Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 120/2018/0022/З |
Дугаар | 221/МА2019/0214 |
Огноо | 2019-04-11 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2019/0214
2019 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 221/МА2019/0214 | Улаанбаатар хот |
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120/ШШ2019/0004 дүгээр шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.2, 47.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Г” ХХК-ийн үнэлгээний хороонд холбогдуулж гаргасан “Мэргэжлийн хяналтын газрын контор, лабораторийн барилга ТӨБЗГ-2018/IV.2.1.3 дугаартай барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хариуцагчаас гаргасан гэх баримтыг үндэслэж дахин үнэлгээ хийгдсэн гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас манай компанид ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2-2238 дугаар албан бичигт дахин үнэлгээ хийсэн талаар огт дурдаагүй бөгөөд Сангийн яамны 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/5454 дүгээр албан бичигт “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсний дагуу гэрээ байгуулах боломжгүй гэсэн” хариу ирүүлсэн. Дахин үнэлгээ хийнэ гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмын дагуу тендерт оролцогчийн материалд дахин үнэлэлт дүгнэлт хийх, шаардлагатай бол холбогдох байгууллагуудаас тодруулга, лавлагаа авах зэрэг цогц үйл ажиллагаа байх бөгөөд хариуцагч талын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дахин үнэлгээ хийсэн талаар огт дурдаагүй байна. Сангийн яам тус тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан бөгөөд үнэлгээний хороо энэхүү шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин ул суурьтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх боломж байсан боловч үнэлгээний хорооноос маш яарч гаргасан шийдвэрийн дагуу товч ойлгомжгүй мэдэгдэл ирсэн нь үнэлгээний хороог дахин хуралдаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Бид тус тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ мэдээгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь “Говийн өгөөж” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Хэрэв захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлын хариуцагчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж үзсэн юм бол хариуцагчийг солих эсвэл хамтран хариуцагчаар татах асуудал нь шүүхийн ажиллагаанд хамаардаг. Шүүхийн шийдвэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт оршин байрладаггүй гэсэн байна. Энэхүү хэргийн нэг хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, үнэлгээний хороо нь тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт байрлаж байгаа тул нөгөө хариуцагчаар Мэргэжлийн хяналтын газрыг татаж тухайн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой бөгөөд Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүх нь харьяалал зөрчих асуудал гарахгүй гэж үзэж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/172 дугаар тушаалаар[1] “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд уг үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Г” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлж[2], энэ талаар 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Г” ХХК-д 2-2053[3], “Говийн өгөөж” ХХК-д 2-2055[4], “Г” ХХК-д 2-2054[5] дүгээр албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн байна.
Уг мэдэгдлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хянан үзээд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 6-1/5454 дүгээр албан бичгээр[6] “... “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. “Г” ХХК нь ...шаардлагыг тус тус хангахгүй байх тул татгалзах нь зүйтэй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй” гэх хариуг “Г” ХХК болон Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “...дээрх Сангийн яамны албан бичгийн дагуу хариуцагч нар дахин тендер шалгаруулалтын үнэлгээг хийхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлан маргах бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажлын үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл[7], үнэлгээний хорооны зөвлөмж[8]-өөс үзэхэд хариуцагч Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар захиргааны шүүх нь хариуцагч захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтыг энэхүү хэрэгт цугларсан нотлох баримттай уялдуулан үзэхэд хариуцагч 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т зааснаар шууд гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулах боломжгүй талаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Г” ХХК-д 2-2239, “Г” ХХК-д 2-2238 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн байх тул хариуцагч “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын тендерийн үнэлгээний хороо эс үйлдэхүй гаргаж, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч “Мэргэжлийн хяналтын газрын оффис, лабораторийн барилга барих ажил”-ын тендерийн үнэлгээний хороо эс үйлдэхүй гаргаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч “Г” ХХК-ийн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “...манай компанитай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг зөрчжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд захиалагч буюу гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байх бөгөөд хуулиар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад гэрээ байгуулах эрхийг олгоогүй тул түүнийг эс үйлдэхүй гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн шүүхээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах боломжгүй учраас уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх байтал анхан шатны шүүх “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тухайн захиргааны хэргийн шүүхийн нутаг дэвсгэрт оршин байдаггүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хариуцагчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж үзсэн юм бол хариуцагчийг солих эсвэл хамтран хариуцагчаар татах асуудал нь шүүхийн ажиллагаанд хамаардаг...” гэж дурдсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөхгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж тус тус заасны дагуу шүүхээс хариуцагчийг солих, эсхүл хамтран хариуцагчаар татах ажиллагааг хийх боломжтой ч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д нэхэмжлэлийг тухайн шийдвэрийг гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргахаар хуульчилсан тул анхан шатны шүүхийг тухайн ажиллагааг хийгээгүй байна гэж буруутгаж, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, дээрх гомдлыг хүлээн авахааргүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-63 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-64 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-65 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-66 хуудас
[5] Хавтаст хэрэг 1-67 хуудас
[6] Хавтаст хэрэг 1-68 хуудас
[7] Хавтаст хэрэг 1-73 хуудас
[8] Хавтаст хэрэг 1-70 хуудас