Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1385

 

 

 

"Цагаан-Арал" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03931 дүгээр  шийдвэртэй,

Нэхэмжлэгч "Цагаан-Арал" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Хан-Оргил" Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-нд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

Нэхэмжлэгч “Цагаан-Арал” ХХК-ийн төлөөлөгч Э.Мэндсайханы гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Батчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч "Цагаан-Арал" ХХК-ийн төлөөлөгч Э.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Оргил” cууц өмчлөгчдийн холбооны дарга н.Лхагвасүрэн гэх эмэгтэй биднийг өөр газар ажилтай байхад 2012 оны 04, 05 дугаар сарын үед лифт үзээд өгөөч гэсэн ба бид тухайн үед лифтний баталгаат хугацаа дууссан тул боломжгүй, харин төлбөр мөнгөө өгөөд хийлгэвэл стандартын дагуу засварлах боломжтой гэдгээ хэлсэн. Ингээд дахин 2014 онд бидэнтэй уулзаад хүсэлтээ тавьсны дагуу бид очиж хэр зэрэг засвар, үйлчилгээ орох, засварын төлбөр хэдэн төгрөг болохыг тогтооё гэсэн юм. Хариуцагч зохих хэмжээний сэлбэг хэрэгслийг авсан гэж байсан. Ингээд бид цахилгаан шатуудыг нь үзэхэд үнэхээр хэцүү болсон байсан. 6 лифтний 2 нь алдаг оног явдаг, явахаасаа явахгүй нь их, тохиргоо нь ихээр алдагдснаас болоод их эвдрэлтэй болсон байсан Заримыг нь монголчилсон, задалчихсан, янз бүрийн зүйл орлуулчихсан байсан. Бид 6 цахилгаан шатыг 1 ширхэгийг нь 2 000 000 төгрөгөөр буюу 12 000 000 төгрөгөөр засахаар тохироод их засвар хийж өгье гэсэн санал тавьсан. Гэтэл “Хан-Оргил” СӨХ-ны даргын зүгээс үнээ жаахан буулгачих гээд бид 11 000 000 төгрөг дээр тохироод та бүхэн өнөө маргаашгүй ажилдаа ор, цаашдаа цахилгааны шатуудыг үйл ажиллагааг нь аваад яв гэсэн хүсэлтийг тавьсан. Манай зүгээс уг хүсэлтийг нь зөвшөөрөөд бид аман гэрээ байгуулаад ажилдаа орсон. Бид гэрээ хийе гэсэн боловч хариуцагчийн зүгээс та нар ажлаа хийгээд явж бай, явцын дунд болно, өнөөдөр, маргааш, эсвэг дарга нь амралттай, сувилалд явсан, эмнэлэгт хэвтсэн гэсэн шалтаг хэлээд ерөөсөө гэрээ хийгээгүй. Бид ажлаа 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлж урьдчилгаа 5 000 000 төгрөг өгсөн. Гэтэл ажлын дунд биднээс өмнө харилцан тохироогүй байсан хийх ажлын задаргаа гэдэг зүйлийг шаардсан. Энэ задаргаа гэдэг нь эрэг боолтод нь хүртэл зардал үнийг нь тогтоо гэж шаардсан. Бидний зүгээс хийсэн ажлаа цахилгаан шатны паспорт дээр чинь бичээд явна. Харин энэ задаргаа гэдэг зүйл чинь болохгүй гэсэн саналыг тавьж байсан. Бид хариуцагчид ерөнхий задаргаагаа өгсөн. Бид их засварын ажлаа дуусаад ирэхэд хариуцагч хаалгандаа домофон систем тавиад бид ч орж чадахаа байгаад эхэлсэн. Бид ажил хаяж яваагүй. Захиалагч  ажлаа хүлээж авахгүй зугатаасан тул бид аргагүйн эрхэнд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан тухайн зассан лифтүүдийн ажиллагаа хэвийн байгааг шалгаад өгөөч гэсэн бичиг хүртэл явуулж байсан. Олон удаа тус СӨХ-нд албан бичиг хүргүүлж байсан. Ажлын хөлс 6 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Хан-Оргил" Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 7 дугаар хэсэгт байрлалтай 62, 63, 64 дүгээр байрнуудад тавигдсан 6 ширхэг лифтийг 2008 онд  “Цагаан- Арал” компани угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. “Хан- Оргил” СӨХ 2011 оны 03 дугаар сараас оршин суугчдын санаачилгаар байгуулагдан одоо хүртэл ажиллаж байна. Бид Шанхайн лифтний үзэсгэлэнд оролцож 6 000 000 төгрөгийн сэлбэгүүдийг Шанхай, Бээжингээс олж ирсэн. “Цагаан Арал” ХХК нь уг лифтүүдийг бүрэн засвар хийж байнгын ажиллагаатай байлгахад мөн засварын ажлыг хийхэд 11 000 000 төгрөг орно гэсэн. Бид аль лифтэд ямар засвар хийх шаардагатай болох, шаардлагатай үнэлгээ сэлбэг материалынхаа жагсаалтыг гаргаж гэрээндээ тусгаад гэрээгээ аваад ир гэсэн шаардлага тавьсан боловч ийм гэрээ авчирч өгөөгүй. “Цагаан Арал” ХХК-ийнхан бид өөр газар угсралтын ажил хийж байгаа гээд хаяад явсан. Түүнээс хойш 10 хонолгүй лифтүүд гацах, явахгүй зогсох зэрэг саатал гарч ирсэн учир бид тус байранд байдаг механик инженер болон лифтний дамжаа дүүргэсэн өөрийн ажилчин зэрэг хүмүүсээр тухайн лифтүүдийг янзлуулан ажиллуулж байгаад мэргэжлийн компанитай гэрээ хийж, “Цагаан Арал” ХХК-ийн дутуу хийсэн ажлыг гүйцээн засварлуулсан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа ажлыг 2 cap орчим хугацаанд хийж гүйцэтгэсэн нь үнэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч аман гэрээ хүчинтэй гэж байна. Гүйцэтгэгч, хариуцагч нар нь хоёулаа зөвшөөрөөд гарын үсэг зураад тамга дараад, хийх ажлынхаа жагсаалтыг бичсэн тохиолдолд албан ёсны гэрээ болж мөнгө, төгрөг авалцаж өгөлцөх ёстой. Би “Хан-Оргил” СӨХ-ны аж ахуйн даргын хувьд ажил дээрээ байнга байж байдаг. Бид 6 ширхэг цахилгаан шатанд ямар ажил хийх гэж байгаа талаараа албан ёсны жагсаалтыг нь аваад хүрээд ир дараа нь гэрээгээ баталгаажуулъя гэж хэлсэн. Гэтэл өөрсдөө жагсаалт ч байхгүй гэрээ ч гэсэн авч ирээгүй. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 35 тоот албан бичгээр 6 000 000 төгрөгийн ажлыг хийлгүй зогсоосон болохыг албан ёсоор мэдэгдэж бичиж өгсөн. Ийм учраас бид нэхэмжлэгч талаас зарим нэг зүйлсийг буцааж авах ёстой гэж үзэж байгаа. “Маёоттэ” ХХК-ийн гаргаж өгсөн тодорхойлолтоор 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр анх лифтүүдийг хүлээж авах үед байсан зөрчил доголдолтой байсныг нотолсон. Тухайлбал 63 дугаар байрны 1 дүгээр орцын цахилгаан шатны эсрэг ачаа замаас гарсан ноцтой осол гарсан  талаар бичсэн байгаа. Ийм ажил хийчихээд биднээс мөнгө нэхээд байгааг нь би ойлгохгүй байгаа. Мөн ажил хүлээн авсан албан ёсны акт байхгүй. Бидний зүгээс боолтоор нь задаргаа гарга гэж огт шаардаагүй. 5 000 000 төгрөгт xийсэн ажил, үлдэх 6 000 000 төгрөгт хийх ажлын жагсаалтыг л шаардсан боловч гаргаж өгөөгүй. Харин одоо эцэст нь ажлын жагсаалт гээд 11 000 000 төгрөг дээр багтаасан зүйл бичсэн байна. Үүнийгээ тухайн үед өгөөгүй, түүнээс харахад тэнд нь одоо ч гэсэн хийгээгүй ажлууд байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлиийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар "Цагаан Арал" ХХК-ийн "Хан-Оргил" СӨХ-оос ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжпэгчэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогс хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Цагаан-Арал” ХХК-ийн төлөөлөгч Э.Мэндсайханы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдодлдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгийг үндэслэн ажил гүйцэтгэгч ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хөлс төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэж чадаагүйг харуулж байна. Учир нь манай талаас ажлыг 2015 оны 02 дугаар сарын сүүлээр бүрэн дуусгасан бөгөөд захиалагч талаас ажлыг хүлээн авахгүй байсан ба бидний зүгээс өөрсдөдөө байгаа боломжийг ашиглан лифтийг хүлээн авах эрх бүхий төрийн байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт удаа дараа амаар болон бичгээр энэ тухайгаа учирлан бичиж, лифтийг өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл бид захиалагчтай хэлэлцэн тохирсон 11000 000 төгрөгийн засварын ажил хийгээд дуусаад ажлаа шалгуулах гээд хандсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа манай талыг ажлаа цагаан сарын өмнө дуусгасан, үүнээс хойш 20 хоногийн дараа лифт нь унаж ноцтой осол гарсаан гэх атлаа энэ талаараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт мэдээлээгүй байдаг. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчийн хариу албан тоотоос харахад ч бэлтгэл ажиллага хангагдаагүй учир хүлээж авах боломжгүй гэсэн байдаг. Дээрх Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болох н.Буйданг шүүхэд гэрчээр дуудуулах хүсэлт гаргаж улмаар тус хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэсэн атлаа н.Буйдангийн мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангуулах үүргээ шүүх биелүүлээгүй. Тодруулах юм бол гэрчээр өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үнэн зөв болохыг нотлуулан гарын үсгийг нь зуруулаагүй байдаг. Энэ бол шүүхийн үүрэг байтал угаасаа нотлох баримтаар үнэлээгүй тул гарын үсэг зурсан эсэхийг харгалзаагүй гэх мэт хуулийг илтэд зөрчин дүгнэсэнд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хасэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Цагаан-Арал” ХХК нь хариуцагч “Хан-Оргил” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 6 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…Ажил гүйцэтгэгч ажлаа гүйцэт хийгээгүй. Цахилгаан шат угсрах ажилд нь доголдол илэрсэн. Засвар хийгээд явснаас нь хойш 10 хоногийн дараа осол гарсан” гэж маргажээ.

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч “Цагаан-Арал” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 62,63,64 дүгээр байрны 6 ширхэг Альфа маркийн цахилгаан шатыг засварлах ажлыг гүйцэтгэхээр, захиалагч “Хан-Оргил” сууц өмчлөгчдийн холбоо нь ажлын хөлсөнд 11 000 000 төгрөг төлөхөөр амаар гэрээ байгуулсан, ажлын хөлсний урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлөгдсөн үйл баримтад талууд маргаагүй.

Талууд гагцхүү ажил бүрэн хийгдсэн эсэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар маргажээ.

Зарим шаардлагатай сэлбэг олдоогүй тул 6 000 000 төгрөгийн ажлыг хийлгэхгүй зогсоосон гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч “…нийт ажлын 90 хувийг гүйцэтгээд байхад захиалагч ажлын үр дүнг хүлээж авахгүй байсан тул ажлын үр дүнгээ баталгаажуулахаар Улсын Мэргэжлийн хяналтын албанд, мөн Улсын байцаагч Н.Буйданд хандаж цахилгаан шатыг үзүүлсэн” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар Н.Буйдангаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 43-44 дүгээр хуудас/

Анхан шатны шүүхээс захирамжийн биелэлтийг хангаж гэрчээр Н.Буйданг асуухдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйл 43.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан хариуцлагын талаар сануулж гарын үсэг зуруулаагүй, өгсөн мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг баталгаажуулж мөн гарын үсэг зуруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болоод нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх журмыг ноцтой зөрчжээ. Түүнчлэн анхан шатны шүүхээс гэрч Н. Буйдангийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үр дагаварт хүргэжээ.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, хэргийн үйл баримт, хууль хэрэглээ, нотлох баримтын талаар дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Цагаан-Арал” ХХК-ийн төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                             Ш.ОЮУНХАНД