган шоконд орсон талаар хүүхдийн ээж гомдол гарган н.Эрдэнэбилэг багш бид хоёрт арга хэмжээ авсан. Миний хувьд архи уусан асуудал байхгүй.Намайг ажлаас халсныг зөвшөөрөхгүй тул ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1 cap, 14 хоногийн буюу 34 хоногийн цалин 802 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Ш.Очирбатын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Очирбат 2015, 2016 онд нийт 6 удаа сахилгын зөрчил гаргасан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын байранд архидан согтуурч зодоон хийсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 тоот тушаалаар цалинг нь 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан шийтгэл ногдуулсан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлын байранд архи үнэртүүлж ирсэн ба ажиллах чадваргүй байсан. Энэ тухай 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцсэн ба Ш.Очирбат согтуурсан байдлаа хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлын байранд согтууруулах ундааны зүйл уусан нь тогтоогдсон. Улмаар ажлын байр болон үйлчлүүлэгчээ олон удаа орхин гарч нийт 3 цаг бассейнд байгаагүй болох нь тогтоогдсон. Энэ үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 3.2.5, хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1, 10.2.2, 10.3.1-ийг тус тус зөрчсөн.2016 оны 4 дүгээр сард санал хүсэлтийн хайрцаг онгойлгож үйлчлүүлэгчдээс ирсэн сэтгэгдлийг устгасан, дараа нь өөрөө нөхөж бичсэн нь тогтоогдсон. 2015 оны 11 дүгээр сард Ш.Очирбат санаачлан удирдлагын зөвшөөрөлгүй М.Янжинбадам гэх хүнийг ажлаас халуулахаар санал, асуулга ажилчдын дунд явуулан засаг даргад хүргүүлсэн байсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.2.9-д заасныг зөрчсөн зөрчил. Энэ тухай 2015 оны 11 сарын 09-ний өдөр ажилчдын хурлаар, дараа нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хурлаар дахин хэлэлцсэн. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа ирээгүй ба 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал нийт таслалт 24 цаг, хоцролт 18 цаг, 25 минут, чөлөө 68 цаг, 33 минут, эрт явсан цаг 2 цаг, 13 минут байна. Ш.Очирбатыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн боловч гуйгаад байхаар нь тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болгон өөрчилсөн. Ш.Очирбат нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Солонгос Улсад ажиллахад нь 3 сарын цалингүй чөлөө олгож, ажлын байрыг нь хадгалж байсан.Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу Ш.Очирбатад сануулах болон сахилгын шийтгэл ногдуулсан ба хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.2, 5.2.4, байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.2.2, 10.2.4, 10.3.1, 10.3.2, 10.4.1-ийг удаа дараа зөрчин, сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас нь халсан гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07106 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай Ш.Очирбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 637 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Миний бие нь байгууллагын даргын төсвийн мөнгийг хувьдаа завшдаг, эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа байдалтай эвлэрч чадаагүй түл 2016 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-т шалгуулахаар бодит байдлыг мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 27-нд надад ажлаас халах тушаал гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 03-нд мөн хоёр дахь удаагаа ажлаас чөлөөлсөн. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад ойр дотны ажилд авсан хүмүүстэйгээ хуйвалдан худал өргөдөл бичиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Одоо захирал Оюундэлгэр, менежер Янжинбадам нар нь ажлаас чөлөөлөгдсөн. Шүүхийн магадлагаа бодит байдалд нийцээгүй миний хэлснийг шал өөрөөр бичсэнд үнэхээр гомдолтой байна....Миний бие нь усанд сэлэлтийн хичээлийг 5 жил тасралтгүй зааж нийтдээ 6000 хүнийг усанд сэлүүлж сүргасан. Цаашид ч Монголын усан сэлэлтийн спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ирээдүйн тив дэлхийн, олимпын аварга гаргаж ирэх зорилготой хүсэл тэмүүлэлтэй ажилладаг байсан. Мөн гэрээсээ ганцаараа ажил хийдэг, урт хугацааны цалингийн зээлтэй болно. Энэ хууль бус явдлаас болж 6 сарын хугацаанд ажилгүй байгаа тул миний энэ өргөдлийг хүлээн авч үнэн зөвийг олж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Очирбат нь хариуцагч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Ажил олгогч Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв ОӨААТҮГ нь “Ш.Очирбатыг ажлаас халах тухай” захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б\34 дүгээр тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан зохицуулалтыг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болдог.

Нэхэмжлэгч Ш.Очирбат нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил тус тус  гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх ажил олгогчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан шаардлагад нийцсэн гэж үзжээ.

Нэхэмжлэгч Ш.Очирбат Усан спорт сургалтын төвийн багшийн ажлыг гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандаж, ажлын байраа орхиж явсан, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ажлын байранд согтуу ирсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, урьд өмнө сахилгын арга хэмжээ авагдаж байсан, сахилгын шийтгэл хүлээснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй зэрэг үйл баримт нотолгооны хэрэгслээр тогтоогджээ. Шүүх зохигчдын хоорондох хөдөлмөрийн гэрээний 5.2.1., 5.2.2.-т заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, “ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэсэн байх үедээ ажилд ирсэн” гэх нөхцөл үүссэн тул ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, улмаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцласныг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07106 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 637 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН