Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2016/0104/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч “Бадрал-Өргөө” ХХК, “Их засаг” ОУИС, “Дархан төгөлдөр” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Бадрал-Өргөө” ХХК, “Их засаг” ОУИС, “Дархан төгөлдөр” ХХК нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”  шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

“Бадрал-Өргөө” ХХК, “Их Засаг” ОУИС, “Дархан төгөлдөр” ХХК нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2016 оны 06 дугаар сард зарлагдсан газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч ялагч болсны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус тус газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл Засаг дарга С. Насанбат нь өмнөх Засаг даргын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаартай захирамжаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаараа хүчингүй болгож буй талаараа бидэнд мэдэгдлээ. Засаг даргын энэхүү шийдвэр  /захиргааны акт/ нь газар эзэмшигч бидний эрх, хууль ёсны ашигсонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул бид Газрын тухай  хуулийн  60  дугаар  зүйлийн  60.2  дахь  заалт,  Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  

C:\Documents and Settings\ Захиргаа\ Шүүхийн шийдвэр.doc

шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, мөн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуутыг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/440 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг дор дурьдсан үндэслэлээр хуульд нийцээгүй буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:

 Нэг.Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны А/440 дугаариай захирамжаар газар эзэмшигч тодорхой этгээдүүдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй.  

 Тодруулбал:

            1.3 Засаг дарга дээрх захирамжаараа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” асуудлыг шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, ...-ийн засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.” Гэж заасан бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсгүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн тохиолдлуудыг тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн хэн аль нь хуулийн заалтуудад дурьдагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зөрчил гаргаагүй, ийм үндэслэл бүрдээгүй. Хэрэв засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан зөрчлийг газар эзэмшигч гаргасан байх, ийм үндэслэл бүрдсэн, тогтоогдсон байх учиртай.

 Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд газар эзэмшигч /хуулийн этгээд/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ.

 1.4 Аливаа төрийн байгуулагаа, албан тушаалын шийдвэр ойлгомжтой, тодорхой , үндэслэлтэй байх ёстой.

 Засагдарга шийдвэрлэж буй асуудлаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” гэж захирамжиндаа тодорхойлсон боловч хууль хэрэглэхдээ үндэслэсэн хуулийн заалтын агуулга нь шийдвэрлэж буй асуудлынхаа хууль зүйн үндэслэлтэйгээ зөрчилдөөнтэй.

Үндэслэсэн хуулийн заалтуудын хувьд “албан тушаалтан гаргасан шийдвэрээ...хуульд нийцээгүй,...хууль бус,...илт хууль бус гэж үзвэл шийдвэрээ өөрөө хүчингүй болгож болно.” Гэсэн хууль зүйн агуулагтай заалтуудыг хэрэглэсэн боловч “ЗАХИРАМЖЛАХ нь” хэсгийн 1-д дурьдагдсан нөхцөл байдлууд нь хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаар тодорхой заагаагүй, ойлгомжгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэхь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хоёр. Захиргааны актын улмаас төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж буй хуулийн этгээдүүдийн

эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөд хүрч байна. Тодруулбал:

Газар эзэмших эрхийг олж авсан хуулийн этгээдүүд:

-Төрийн байгууллагаас зарласан шалгаруулалтанд ялсан төслөө хэрэгжүүлэх,

-Газраа зориулалтын дагуу ашиглах,

-Төсөл хэрэгжүүлэх замаар ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах-боломжгүй болж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, үүнээс үүдсэн багагүй хэмжээний эдийн засгийн алдагдал, хохирол хүлээхээр байна.

 Иймд Дархан-Уул аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Бадрал-Өргөө” ХХК, “Их засаг” ОУИС, “Дархан Төгөлдөр” ХХК нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бадрал-Өргөө” ХХК, “Их засаг” ОУИС, “Дархан төгөлдөр” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Бадрал-Өргөө” ХХК, “Их засаг” ОУИС, “Дархан төгөлдөр” ХХК нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ